Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давсан нь энэ хэмжээний далд эдийн засаг “ил болсон“ гэсэн үг Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давсан нь энэ хэмжээний далд эдийн засаг “ил болсон“ гэсэн үг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давсан нь энэ хэмжээний далд эдийн засаг “ил болсон“ гэсэн үг

2023 оны 6 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье.
 
Одоо бид холбогдох хууль тогтоомжоор төлөөллийн төв байгууллагад олон нийтийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх түүхэн хариуцлагын өмнө байна.
 
Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд төвлөрч, суурь реформуудыг зоригтой шийдвэрлэхэд илүү цаг зарцуулж, ажил хэрэгч хандах шаардлагатай байна.
 
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгох, системийн авлигыг бүхэлд нь халах “5 Ш” цогц ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай эхний үр дүнгүүд гарч байна. Нэг үгээр хэлбэл, авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч эхэллээ.
 
2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарлаа.
 
Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт бол хоосон тоо биш юм. Нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.
 
Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа.
 
Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг бид мартаж болохгүй.
 
Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдсэнээр Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна.
 
“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэг үг бий. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг Та бид хэзээ ч мартаж, бас давтаж болохгүй ээ!
 
МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Гагцхүү бид тууштай, сонор сэрэмжтэй, хэрсүү хандаж, эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлэх учиртай.
 
Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна.
 
Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг. Энэхүү үр дүн бол ард иргэд, дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, шударга төрийн албан хаагчид Та бүхний хамтын амжилт гэдгийг онцлон тэмдэглэж байна.
 
”11-11 төв”-д ирсэн санал болон Улсын Их Хурлын гишүүд тойрогт ажилласан үр дүн, суурь судалгаанд үндэслэн ийнхүү давж биелж буй 1.7 их наяд төгрөгийг дараах зүйлд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
 
Нэг. Нийслэлийн түгжрэлийг шийдэх “Холбоос зам”-ын бүтээн байгуулалт
Хүн амын 50 хувь нь амьдардаг их хотын асуудлыг зөвхөн нийслэлд даатгаж, анхаарлын гадна орхисноос үлэмж хэмжээний асуудал ужгиран хуралджээ. Газрын наймаа, төлөвлөлтгүй хотын золиос нь өнөөдрийн нийслэлчүүд болж байгаа нь бодит үнэн юм.
Хүүхдийн талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон үе үеийн албан тушаалтнуудыг Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгож, алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжлэх болно.
Нийслэл хотод өнгөрсөн хугацаанд нийт 1213 км автозам тавьсан боловч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй мухар зам байна. Энэ нь зөвхөн тойргийн эрх ашигт нийцсэн нэгдсэн төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын бас нэгэн сургамж юм.
Засгийн газраас эдгээр мухар замуудыг хооронд нь холбож, тойрог зам болгох “Холбоос зам”-ын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ гол болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгож байна.
Харин нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод суурилж, олон улсын стандартад нийцсэн хүнд ээлтэй хот төлөвлөлтийг олон улсын мэргэжлийн багаар хийлгэж, Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын асуудалд бодлогоор анхаарч буй энэ цаг хугацаанд нийслэлийн удирдлагууд илүү санаачилгатай, шуурхай ажиллах шаардлагатай байна.
 
Хоёр. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл ба нэгдсэн тогтолцоо
Цар тахлын гамшгаас ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдал, улс орны эдийн засгийг аврахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр өдөр шөнийг умартан зүтгэсэн нийт төрийн албан хаагчдадаа Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодитоор хэрэгжүүлэх цөм нь чадварлаг, мэргэшсэн төрийн албан хаагчид Та бүхэн билээ. Төрийн албан хаагч өндөр ёс зүйтэй, өрсөлдөхүйц цалинтай, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх боломжийг цогцоор шийдвэрлэж, Монгол Улсын төр хүний нөөцийн нэгдсэн бодлогын реформыг энэхүү тодотголоор эхлүүлж байна.
Төрийн албан хаагчдын цалин 560 гаруй салангид шатлалыг уялдуулж, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдаас эхлээд тодорхой хэмжээнд бодлогын гадна орхигдсон хөрөөний ир мэт ялгаатай цалингийн тогтолцоог цэгцлэх нь энэхүү тодотголын үндсэн зарчим байлаа.
Салбар бүхэн өөр өөрийн хуулиар цалингаа тогтоолгосноор Монгол Улсын цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт хүрсэн байна.
Төр өөртөө шаардлагагүй үйлчилгээ, төрийн өмчит компаниуд, хэт данхайж давхардсан бүтцээсээ салж байж өрсөлдөхүйц цалинтай, өндөр бүтээмжтэй иргэд болон хувийн хэвшлийн сэтгэл ханамжид хүрсэн авлигаас ангид чадварлаг төрийн бүтээмжийг бүрдүүлэх нь ойлгомжтой.
Төрийн байгууллагуудын цалингийн системийн нэгдсэн реформыг дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,  Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танд талархал илэрхийлье.
Энэхүү тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгалаа. Улсын Их Хурал хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Гурав. Тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд манай Засгийн газар улс орны хөгжил дэвшлийн цөм бол хүний хөгжил хэмээн үзэх болно.
Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ, хамтын ажиллагааг бүх талаар дэмжих нь Монгол төрийн эрхэм үүрэг билээ.
Залуу нас, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулж ирсэн ахмад үеийнхэндээ бид үргэлж талархан хүндэтгэж, ачлан хамгаалах учиртай.
Энэхүү төсвийн тодотголд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэнэ.
Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаа энэ цаг үед бид тэтгэврийн зөрүүг арилгаж буй нь хууль батлагдсан даруйдаа амжилттай хэрэгжих боломжийг бүрдүүлж байна. Цаашид Нийгмийн даатгалын сангийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүр тогтмол нэмэгдүүлдэг байх суурь зарчмыг тусгалаа.
Цаашид ахмадуудынхаа хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй оролцуулах тогтолцооны шинэчлэлийг хийж, ахмад настан гэдэг бол зөвхөн тэтгэвэр авагч гэдэг ойлголтыг өөрчилж, ахмад настан бол мэдлэг, туршлагын хувьд ахлан манлайлах, ирээдүй хойч үеэ халамжлан хүмүүжүүлэх үйлсийн түүчээ байх боломжийг Засгийн газар тууштай дэмжиж ажиллах болно.

