Л.Оюун-Эрдэнэ: “Богд уулыг нүхлээд тунель гаргачих“ зоригтой сайд байгаагүй, бүх зүйлд мухар сүсгээр ханддаг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа.
Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотой.
1960 онд нийслэлд 4 районтой, 1992 онд есөн дүүрэгтэй болж байв. Одоо нийслэлд реформ хийх цаг болсон. Үүнийг хийхгүй бол эс үйлдэхүй болно.
Нийслэл реформ хийж чадвал Улаанбаатар 20 минутын хот болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ЕБС, худалдааны төв рүү 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руу 10 минутад очдог болно.
Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, голоо дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Өнөөдөр 86га газарт байгаа Их Тойруу сунгалтын дасгал хийгээд Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая гэдэг зоригтой сайд байгаагүй. Бүх зүйлд мухар сүсгээр ханддаг, ТЭЗҮ-ээ хүртэл үл тоодог баймааргүй байна”гэв.