Д.Амарбаясгалан: Хотын орлогч З.Төмөртөмөөг ЗГХЭГ-аас шалгаж байгаа
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шалгаж байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Мөн түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан "Улаанбаатар марафон" гүйлтийн тэмцээнд 07777 дугаартай оролцож олны шүүмжлэлд өртсөн.
Саяхан тэрбээр хараагүй иргэдийг доромжилсон хэрэгт нэр холбогдоод байсан. Тодруулбал, энэ талаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны УЗ-ийн гишүүн Б.Ганзориг хэвлэлийн хурал хийж, "Нүүр нүүрээ харж байгаад яръя” хэмээн хэлсэн тухай нь олон нийтэд мэдээлсэн. Үүний дараа Хотын орлогч З.Төмөртөөмөө уучлал гуйж, уулзсан байдаг.
Хамгийн сүүлд есдүгээр сарын 01-нд шинэ хичээлийн жилийн нээлтийн өдөр хүүхдийнхээ ангийн багшид үнэт эдлэл бэлэглэн, мөн "дарга нараасаа түрүүлж ажилдаа ирдэг бай" гэх утга бүхий пост бичсэн нь шүүмжлэлд өртөж байв.
Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Шалгалтын дүн одоогоор надад ирээгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй зүй бусаар харьцсан гэсэн гомдол ирсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.