Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани ХУУЛЬ ЗӨРЧИЖ байна уу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани ХУУЛЬ ЗӨРЧИЖ байна уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани ХУУЛЬ ЗӨРЧИЖ байна уу

2022 оны 11 сарын 21

Arslan.mn

Дархан цаазат, тусгай хамгаалалттай Богдхан уулын талбайн хэмжээ 42 192.36 га-г эзэлдэг. Үүнээс нэлээд хэсэгт нь үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын алдаа завхрал, ашиг сонирхлын зөрчлийн улмаас орон сууцын хороолол барьж, хүн ам суурьших болсон билээ. Нийслэлчүүдийн хөрөнгө мөнгөний боломжтой хэсэг нь Зайсангаар тогтохгүй бусад олон аманд барьсан орон сууц, хаус хороололд амьдрахыг зорьж буй эрэлт, хэрэгцээнд тулгуурлан барилгын компаниуд Богдхан уулын дархан цаазат бүсэд аялал жуулчлал нэрийн дор, албан тушаалтнуудад хээл хахууль өгч байж газар олж аваад, түүнийгээ зориулалт бусаар ашиглах болсныг бүгд мэдэж байгаа. Харамсалтай нь хариуцсан яам, нийслэлийн удирдлага юу ч хийж чадахгүй, авсан газраа зориулалт бусаар ашиглаж буйг нь харсаар байж ус балгасан мэт дуугүй өнгөрөөж, орон сууцуудыг нь ашиглалтад оруулах болсон. Уг нь төр, засаг Богдхан ууланд газар олгохгүй, ухаад орхисон талбайд холбогдох аж ахуйн нэгж, иргэнээр яаралтай нөхөн сэргээлгэх арга хэмжээ авхуулна гэх мэтээр ярьдаг ч бодит байдал дээрээ ажил хэрэг болсон нь үгүй.

Өдгөө УИХ, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд орон сууцын олон давхар барилга барьж буй нь Засгийн газрынхаа эсрэг ажиллаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц шийдвэр гаргуулахаар улайрах болсон нь хачирхалтай.

Arslan.mn

Чухам юунаас үүдэн ийн бичих болов гэдгийг доор тодруулан хүргэе.

ЗАЙСАНГИЙН ТҮГЖРЭЛ УЛАМ НЭМЭГДЭНЭ

Зайсан толгойгоос урагш, иргэд Богд уул руу алхахаар очдог Дугуй цагаан орох замд, албан ёсны нэршлээр бол Ар Зайсангийн гудамжинд өндөр хүчдэлийн шугамтай зэрэгцээд олон өргөгч цамхаг босгож, барилга барьж эхэлсэн. Энэ бол Увс аймгаас төр түшилцэхээр хэдэнтээ сонгогдсон, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан “Хурд групп” ХХК-ийн хамаарал бүхий “Гобиресурс хилл” гэх компанийн барьж буй орон сууцууд. “Нарны хороолол”, “Хүннү” зэрэг орон сууцын хороололтойгоо адил тус бүр нь25 давхар 16 блок барилга энд барьж эхэлснийг барилгын талбайд ажиллаж буй ажилчид нь хэлж байгаа юм. Энэ орон сууцын хороолол ашиглалтад орсноор Зайсангийн түгжрэл улам нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс ойр хавийн оршин суугчид, Богд ууланд алхдаг иргэд ихэд дургүйцэн “Б.Чойжилсүрэн Засгийн газрынхаа эсрэг ажиллаж, түгжрэлийг улам нэмэх гэж байна. Засгийн газраас нийслэлийн авто замын хэт ачаалал, түгжрэлийг багасгахын тулд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг хот хариуцсан сайдаар томилчихоод байгаа. Гэтэл Б.Чойжилсүрэнгийнх нь аж ахуйн нэгж Зайсан орчмын түгжрэлд нэрмээс болохоор олон айлын сууц зөвшөөрөлгүй барьж эхэллээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлж буй юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зайсангийн гудамж дахь авто замууд ачаалал, түгжрэл ихтэй байсныг ууланд алхчихаад бууж буй иргэд бүгд мэдэрцгээсэн. Цас орж, авто зам халтиргаа гулгаа ихтэй байсныг ч хэлэх үү, жолооч нар маш бага хурдтай явсан нь ч түгжрэлд нөлөөлсөн биз.

Иргэд, оршин суугчид ийнхүү унтууцах нь аргагүй. Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий дээрх орон сууцын хорооллын нэг давхарт зургаан айл амьдарна гэж тооцвол 25 давхар, 16 блок байранд ойролцоогоор 2400 өрх аж төрнө гэсэн үг. Нэг айл 1-2 автомашинтай байна гэж үзвэл дунджаар 3600-гаад тээврийн хэрэгсэл ганцхан хорооллоос гарах нь. Зайсан орчмын авто замууд хоёрхон эгнээтэй. Уг замд нь 3600 автомашин нэмэгдэхээр тэр хавийн оршин суугчид хаашаа ч хөдөлж чадахгүй болж болзошгүй.

Түгжрэл үүсэж буй шалтгааныг төлөвлөлтгүй, барилга ихээр барьснаас болсон гэдгийг мэргэжлийн байгууллагын судлаачид судалж тогтоочихоод байгаа. Тодруулбал, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном-2021”-т“Улаанбаатар хотод төлөвлөгдөөгүй барил га асар ихээр баригджээ. Барилгын хэмжээ 1980 оноос 3.5-5 дахин нэмэгдсэн боловч замын үндсэн сүлжээ 1970 оныхоор байна. Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм (БНбД)-ийн холбогдох заалтыг мөрдөж байсан бол өнөөгийн тээврийн хэрэгслийн ачаалал, түгжрэл өдий хэмжээнд хүрэхгүй. Хот төлөвлөлт нь замын хөдөлгөөний зохион байгуулалт, түгжрэл гацааны суурь нөхцөлийг бүрдүүлдэг ажээ” хэмээсэн байгаа юм. Төлөвлөлтгүй ба рьж буй барилгын тоонд дээрх төрийн түшээгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан орон сууцууд орох нь гарцаагүй. Зайсан дахь төлөвлөлтгүй барилгуудын ард авлига, ашиг сонирхлын зөрчил л бий гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Дархан цаазат ууланд аялал жуулчлалын зориулалтаар л үйл ажиллагаа явуулах хуулийн заалтыг зөрчин орон сууцууд олноор барьсан, одоо ч босгож байгааг хэн хүнгүй харж буй ч ашиглалтад оруулж, хүлээн авдаг нь хээл хахууль байдгийг илтгэнэ. Бодит жишээ болсон нэг бус хүнийг АТГ-ынхан илрүүлэн шалгаж, нөгөөдүүл нь хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэхээр хандсан удаатай. Гэвч улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хамгаалалтад байдаг барилгын компанийн эзэд үүнийг үл ойшоон, мөнгө цагаан, нүд улаан гэгчээр зүтгэсээр, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар буйг өдгөө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хараагүй, сонсоогүй гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. МАН хэмээх малгай дор нэг Засгийн газарт ажиллаж байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын болон хот хариуцсан сайд нь ус балгасан мэт дуугүй сууж буй биз. Хотын дарга нь ч мөн адил нэг намынх гэдэг улс төрийн шалтгаанаар юу ч хэлж чадахгүй байгаа бололтой.

Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Богдхан уулаа барилгажуулалгүй авч үлдэх томоохон алхам хийгдлээ. Богдхан уулын хамгаалалтын бүс 22 896 га байсныг тэлж, 5562 га газраар нэмэгдүүлэн, 28 458 болгон өргөтгөж, нэмж хамгаалалтад авах шийдвэрийг БОАЖЯ-наас гаргалаа. Барилгажаад буй хязгаарлалтын бүс 12 453 га нь 5562 га газраар багасаж, 6891 га болж хумигдлаа. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5562 га газрыг хамгаалж үлдлээ” хэмээж байсан нь саяхан. Гэтэл барилгажаагүй байсан талбайд нь Засгийн газрын нэг танхимд суугаа сайдынх нь хамаарал бүхий компани зөвшөөрөлгүй гэхэд хилсдэхгүй орон сууц босгож байгаа юм.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
642525
2 эможи

Иргэн
2022-11-22 03:45
Хэтэрхий олон давхар , олон хүнтэй новшийн юм барих ююмаа
keyboard_arrow_up