Б.Дэлгэрсайхан: Богино хугацаанд Монголын нөхцөлд тохирсон автобус авах боломжийг судална
Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тэрбээр " Хамгийн богино хугацаанд Монгол орны нөхцөлд тохирсон нийтийн тээврийн хэрэгсэл авах боломжтой эсэхийг судална. Гэхдээ яг одоо ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд эрт байна.
Намайг аж ахуйн ажил хийчих болов уу гэж энэ албан тушаалд томилж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн. Хотын ажил чинь аж ахуйн ажил шүү дээ.
Миний хамгийн тулж, түшиж ажиллах хүний нэг бол хотын дарга. Энэ хүнтэй ойр ажиллаж байж л ажил урагшилна.
Би үнэндээ цахим орчны хэрэглээнд тааруу. Твиттер, фейсбүүк ашигладаггүй.
Ойлгож ажиллахын төлөө хичээнэ. Би чинь монгол ахуйд ажиллаж амьдраад өдий зэрэгтэй болсон монгол хүн шүү дээ. Тэр дундаа Улаанбаатар хотод 20 гаруй жил бизнес хийсэн хүний хувьд орчноо мэдэрнэ." гэв