Х.Болорчулуун: С.Мөнхчулуун гэдэг нөхөр гурилын үнийн талаар худлаа мэдээлэл Засгийн газарт танилцуулж, буруу ойлголт өгсөн
УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд яг одоо болж байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ-ын талд гараагүй юм билээ.
Хоёрт, ШӨХТГ -ын дарга байсан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худлаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулж байна лээ.
Нэг тонн улаан буудайг 700 мянган тоноор аваад 2,8 сая төгрөгөөр гурилаа зардаг гээд. Өнгөрсөн жил улаан буудай нэг тонн нь 1 саяас 1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа.
Гурилын үйлдвэрүүдийн дундаж ашиг 2023 оны татварын албаны мдэээллээр ашиг нь ердөө 5 хувь. Банк санхүү, цементийн үйлдвэр, уул уурхайн компаниуд 50, 60 хувийн ашигтай ажиллаж байгаа.
Газар тариалан, гурил үйлдвэрлэгч хоёрыг салгаж болохгүй. Еэвэнгийн хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Биенээ нөхөж явж байдаг. Гаалийн импортын татвар гурил дээр 15 хувь, НӨАТ байхгүй. Гурилын үйлдвэрүүд бодитой тайлан гаргадаг, хоёр тайлан гаргадаггүй. Арав гаруй жилийн өмнө улсын хэмжээнд гурилын 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 9, 10 хан үйлдвэр л үлдсэн. Дарханы “Нүүдэлчин” үйлдвэр ажиллахгүй зогсч байна." гэв.