Л.Оюун-Эрдэнэ: Бид нийгмийн нэг сэтгэл зүйн урсгалд орж байж түгжрэл, утааны ард гарна
Ерөнхий сайд болон Хотын дарга тэргүүтэй алба хаагчид уулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна гэж тооцоолж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад төвлөрч ажиллана. Ерөнхий сайд Шуурхай штабыг удирдана. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудын томоохон хэсэг Туулын хурдны зам. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын удирдлагууд 24 сард багтаан хийж дуусгана гэж танилцуулсан. Энэ хугацаанаас наана ашиглалтад оруулахаар шахаж ажиллана. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Төлөвлөсөн ажлаа хийнэ, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана.
Богд уулаа тунелиэр нэвтлэх, нисэх онгоцны буудалтайгаа холбох, эсвэл тойрсон хурдны зам барих шийдлийн аль нэгийг хийнэ. Гацаагчид энэ талаар яриад эхэлсэн байна лээ.
Би тэднээс асуухыг хүсэж байна. Тэгвэл өөр ямар шийдэл байгаа юм бэ? Ямар ч шийдэлгүй байж зүгээр л юмыг болохгүй гээд суух шиг амархан зүйл байхгүй" гэж мэдэгдлээ.