Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсон
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ баталсан. Гэхдээ УИХ-аар батлахын өмнө төсвийн эргэн тойронд шүүмжлэл өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна.
Мөн УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.
Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гээд хориг тавьсан юм. УИХ хоригийг хүлээж авсан. Улмаар төсөв, түүнтэй дагалдаж баталсан хуулиудаа хүчингүй болгож, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг батлав. Уг тогтоолоор 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Харин Засгийн газар тэр өдөрт нь ээлжит бусаар хуралдаад “Засгийн газар ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьдаг. 2025 оны улсын төсвийг 2024 оны наймдугаар сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хуулийн дагуу бид дахин өргөн барих боломжгүй. Тиймээс эхлээд эрх зүйн орчноо бүрдүүл. Хуулиа л дагая” гэсэн агуулгатай шийдвэр гаргажээ.Энэ дагуу Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас уг төслийг өчигдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн барилаа. Ингэхдээ тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр төсөлд тусгажээ. УИХ ч өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Ингэснээр “2025 оны төсөв 2024 онд багтаж батлагдаж амжих уу” гэсэн эргэлзээ тайлагдаж байх шиг байна. Гэхдээ Монгол Улсын төсөв анх удаа бүхэлдээ Ерөнхийлөгчийн хоригорвор хүчингүй боллоо. Ингэснээр УИХ анх удаа төсвийг хоёр дахиа батлахаар болж байна. Бас ирэх оны төсвийг арваннэгдүгээо сарын 15-наас хойш алдаж, арайхийн ондоо багтааж баталсан анхны тохиолдол болох юм.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг “Хэсэг хүний улс төрийн акц” гэж үзэж буй бололтой. Тэрээр өмнөх долоо хоногт УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр ийм агуулга бүхий үг хэлсэн талаар бүлгийнх нь гишүүд хэлж байна.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон улс төрийн акц хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнээс болсон шүү. Ингээд хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн. 16 жил гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл. Сая УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан зүйл удахгүй олон нийтэд ойлгомжтой болно. Сандарсан хүмүүс УИХ дахь намын бүлгийн хуралдааны бичлэгээ хүртэл задалсан. Тэглээ гээд цаасан дээр хараар бичсэн зүйлээс хэн ч тойрч чадахгүй. Гэрээний дунд байсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид яг л Эрдэнэтийн 49, Оюу толгой, Хөгжлийн банкны схем задарч байгаа үе шиг сандарч байна. Гэхдээ та хэд оройтсон” гэжээ. Тэрээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд БНХАУ-ын Шанхай хотод тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийсэн. Тэр үеэрээ хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийснээс болж уг гэрээний дунд 16 жил явсан хүмүүс, тэдэнд боломж олгосон улстөрчид ийм улс төр хийлээ” гээд хэлчихжээ.
Мөн тэрээр “Улс төрийн хар муур гүйлгэж, ийм “муур” ажиллагаа хийж байгаа нөхдүүд минь баригдав аа. Ер нь муур тийм ч амь бөхтэй амьтан биш шүү. Намаржаандаа буугаагүй байж хаваржаа зүүдлээд яах вэ. Сонгуулийн жил гэдэг онцлогийг ойлгож, шинэ тогтолцоог ажиглаж хүлээцтэй байгаа шүү. Түүнээс биш Оюун-Эрдэнэ өөрчлөгдлөө гэж битгий андуураарай” гэсэн байна. Эндээс үзвэл Монголын улс төр хөшигний ард буцалж буй бөгөөд ширүүсэж ч мэдэх бололтой.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин