Төсвийн мөнгөөр тоглож байгаа Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг ирэх оны төсвөө ₮6 тэрбум болгон нэмэгдүүлэн тусгуулжээ
Улс үрэлгэн зардлаа тана гэж ард иргэд шаардаж, шүүмжилж байхад эсрэгээрээ Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн тансаглал огцом нэмэгдэж, дөрвөн сая төгрөгийн цалингаа голж өөртөө сарын 30 орчим сая төгрөгийн цалин олгож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Зөвхөн энэ оны 1-8 дугаар сарын хооронд л гэхэд өөртөө 140 сая төгрөгийг цалин хэлбэрээр олгосон талаар холбогдох эх сурвалж мэдээллээ.
Тэгвэл Д.Сүрэнчимэг захирал 2025 онд төрийн албан хаагчдыг сургана гэх нэрийдлээр төсвөө 6 тэрбум хүртэл нэмэгдүүлэн тусгуулжээ.
Тодруулбал, ирэх онд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх нэрийдлээр 6 тэрбум төгрөгийг Удирдлагын академид олгохоор төсөвт тусгагджээ. Өмнө нь Удирдлагын академи нэг жилийн нэг тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол одоо 2025 онд 6 тэрбум болон орж иржээ.
Энэ талаар чуулганы хуралдаанар төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан " Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор 6 тэрбум төгрөг Н.Учрал сайдын багцад байдаг. Удирдлагын академийн үйл ажиллагааны зардал юм. Улсын хэмжээнд төрийн удирдах түвшний албан хаагчдыг Удирдлагын академид сургаж мэргэшүүлэхэд зарцуулдаг төсөв гэж ойлгож болно" гэсэн юм.
Энэ оны 9 дүгээр сард Удирдлагын академийн багш, ажилчид ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хандан Д.Сүрэнчимэг захиралтай холбоотой хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэн баримтуудыг нь албан ёсоор хүргүүлсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаад ЗГХЭГ-аас ямар ч хариу өгөөгүй аж. Харин ч төсвийг нь нэмэж оруулж ирсэн байв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал юуны учир Удирдлагын академийн энэ үрэлгэн байдлыг өөгшүүлж, улс орны хүнд хэцүү цагт хэдэн тэрбумаар тоглох боломжийг олгож байгаа вэ?! Тэгвэл Д.Сүрэнчимэгийн үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн туйлдаг талаар наад захын баримтуудыг хүргэе.
БАРИМТ НЭГ. Д.Сүрэнчимэг нь захирлаар томилогдож ирснээс хойш төвийн тухай хуулийн 6.4.1 дэх төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах; 16.5.5 дах батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. Учир нь, Д.Сүрэнчимэг нь 2022 оноос эхлэн өөртөө өндөр дүнтэй цалин бодож эхэлсэн. Тухайлбал зөвхөн 2023.12 сард 30 орчим сая. 2024 оны 1-8 сарын хугацаанд 140 сая орчим төгрөгийг зөвхөн өөртөө цалин хэлбэрээр авсан. Тэр дундаа 2024 оны 6 сард 60 сая төгрөгийн цалин авсан. Академийн захирлын нэг сарын дундаж цалин нь 4 сая орчим төгрөг байдаг аж.
БАРИМТ ХОЁР : Д.Сүрэнчимэг нь өөрийн хамаарал бүхий Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга П.Бямбасүрэнд үндсэн цалингаас хэтэрсэн, их хэмжээний мөнгө өгч ирсэн. Тухайлбал зөвхөн 2023 онд 100 сая орчим, 2024 оны эхний 8 сард 80 гаруй сая төгрөгийг түүнээс энэ оны 6 сард гэхэд 50 сая орчим төгрөгийг цалин өгсөн байна. Удирдлагын академийн албаны даргын сарын цалин гар дээрээ 2.6 сая орчим төгрөг байдаг. Гэтэл хамаарал бүхий П.Бямбасүрэнд давуу байдал олгож сард дундажаар 10 сая төгрөгийн цалин өгсөн. Энэ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын “адил албан тушаалд адил цалин хөлс” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.
БАРИМТ ГУРАВ : Д.Сүрэнчимэг нь 2024 оны 8-р сард улсын төсвийн хөрөнгөөр Удирдлагын академийн нэгжийн удирдлага болох 18 хүнийг БНСУ-ын Чежу аралд төслийн сургалтад хамруулна гэж явуулсан хэрнээ бодит байдал дээр аялал зугаалга, тансаг хүлээн авалт, үнэтэй бэлэг дурсгал өгөх зэрэг ажлыг хууль зөрчин зохион байгуулсан. Мөн энэ аялал зугаалгадаа Монголын болон Солонгосын JCI байгууллагыг татан оролцуулсан нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Уг БНСУ-ын аялалтай зэрэгцэн 2024 оны 8 сард академийн 20 багш, ажилтнуудыг Энэтхэг улсад аялалын үйл ажиллагаанд явуулжээ. Энэ нь хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг юм.
Төрийн байгууллага, тэр дундаа Удирдлагын академийн удирдах албан тушаалтан төсвийн мөнгөөр тоглож, үр ашиггүйгээр зарцуулан дураар аашилдаг энэ байдал төрийн албан хаагчдийг бэлтгэдэг сургууль дээр гарч байгааг Үндэсний Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Д.Загджав та анхааралдаа авна уу!