Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР:

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсны дагуу мал эмнэлгийн тогтолцоог шинэчилсэн хэдий ч уг хуулиар мал эмнэлгийн хяналтыг төрийн болон үйл ажиллагааны хяналт гэж хоёр салган баталж, үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хэрэгжүүлэн ажиллаж байсан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, салбарын яамдад нь хяналтын чиг үүргийг шилжүүлснээр мал эмнэлгийн хяналтын нэгдсэн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үүсдэг давхардсан хяналт, хүндрэл, чирэгдлийг арилгах боломж бий болсон.

Иймд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгон, хяналтын талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрх, улсын байцаагчийн эрх, үүрэг, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоход бүрдүүлэх баримт бичиг, тавих шаардлагыг тусган боловсруулжээ.

Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодекст нийцүүлэн хуульд хэрэглэсэн зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн хуулийн төсөлд тусгасан байна.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР:

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бичил биетний хувьсал, олон улсын худалдаанд тавигдаж буй хориг, шинээр болон дахин сэргэж буй хил дамнан тархах эрсдэлтэй өвчнүүдийн дэгдэлт нэмэгдэж, амьтнаас хүнд халдварладаг 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувийг нь зооноз өвчин эзэлж, жил бүр 4-5 халдварт өвчин шинээр бүртгэгдэж байгаагаас 75-80 хувь нь амьтнаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоогджээ.

Иймд мал сүргээ гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнөөс, ялангуяа нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван байдлыг олон улсад баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлж, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын жагсаалтад мал эмнэлгийн албыг нэмэх шаардлага үүссэн байна.

Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дугаар зөвлөмжөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмэхийг Монгол Улсын Их Хуралд зөвлөмж болгосон. Иймд дээрх агуулга бүхий нэмэлтийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР:

Монгол Улсын Их Хурлаас Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн нь монгол малын генетик нөөцийг зүй зохистой, тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн үндсийг бүрдүүлж, мал, түүний төрөл, зүйлийг хамгаалах боломжийг бий болгосон.

Малын генетик нөөцийн төлөв байдлын 2019 оны үндэсний тайлангаар мал сүргийн бодит үнэ цэн 9.2 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлоготой дүйцэхүйц түвшинд байгаа ч цаашид мал аж ахуйд ашиглагдаагүй, үнэлэгдээгүй, өсөн төлжих боломжит нөөц их байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Малын чанар, үүлдэрлэг байдал алдагдаж байгаа нь төдийлөн мэдэгдэхгүй бөгөөд нэгэнт алдагдсан тохиолдолд түүнийг сэргээхэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд маш их хүндрэл бий болдог бөгөөд шинээр үүлдэр, омгийн малыг зохион бүтээхэд 15-25 жил, тухайн малын алдагдсан үүлдэрлэг байдлыг сайжруулахад 5-10 жилийн хугацаа шаарддаг нь мал зүйн шинжлэх ухаанд нотлогдсон байна.

Малын генетик нөөцийн тухай хуульд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанарыг алдагдуулах, бие давжаарах, ашиг шим буурах, өвчин эмгэгт нэрвэгдэх шалтгаан болж байна.

Иймд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийг илүү тодорхой болгох шаардлагатай байна.

Түүнчлэн Малын генетик нөөцийн тухай хуульд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “16.11. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд тавих хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ.” гэсэн зохицуулалт нэмсэн хэдий ч улсын байцаагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой тусгаагүй болно.

Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн улсын байцаагчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт тусгаж, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, сунгахад тавих тусгайлсан нөхцөл, шаардлагыг бодит байдалд нийцүүлэн өөрчилж, үр дүнг тооцох боломжийг бий болгох зохицуулалтыг тусган боловсруулсан байна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР:

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчсөн зарим үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүйгээс уг үйлдэлд хариуцлага тооцох боломжгүй байна. Тухайлбал, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхдээ бүртгэлд хамруулахтай холбоотой үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөнөөс мал, амьтны олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчин тархах, үүнээс шалтгаалан төлөвлөгдөөгүй их хэмжээний зардал гаргахад хүргэсээр байна.

Мөн Зөвшөөрлийн тухай хуульд малыг гадаадад гаргахад төрөл, зүйл тус бүрд нэг удаагийн зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгохоор заасан байхад зөвшөөрөл авалгүйгээр малыг гадаадад гаргах тохиолдол гарсаар байна. Иймд эдгээр асуудлыг тусган Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Arslan.mn

Мал аж ахуйн салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгаснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих боломж бүрдэх юм. Түүнчлэн мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхээс гадна төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648298
0 эможи

keyboard_arrow_up