Д.Амарбаясгалан: Малчдаа дэмжих зорилготой “Шинэ хоршоо“ хөдөлгөөнийг улс даяар эхлүүлж байна
“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээнд хот, хөдөөгийн малчид, хоршоологчдын төлөөлөл 3100 гаруй хүн оролцож байна. Нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож байна.
Энэ үеэр тэрбээр "Малчдын амьжиргаа сул учраас заавал олон тооны малтай байж арилжааны банкаас өндөр хүүтэй зээл авч байна. Тиймээс малчид хоршоолвол 50 хүртэлх сая төгрөгийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг зээлийн батлан даалтын сангаар 80-100 хувийн батлан даалтаар зээл олгоно. Мал аж ахуйн салбарын сэргэлт бодитоор бий болсноор нэг хонь, нэг үхэрээс дунджаар Монгол Улсын ДНБ 30 хүртэлх ам.долларыг хүртдэг гэж үзвэл 3 дахин буюу 100 ам.долларт хүргэнэ. Малчдын сарын дундаж орлого 1.5 сая байгаа бол 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ." гэв.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар баталсан. Орон даяар эхэлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчид, мал бүхий иргэд нийлж, нэгдэж хоршоо байгуулж, төрийн дэмжлэг туслалцааг авч, барьцаагүй, хүү, хугацаа багатай хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болох юм.
Хоршооны талаарх мэдээллийг малчин айл бүрд хүргэхээр төрийн албанаас 1400 ажилтныг нэг сарын хугацаатайгаар томилж байгаа юм. Тэдний сургалтыг энэ сарын 29-нөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ. Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт парламент баталсан. Энэхүү хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд хуулийн хүрээнд “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэлж байгаа нь энэ юм.