Хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын тоосонцрын хэмжээ 72%, хүхэрлэг хийн хэмжээ 85% БУУРНА Хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын тоосонцрын хэмжээ 72%, хүхэрлэг хийн хэмжээ 85% БУУРНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын тоосонцрын хэмжээ 72%, хүхэрлэг хийн хэмжээ 85% БУУРНА

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Монгол Улс 2019 оны өвлөөс эхлэн сайжруулсан түлшийг (мидлинг орцтой) нийслэлчүүдийнхээ хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Түүхий нүүрсэндээ угаартаж байсан Нийслэлчүүдийг юм харахтайгаа болгосон гэж хэлж болно. Гэвч сайжруулсан түлшний орц, гол түүхий эд болох медлингийн хэлбэлзлээс болоод жил ирэх тусам утаа буурахгүй нэмэгдэх, нүүрсхүчлийн хий нь мөн илтэд нэмэгдэх болсон. 

Тэгвэл Засгийн газраас 3-р шатлалын нүүрс гэгдэх хагас коксжуулсан нүүрсийг олон улсын жишгийн адил хэрэглээндээ ойрын хугацаанд нэвтрүүлэхгүй бол утаа дорвитой буурахгүй хэмээн үзэж арван сарын хугацаанд судалгааг явуулжээ. 

Засгийн газар, ЭХЯ-аас хагас коксжуулсан нүүрсийг утааны ид үе болох 12 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 01 хүртэлх 45 хоногийн хугацаанд турших саналыг Нийслэлд хүргүүлээд байгаа юм. 

Улаанбаатар хотод 230 орчим мянган өрх нүүрс түлж байна. 2019 оноос эхлэн сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр төрөөс жилдээ 50 тэрбум төгрөгийг татаасыг гаргадаг байна. 

Тэгвэл ирэх өвөл БНХАУ-аас хагас кокжуулсан нүүрсийг 45 хоногийн хугацаанд хэрэглээнд нэвтрүүлж, судалгаа тооцооллын дагуу утаа одоогийнхоос хоёр дахин буурах эсэхийг судлахаар яригдаж байна. Үүний тулд БНХАУ-аас мидлингийн оронд хагас коксжуулах түүхий эдээ татаж Таван толгой түлш ТӨҮГ дээр үйлдвэрлэлд оруулан сайжруулсан түлш шигээ түгээх аж. Өөрөөр хэлбэл түүхий эдээ л БНХАУ-аас авч байгаа болохоос бусад үйлдвэрийн шат дамжлага нь Тавантолгой түлш ТӨҮГ дээрээ явагдах аж. Уг зардалд 127 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн албаны тооцоолол гарчээ. 

 Хагас коксжуулсан түлшийн  судалгааны багийн үр дүнгээс танилцуулья! 

Ажлын хэсгийн хүрээнд хагас коксжуулсан нүүрсийг туршиж, 97 удаа галлагаа хийсэн бөгөөд  туршилтын дүнд хагас коксын орц 100 хувьтай байх нь зүйтэй гэж үзээд нийт 40 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Мөн хүний эрүүл мэнд, орчны хор уршгийн нөлөөллийг тодорхойлохоор лабораторийн шинжилгээнд 6 удаа хамруулсан байна.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 45 хувь, хүхэр 57 хувь, үнслэг 37 хувиар бага гарсан. Хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдож байгаа юм.

2023-2024 оны өвлийн улирлын арванхоёр, нэгдүгээр саруудад хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг айл өрх хэрэглэснээр нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт 2022 оны мөн үетэй харьцуулбал aгаарт хаягдах :

  • Тоосонцрын хэмжээ 72 хувь
  • Хүхэрлэг хийн хэмжээ 85 хувь
  • Угаарын хийн хэмжээ 10 хувь
  • Азотын исэл 23 хувиар тус тус буурах аж.

"Зургаан лабораторид 100 гаруй дээж өгч, "аюулгүй" гэсэн  үр дүнг гаргаж ирсэн"

Arslan.mn

Судалгааны баг агаарын бохирдол нь хүнд байсан улс орнуудын туршлагыг судалж үзжээ.

Энэ талаар тэд хэлэхдээ "Английн Лондон хот, БНСУ-ын Сөүл, Хятадын Бээжин хотын туршлагатай очиж танилцаж судалсан. Ойлгомжтой байгаа нэг зүйл нь, дээрх улс орнуудын туршлагаас харахад одоо хэрэглэж байгаа түлшнийхээ түүхий эдээс бид салах шаардлагатай юм байна. Одоо байгаа миддлингийг дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн буюу хагас коксоор солих хэрэгтэй.

Миддлингтэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2,4 дахин, дэгдэмхий 22-оос 10.5 болж буурч байгаа. Хорвуу чанарууд нь буурсан туршилтыг бид хийж үзсэн. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөгийг зарцуулсан. Энэ хугацаанд БНХАУ-д хэд хэдэн туршилт хийсэн. Зөвлөх баг авч ажиллуулсан.

80 тонн хагас коксжих нүүрс оруулж ирж Тавантолгой түлш компанид авч ирж барьцалдуулагч ашиглаж дөрвөн төрлийн түлш хийж үзсэн. Зургаан лабораторид 100 гаруй дээж өгч, дээр дурдсан үр дүнг гаргаж ирсэн.

Тодруулбал, 2023-2024 оны өвлийн улирлын 12, 1-р саруудад хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг айл өрх хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт 2022 оны мөн үетэй харьцуулбал aгаарт хаягдах тоосонцорын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-иар тус тус буурна гэдэг нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.

Утаа  2 дахин буурах  боломжтой гэсэн хүлээлтийг лабораторын урьдчилсан үнэлгээнд суурилан тавиад байна. Хагас коксоор утааг бууруулсан улс орнууд тухайн цаг үедээ 7-10 жил хэрэглэсэн байдаг. Дийлэнх нь одоо ч гэсэн хэрэглэж байгаа.

Ийм л стандарт, ийм л түлш хэрэглэж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Ажлын хэсэг  3 үе шаттай агаарын бохирдлыг бууруулах аргыг тооцолж үзжээ. Үүнд:

  • Нэгдүгээрт, хагас коксжих нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх,
  • Хоёрдугаар, Улаанбаатар хотод хагас коксжсон түлший үйлдвэртэй болох, хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгож, шахмал түлшний хэрэглээг бууруулах,
  • Гуравдугаарт, урт хугацаанд буюу 2025-2050 онд барилгажуулалт, дагуул хотуудыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах ажлын төлөвлөгөөтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650083
1 эможи

Зочин
2023-08-26 07:36
Одоо хэн итгэхэв дээ, наад тоонд чинь
Заас
2023-08-25 15:10
Баахан айлууд ын зуухан дүүлхүүү
keyboard_arrow_up