Р.Отгонжаргал : Гаалийн байгууллагаас нүүрсний экспортын бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах ажлууд ХИЙГДЭНЭ
2022 оны 12 сарын 21
Өнөөдөр төрийн ордонд Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Энэ үеэр Гаалийн Ерөнхий газрын даргын үүргийг гүйцэтгэгч Р.Отгонжаргал нүүрс экспортын үйл ажиллагаанд гаалийн байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгандаа Гаалийн Ерөнхий газраас нүүрсний экспортын бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр дараах 5 ажлыг хэрэгжүүлнэ гэв. Тухайлбал,
- Шивээхүрэн, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтуудад нэвтрүүлж буй ухаалаг гарцын системээр тээврийн хэрэгслийг хүний оролцоогүй бүртгэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэх. Гаалийн ерөнхий газрын Шуурхай хяналт, удирдлагын төвийн болон хөндлөнгийн хяналтыг тавих боломжийг бүрдүүлэх. Энэ хүрээнд ухаалаг гарцын бүртгэлийн системийг Хил хамгаалах ерөнхий газартай холбох ажлыг нэвтрүүлэх эрх зүйн болон техникийн нөхцөл, боломжийг тодорхойлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
- Нүүрс экспортлох үйл ажиллагаанд хяналт тавих рентген төхөөрөмжүүдийг Гаалийн ерөнхий газрын Шуурхай хяналт, удирдлагын төвтэй холбох, телекамерын давхар хяналт тавих техникийн нөхцлийг бүрдүүлсэн.
- Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн системийн хүрээнд гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг татварын байгууллага, гааль, татварын мэдээлийн технологийн төвтэй хамтран боловсруулж гаалийн бүрдүүлэлтийн цахим системд холбох бэлтгэл ажлыг хангасан. Үүний үр дүнд нүүрс экспортолж буй аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны гэрээнд заагдсан тоо хэмжээнээс экспортын бүрдүүлэлт хийгдэх тухай бүрт хасалт хийгдэж, гэрээний үлдэгдлийг цахимаар хянах, гааль татварын мэдээллийн нэгдсэн системд чиг үүргийн байгууллагууд бүртгэл хийж, хяналт тавих боломж бүрдэж байна. Энэ ажил 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
- Гаалийн төв болон салбар лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр, нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүний чанарын иж бүрэн шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар хийх боломж бүрдэж байна. Гаалийн төв лаборатори нь БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сард магадлан итгэмжлэл авснаар Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг БНХАУ-д хүлээн зөвшөөрөх боломжтой болсон. Энэ нь нүүрсний экспортын үйл ажиллагаанд тавих хяналтыг түргэн шуурхай болгох, экспортоор гаргаж буй нүүрсний чанар, орц найрлагад үндэслэн ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг бодитой тооцож, төвлөрүүлэх ач холбогдолтой.
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулалгүй, экспортын ашигт малтмал, нүүрс зэрэг бараанаас автоматаар дээж сорьц авч, үнслэг, чийглэг, илчлэг болон зарим дагалдах химийн элементүүдийн агууламж тодорхойлох тоног төхөөрөмжийг Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган зэрэг автозамын 6 боомтод суурилуулахаар төлөвлөснөөс эхний төхөөрөмжийг Шивээхүрэн боомтод 2022 онд суурилуулж, туршилтын журмаар ашиглаж эхлээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643619
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: