Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлнэ
"GoMongolia" үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр үгийнхээ эхэнд өнгөрч буй 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн.
Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглээд аялал жуулчлалын салбарынханд талархал илэрхийллээ.
2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүрчээ. CNN, National Geography зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Үүний үр дүнд Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.
Түүнчлэн 2023 онд эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, нийт экспортын орлого цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давсан, ДНБ 63.3 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам.долларт хүрсэн төдийгүй Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан зэрэг эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг тэмдэглээд эдгээр өсөлтийн үр дүнд “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн "Монголчуудын оюун санааны ертөнцөд болсон томоохон үйл явдал буюу 266 жилийн дараа монгол Богдтой болж, Гүюг хаан хариу захидал илгээснээс хойш 777 жилийн дараа Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын пап Францис анх удаа Монгол Улсад айлчилсан, тогтолцооны реформ хийснээр жалга довын үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан шинэ 30 жилийг эхлүүлсэн зэрэг нийгмийн томоохон үйл явдлуудыг дурдаад “Welcome to Mongolia” уриатайгаар эхэлсэн 2023 он Монгол Улсын түүхэнд реформын хэмээх тодотголтойгоор үлдэх он болж өнгөрлөө" гэв.
Тэрбээр Монгол Улс 2023 онд олон улсад “Welcome to Mongolia” үндэсний брэндийг тунхаглаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих бодлогыг дэвшүүлэн, төр, хувийн хэвшил түншлэлийн хамтын ажиллагааны эрхзүйн орчноо тодорхой болгож, маркетингийн зардлуудаа нэгтгэж, олон улсын тавцанд хамтран ажиллах томоохон амбицыг санаачилсан.
Харин 2024 онд Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлан, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ хэмээв. Энэ нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байна" хэмээлээ.
MonGOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа аж. Түүнчлэн Монгол бол эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, Монгол үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд, Монголд зочилж шинийг мэдэр зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж судлаачид үзжээ.