ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан Ажлын хэсэг ес дэх аймагтаа ажиллаж байна
Орон даяар өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Ховд аймагт болж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд говийн болон хангайн бүсийн долоон аймагт багийнхны хамт ажилласан. Харин баруун бүсийн өдөрлөгийг энэ сарын 3-нд Говь-Алтай аймгаас эхлүүлсэн бөгөөд Ховд аймаг ес дэх нь болж байна. Ажлын хэсгийнхэн цаашид баруун бүсийн Увс, Завхан, Баян-Өлгий аймагт ажиллах бөгөөд үргэлжлүүлэн хойд болон зүүн, төвийн бүсэд ажиллана. ЦХХХ-ны сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна. “Цахимд хэвшье” өдөрлөгт “Программ хангамж үйлдвэрлэгчдийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байна.
Өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ-наас гаргасан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.