Т.Мөнхсайхан: Монголд эмчлэх боломжгүй өвчнүүдийг эмчлэх 26 багийг гадаадад сургана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын 2 дугаар төв эмнэлэгт өчигдөр ажиллалаа.
Манай улсад тулгамдаад байгаа хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогыг хоёрдугаар эмнэлгээс эхлүүлж өнгөрсөн сараас хавдрын 8 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ тус эмнэлэгт үзүүлэх болсон юм. ХСҮТ дугаарлал их байх юм бол энэ эмнэлэгт иргэд үзүүлж болохоор болсон тул салбарын сайд газар дээр нь танилцаж байгаа ажээ.
Түүнчлэн “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г эх орондоо нутагшуулахаар Хоёрдугаар эмнэлгийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Шанхай хотын эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх гэж байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан " Эхний ээлжид цаасан дээр буусан 26 өвчнөөс эх орондоо эмчилдэг болох ажлыг эхлүүлээд явж байна. Манайд эмчлэгддэггүй өвчний жагсаалтад байгаа гурван өвчнийг эмчлэх 3 багийг гадаадад бэлтгэхээр сургалтад явуулаад байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс явсан. Хоёрдугаар эмнэлгээс одоо явах гэж байна. Дараагийн ээлжинд Гэмтлийн эмнэлгээс явна. Хаана ямар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаагаас хамаарч нэг эмнэлгээс хэд хэдэн баг явах боломжтойгоор зохицуулалт хийж байгаа.
Жагсаалтад байгаа өвчнөөс “Манай баг яг энэ өвчнийг, ийм хугацаанд ийм улсад сургалцаад эмчилдэг болно” гэсэн хүсэлтийг эмч мэргэжилтнүүдийн баг гаргасан нөхцөлд бид хүлээж авна. Тэдний эмчлэх төлөвлөгөөг үзнэ. Мөн эмчлэх нөхцөл, тоног төхөөрөмж хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг судалж үзээд шалгаруулдаг. Энэ онд багтаж ийм чиглэлээр 12 багийг гадаадад сургаж бэлтгэхээр сонгочихсон байгаа. Дараа жил 14 баг гадаадад сургаж бэлтгэхээр төлөвлөсөн. Харин ийм багийг эх орондоо буцаж ирэхэд тоног төхөөрөмж, ажиллах нөхцөлийг бид хангах үүрэгтэй. Бид зочин профессоруудтайгаа нийлж тухайн өвчнүүдийг 2026 он гэхэд эх орондоо эмчилдэг болно." гэв.
Эх сурвалж: montsame.mn
|