А.Л.Оверчук: Эрчим хүч, уул уурхай, банк санхүүгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.
ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин болон дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ хэмээн Засгийн Газрын ХМОНХХ-ээс мэдээлэв.