НЭГ ТЭРБУМААР автомашин, тавилга авахаар зэхсэн Хяналтын сайд Э.Одбаяр ХЭМНЭЛТИЙГ өөрөөсөө эхлүүлж ЧАДАХ УУ
Вьетнамын Ханой хотод төрийн бүтээмжийн чиглэлээр туршлага судлахаар Засгийн газрын Хяналт үнэлгээний газрын 15 төрийн албан хаагч явсан. Ингэхдээ олон нийтийн зүгээс төсвийн мөнгийг хөндөж, салбарын сайд Э.Одбаярыг хатуу шүүмжилж байсан билээ.
Тэгвэл Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагад "Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ" гэж мэдэгджээ.
Тэрээр, "Төрийн бүтээмж, хэмнэлтийг хэрэгжүүлэхийн тулд Ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Төрийн албаны бүх салбар яамдууд дээр процессын дахин инженерчлэл, ажлын байрны зураг авалт хийж давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг харна." гэв.
Тэгвэл энэ онд ₮24 тэрбумыг захиран зарцуулахаар болж, НЭГ ТЭРБУМААР автомашин, тавилга авахаар зэхэж буй Хяналтын сайд Э.Одбаяр ХЭМНЭЛТИЙГ өөрөөсөө эхлүүлж чадна гэдэгт олон нийт эргэлзэж буй.
Учир нь Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт энэ буюу 2025 оны улсын төсвөөс 24 тэрбумыг захиран зарцуулахаар тусгажээ.
Тухайлбал,
- Урсгал зардалд: 19 тэрбум 291 саяыг
- Хөрөнгийн зардалд: 4 тэрбум 816 саяыг зарцуулах аж.
Э.Одбаяр сайдын ахалж буй энэхүү хороо нь байгуулагдаад нэг жил хагасын нүүрийг үзэж байгаа бөгөөд түүний удирдлагад 150 гаруй хүн ажилладаг, данхар бүтэцтэй байгууллага аж.
Хяналт, үнэлгээний үндэсний хороо нь хамгийн сүүлд гэхэд л НЭГ ТЭРБУМ төгрөгөөр автомашин, тавилга авахаар тендер зарлаад байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Эргэн сануулахад, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Э.Одбаяр сайд та яг юу хийдэг хүн бэ. Юу хийж, хаашаа явдаг чинь тодорхойгүй байна" гэж асуухад сайд Э.Одбаяр "Энэ салбарын талаар ойлголтгүй байх нь аргагүй. Үйл ажиллагаа явуулаад, нэг жил хагас болж байгаа" гэх хариултыг өгсөн байдаг.








