БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн жилийн орлого сайд болсноор 12 саяас 90 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ
УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-нд МАН-ын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо тус тус хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болоод буй.
Урьдчилсан байдлаар, МАН-аас БОАЖ-ын сайд Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ 2024 оны УИХ-ын сонгуулиар Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшихээр болж буй.
Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гэж ХЭН БЭ?
Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний хувьд нь Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул боловч Орхон аймгийн Цагаанчулуут багийн харьяалалтай.
1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн.
Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй.
Б.Бат-Эрдэнийн эхнэрийг Дашбаатарын Болортуяа гэдэг. Түүний аав Б.Дашбаатар нь барилгын зураг төсөл, кадастрын “Орд геод” ХХК, уул уурхайн геологи хайгуулын “Орд гео” ХХК-иудыг үүсгэн байгуулсан нэгэн.
2010 онд МАН-ын улстөрчдийг бэлтгэх дамжаа буюу НАМЗХ-д хөл тавьсан байдаг. Түүний хувьд ер нь Ардын намын ах нараасаа хоцорсон түүх үгүй. 2018 онд ЖДҮ-ийн дуулиан дэгдэж, зээлдэгчдийн жагсаалт задрахад Б.Бат-Эрдэнэ Ардын намынхаа ах нартай мөр зэрэгцээд жагсаж л байлаа. Албан тушаалын хуваарилалтаас ч тэр хоцорч байгаагүй. 12 жилийн өмнө Ардын намын босгыг алхсан мөртөө МХЕГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, ШӨХТГ-ын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдож, “давхар дээл” нөмөрсөн гээд томилгоо болгоныг алдалгүй ашигласан. Тэгвэл нүүрсний бизнестэй холбоотой улстөрчдийн жагсаалтад ч тэр багтаж байв.
"Эрдэнэс тавантолгой"-д "эзэн" суусан Б.Бат-Эрдэнэ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тухай шүүмжлэлд нэг биш удаа өртөж байсан ч эдгээр нь даргын суудалд нь нөлөө үзүүлж чадаагүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг суудалд хүртэл суусан. Одоо дахин УИХ-ын гишүүний суудалд суухаар зэхэж буй.
Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/
Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 19-нд агентлагийн даргаар томилогдохдоо АТГ-т хөрөнгө орлогоо анх мэдүүлжээ. 2020 онд ХОМ-тээ өөрийн орлогыг 12 сая 529 мянган төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2020 онд огцом өсч 90 сая төгрөг болсон гэж мэдүүлжээ.
Түүний гэр бүлийн орлогын хувьд 2020 онд 10 сая 280 мянган төгрөг байсан бол 2022 онд 21 сая төгрөг болсон гэжээ.
Тэрбээр 450 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 50 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг машин, Chrysler, Dodjedurango, 100 сая төгрөгийн үнэ бүхий 400 М2 өмчилсөн газартай юм байна. Мөн 10 сая төгрөгийн хадгаламжтай бол 15 сая төгрөгийн зээлтэй хэмээн өнгөрсөн онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн "Монгол Тулгат Финанс" ХХК, "Монмарт трэйд" ХХК хувьцаа эзэмшдэг хэмээсэн байна.