Б.Энхбаяр: “Баян“ хочит Р.Базар нь 65 орчим тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй
"Баян" хочит Р.Базарыг өчигдөр /2024.04.15/ ЭЦА-наас тайлбар мэдүүлэг авахаар саатуулсан. Түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө "5Ш" ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хууль зүйн сайдын харьяалалд хамруулж, Засгийн газарт танилцуулах чиг үүрэг хүлээсэн.
Энэ хүрээнд иргэн Р.Базартай холбоотой Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Тодруулбал Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банканд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой ЕСБХБ-наас надад гомдол ирсэн.
Одоогоор тус банкны хохирлын 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан гэсэн мэдээлэл бий. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй" гэв.