Ж.Батсуурь: Нэг хүн нэг л удаа зээл авдаг болгохгүй бол хэд хэдэн байр авч түрээслүүлээд байна
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ипотекийн зээлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Бид ирэх жил ипотекийн эх үүсвэрийг нь хоёр дахин нэмэгдүүлж, 1.2 их наяд төгрөгт хүргэн, ипотекийн зээл авах боломжтой хүмүүст өгнө. Ипотекийн зээлийг хотын төвд баригдсан орон сууцанд олгохгүй. Хотын зах руу, гэр хороолол болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, мөн орон нутагт олгоно. Түмпэнд хивс угааж болдоггүйтэй адил, дөрвөн уулынхаа дунд 700 мянган хүнд зориулсан хотод гаднын хүмүүстэйгээ нийлээд хоёр сая болсон хүмүүс багталцахгүй байна. Үүнийг задлахын тулд орон сууцыг анх удаа, мөн суманд орон нутагт авч байгаа хүмүүст хөнгөлөлттэй өгье, орлогод нь таарсан орон сууцанд ипотек өгье гэж байгаа юм.
Ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлээд 120 мянган хүн хамрагдсан боловч эргээд хартал нэг хүн хоёр, гурван орон сууц авч авчихсан. Эхний байруудаа түрээсэлдэг болсон байна. Энэ алдааг засах шаардлагатай. Тийм учраас анхны орон сууцаа авч байгаа гэр бүлд ипотекийн зээл өгөхөөр албан ёсоор журамлана. Тэгэхгүй бол нэг өрх хоёр, гурваар нь орон сууц аваад түүнийгээ ипотекийн зээлд хамруулдаг байж болохгүй. Анх удаа байр авч байгаа хүн ипотекийн зээлийг хөнгөлөлттэй авч болно, мөн суманд амьдарч байгаа хүн гурван хувийн хүүтэй ипотек авч болно.
Бид орон сууцыг хэдээр нь ч барьж болно. Гэвч халаалт, цахилгааны асуудлаа дийлэхгүй. Монгол орон эрчим хүчний хямралд орсон байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, төрөөс татаастай явж ирсэн. Тийм учраас эрчим хүчний салбарт либералчлал хийе гэж салбар яам нь ярьж байна, дэмжиж байгаа. Төвийн эрчим хүч рүү шавааралдаад байх бус бие даасан дэд төв бий болгоно. Тухайлбал, Чингэлтэй, Хайлааст, Шар хөд, Баянхошууд, Толгойд дэд төвд нь орон сууц барихаар утаагүй, түгжрэлгүй болно.
Бид амины орон сууцанд ипотек олгох санал гаргаж ирсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, гадаадын хөгжсөн орноос асуухаар "Монгол гэр бүл олсон мөнгөнийхээ ихэнхийг гал руугаа хийгээд байдаг юм биш үү. Харахад хоёр давхар гоё байшин хэрнээ зургаан талаараа дулаанаа алдаж байна. Дээвэр, цонх, шал, дөрвөн ханаараа дулаанаа алдаж байна" гэдэг. Тэгэхээр амины орон сууцанд ипотек олгохын тулд байшингаа дулаал гэдэг шаардлага л тавина. Цахилгааны хомсдолтой байхад дулааны алдагдалтай орон сууцанд ипотек олговол юу болох вэ. Ямаан дээр тэмээний гарз болно шүү дээ" гэв.