Ж.Чинбүрэн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн ажлыг “ҮГҮЙСГЭВ“
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 01-ний өдөр улсын хэмжээнд бүх нийтийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү шийдвэрийн үр дүнд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 1,3 сая иргэн эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаад байгаа үзүүлэлт гарсан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын амжилттай хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг юм.
Учир нь Эрүүл мэндийн салбарын түүхэн 100 жилийн хугацаанд Монгол Улс анх удаагаа иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн нь энэ.
Тус төслийн үр дүнд Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт иргэдийнхээ 38,6 хувь буюу 1,3 сая иргэний эрүүл мэндийн “дата” дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, нэн шаардлагатай арга хэмжээг авах, оновчтой шийдвэр гарах боломж бүрдсэн. Өмнө нь ингэж системтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаагүй учраас нэн яаралтай 20 аймаг, нийслэлийн 5 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг байгуулсан. Өөрөөр хэлбэл цаашид ч тогтмол иргэд үзлэг, оношилгоонд орох орчин нөхцөл, боломжийг бий болгосон юм.
Иргэдээ эрт илрүүлэгт хамруулах тоног, төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Монгол Улс анх удаа 0-17 хүртэл насны хүүхдүүдээ ч мөн эрт илрүүлэгт хамруулах ажлыг өрнүүлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн их байгаа нь судалгаагаар гарсан. Иймд Ерөнхий сайдын шийдвэрээр улсын хэмжээнд "Эрүүл шүд-Эрүүл хүн хөтөлбөрийг эхлүүлээд байна.
Мөн эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс 7808 нь хавдрыг эрт үед нь мэдэж, эмчилгээнд цаг алдалгүй орсон талаар эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд онцлож байв.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тус ажлыг эрс эсэргүүцэв. Тэрбээр "Цахим эрт илрүүлгийн ажлыг хийсэн. Эрүүл хүн гэртээ байж байхад эрт илрүүлэг үзлэгт хамрагдаарай гэж мэдээлэл өгч дуудсан. Энэ ажлын үр дүн гарсан юм уу" гэв.
Ж.Чинбүрэн гишүүн сонгууль дөхөж иргэдэд таалагдах үг хэлнэ гэж байгаад Эрүүл мэндийн салбарын бүхэл бүтэн 3 жилийн орчмын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг ийнхүү үгүйсгэв.
Өөрөөр хэлбэл Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг санаачлан хэрэгжүүлсэн ажлыг ийнхүү үгүйсгэж, улс төр хийв.