Улсын хэмжээнд хүүхдийн асрамжийн 33 төвд 1,000 орчим хүүхэд хүмүүжиж байна
Засгийн газрын шийдвэрийг танилцуулах мэдээллийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн Хүүхэд хамгааллын хуулийн талаарх танилцуулга хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, осолд аваарт орж байгаа тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа.
Монгол Улсын хувьд 1.2 сая хүүхэд байна. Нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлж байгаа. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд амьдардаг хүүхэд нийт хүүхдийн 36 орчим хувийг эзэлдэг.
- Хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76,000
- Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14,000 орчим хүүхэд байна.
Монгол Улсын хэмжээнд 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, бас хүүхэд хамгаалах бүтэцтэй болсон.
Энэ хууль шинэчлэн батлагдаад асуудал өргөс авсан юм шиг шийдэгдэхэд амаргүй юм.
- Нэгдүгээрт гэр орны нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээ хийдэг.
- Хоёрдугаарт хүүхэд хамгааллын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, осол аваарт орсон, бие махбодын хүчирхийлэлд өртсөн, сэтгэл санааны дарамтад орсон хүүхдүүдтэй тулж ажиллах үйлчилгээг төрөөс зайлшгүй үзүүлдэг байна.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн
- 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран амьдрагчдын зүгээс үйлдэгддэг.
- 23 орчим хувь нь боловсролын байгууллагуудад заримдаа багш сурган хүмүүжүүлэгчид, үе тэнгийнхээс нь үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байдаг.
- 6.9 хувь нь бусад орчноос үйлдэгддэг.
Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг оргил үедээ буюу 2022 онд 700-1,500 орчим болсон. Хүүхэд өөрөө хохирогч болсон тохиолдол 1,000-2,000 орчим байна гэх тоон үзүүлэлтүүд гарсан. Гэхдээ хөршүүд нь манай хажуу айлын хүүхэд хүчирхийлэлд өртөөд байх шиг байна гэх дуудлага мэдээлэл маш сайн өгдөг болсон" гэв.
21 аймаг есөн үүрэг түр хамгаалах байртай болсон. Улсын хэмжээнд хүүхдийн асрамжийн 33 төвд 1,000 орчим хүүхэд хүмүүжиж байна.
Түүнчлэн "Хүүхэд хамгааллын хуультай холбогдуулан хүүхдийг төрсөн цагаас нь төрсний гэрчилгээ олгохтой зэрэгцээд хүүхэд хамгааллын цахим системтэй болно. Ингэхдээ,
- Боловсролын нийгмийн ажилтан
- Хорооны нийгмийн ажилтан
- Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Гэр бүл, хүүхэд хөгжлийн байгууллага ханддаг болно.
Өөрөөр хэлбэл хүүхдийн гэр оронд нь зөрчлийн хэрэг давтагдвал үүсвэл анхааралдаа авч дээрх ажилтнууд давхар шалгалтууд хийгддэг тогтолцоо үүсэж байна гэсэн үг. Жишээлбэл хөдөө орон нутагт нэг хүүхэд хүчирхийлэлд өртөөд Улаанбаатар хотод ирэхээр нь мэддэггүй. Дээрээс нь удаа дараалан сургуулийг сольчихдог. Гэх мэтээр бүртгэлгүй хүүхэд эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг.
Сум болгон хүүхдийн асуудал хариуцсан тусгайлсан мэргэжилтэнтэй болно.Суманд малын чиглэлээр таван хүн ажиллаж байгаа мөртлөө хүүхдэд чиглэсэн нэг ч хүн байхгүй байна гэж өмнө нь ч хэлж байсан" гэв.