Б.Жавхлан: Төрийн дээд хэмжээний айлчлалаас бусад айлчлал, айлчлалыг хүлээж авах зардлыг 50 хувиар ТАНАСАН
Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн төслөө дахин өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэх санал хэвээрээ байгаа. Төсвийн урсгал зардлыг анх өргөн барьснаас нь 0.7 их наяд, хөрөнгө оруулалтын зардлыг 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0.7 их наядаар таналаа. Ингэснээр төсвийн тэнцэл алдагдалгүй болж байгаа.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, гадаад зээлийн хүүгийн төлбөр, цалингийн суурь, төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, бусад хуульд заасан тэтгэмжийн зардлаас огт хасаагүй.
Мөн төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ төрийн дээд хэмжээний айлчлалаас бусад айлчлал, айлчлалыг хүлээж авах зардлыг 50 хувиар танаж байгаа. Хэмнэлтийн хуулийг чангаруулж байгаа гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын зардлыг танахдаа он дамжин шилжиж байгаа хөрөнгө оруулалтуудыг хасаагүй. 38 шинэ төсөл оруулсан байснаас 10-ыг нь хойшлуулсан.
Тоног төхөөрөмжийн зардлыг боловсрол, эрүүл мэндийн салбараас бусдынхыг нь танасан" гэлээ.