ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан ШИЙДВЭРҮҮД ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан ШИЙДВЭРҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан ШИЙДВЭРҮҮД

2023 оны 9 сарын 06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.  

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан буюу хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа ажээ.

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362  дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр дамжсан хэлцэл, гэрээг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэхийг холбогдох хүмүүст даалгалаа.
Гадаад валютын албан нөөц 2023 оны наймдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 933 сая ам.долларт хүрч, 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 41 хувиар өссөн байна. “Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд 2023 он гарснаас хойш нийт 2.5 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.

Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт 4,966 мянган тонн нүүрсийг нээлттэй арилжсан бөгөөд үүнээс 3,110 мянган тонн нүүрсийг цахим арилжаагаар, 1,856 мянган тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр тус тус арилжсан байна.

Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад баримт бичигт шүүх эрх мэдлийн хөгжил, шинэтгэлийн талаар дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын зорилго, зорилт, арга хэмжээний саналыг боловсруулжээ.
Төсөлд шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, шүүхийн хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тусгажээ.

Товч мэдээ

Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төмөрбаатарын Сүхболдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо. Хурандаа Т.Сүхболд 2020 оноос Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцлөхөөр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650561
0 эможи

keyboard_arrow_up