Дөрөв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн цогц бодлого
Хүнд ээлтэй нийгмийн тухай ойлголт, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх орчны тухай ойлголт орхигдсоор ирсэн. Одоо бид харах хандлагаа өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэдтэй адил түвшинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахыг Засгийн газар бодитоор дэмжих болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бодлого тодорхойлоход оролцуулах боломжийг бодлогоор дэмжих болно. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад төлөөлөлтэй байж, дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг Ерөнхий сайдын хувьд нээх болно гэдгээ илэрхийлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө удирдах эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх хуулийн тусгайлсан шаардлагыг төрийн бүх худалдан авалтад хуульчлан тусгаж, төрийн бүх шатны байгууллагад ажиллах боломжийг эрхзүйн хувьд нээх болно.
Энэхүү төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгалаа.

Тав. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгоно 
Хүүхдийн мөнгө халамж уу? Байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү? Монгол төрийн хүн амаа өсгөх бодлого уу? Энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирлээ.
Олон улсын байгууллагууд энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн нь бодит үнэн юм. Цаашдаа ч бид энэ асуудалтай нүүр тулна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т, “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан байдаг.
Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд багачууд бөгөөд улс орны хөгжлийн бодлогын суурь ирээдүй рүү чиглэсэн байх учиртай.
Хөгжингүй улс орнуудад өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал  бол төрөлт буурах, улмаар ажиллах хүчний хомсдолд орох асуудал болон хувирч байна. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм гэдэгт улс төрчид нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын байгууллагуудтай нэгдмэл байр сууринаас тайлбарлах нь чухал байна.
Энэхүү төсвийн тодотголоор хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгохоор тусгаж байна. Цаашид хүн амаа өсгөх бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, байгалийн баялгийн шударга хуваарилалт өнөөдөр ба ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримталж ажиллана.
Түүнчлэн, 98 жилийн түүхтэй Хүүхдийн байгууллагын бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангаж, хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжиж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийн ил тод болгож, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын гадаад өрийг төлж барагдууллаа.
 
Товчоор дүгнэж хэлэхэд, завхарсан хариуцлагагүй байдлыг цэгцлэх гэж цар тахал, дайн давхацсан энэ үед хайран цаг хугацааг зарцуулж байна.
Гэхдээ энэ тэмцлийн үр дүн гарч байна. Бид улс орноо дампуурах эрсдэлээс аварч, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэр гаргах боломж бүрдлээ.
Цаашид эхлүүлсэн тэмцлээ хамтын хүчээр үргэлжлүүлж, Шинэ сэргэлтийн бодлогоо бүх нийтээрээ хэрэгжүүлж чадвал, Монгол Улсын эдийн засаг эрүүлжин тэлж, эдийн засгийн тоо иргэдийн гарт бодит мөнгөн орлого болж очсоор байх болно. Энэ бол зөвхөн эхлэл юм.  
Өнгөрсөн хугацааны уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрсөн тухай, мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.    
Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялаг иргэн бүрд тэгш хүртээмжтэй, ил тод байх суурь зарчмыг хатуу баримталж, уул уурхайн аж ахуйн нэгжүүд нээлттэй компанийн засаглалтай байхыг хуульчлан зохицуулах болно. Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд багтаан Улсын Их Хуралд өргөн барих болно.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тодотголын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647968
0 эможи

DR VENKATA 19083082601
2023-06-09 19:35
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap 19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
keyboard_arrow_up