С.Чинзориг: Галд өртөж, биеийн 80-90 хувь нь түлэгдсэн гурван иргэн маш хүнд байна
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж дуусаад Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Одоогоор ГССҮТ түүний харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувийн түлэгдэлтэй. Хоёр иргэний биеийн байдал хүнд буюу 35-45 хувийн түлэгдэлтэй. Таван иргэний биеийн байдал хүндэвтэр буюу 15-18 хувийн түлэгдэлтэй.
Эрүүл мэндийн салбар байгууллагууд хүн хүч болон эм тарианы нөөц бололцоогоороо ажиллаж байна.
Эмчилгээний тасалдал, саад үүссэн асуудал байхгүй. Зочид буудалд түр байрлаж байгаа иргэдэд сэтгэл санааны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 119 тусгай дугаараар зөвлөмж, зөвлөгөө өгөх долоон оператор ажиллуулж байгаа" гэв.