Т.Мөнхсайхан: Нийтэд мэдэгдэж байгаа нь П.Батчулуун эмч болохоос биш 2023-2024 онд мэдэгдэхгүй ял авсан 20 эмч бий
П.Батчулуун эмчийн асуудал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Тархины үхэлтэй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал манай улсад хөгжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлж байгаа багууд иргэдэд мэдээлэл хүргэх нь ажлынх нь нэг хэсэг.
Манай улсад эмч, эмнэлгийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж, ард иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлснийхээ хариуд эрүүгийн хариуцлага хүлээж, ял, шийтгэл авдаг цөөн улсын нэг болчихоод байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг сайжруулах суурь өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай.
2023-2024 онуудад нийт 20 орчим эмч ажил үүргээ гүйцэтгэсний улмаас ял шийтгэл хүлээсэн. Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлаад, үзэл баримтлалыг нь бий болгоод явж байна. Ингэж суурь асуудлаа шийдвэрлэнэ.
П.Батчулуун эмчтэй би хоёр, гурван удаа уулзсан. Шүүхийн гаргаж байгаа шийдвэр дээр дүгнэлт өгөх нь буруу. Гэхдээ ажлаа хийж байсан эмчийг яаж эргээд ажлаа хийх боломжийг нь бүрдүүлэх вэ, энэ эмч ял шийтгэл хүлээсэн тохиолдолд энэ төрлийн мэс засал үргэлжлэхэд хүндрэлтэй болно. Тэгэхээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс аль хүртэл ямар шийдвэр гаргах дээр бүх шатанд нь бид анхаарна" гэв.








