Л.Энх-Амгалан: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг “НЯРАЙН ТЭТГЭЛЭГ“ гэх нэрээр өөрчлөх шаардлагатай байна
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан Цалинтай ээж хөтөлбөр болон ипотекийн зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нярайн тэтгэлэг гэх нэрээр өөрчлөх шаардлагатай байна. Цалинтай ээж хөтөлбөрийн нэрийг өөрчлөх ёстой. Сэтгэлийн хөөрлөөр 500 мянга болгох боломжгүй" гэв.
"Ипотекийн зээлийг байр огт авч байгаагүй гэр бүлд олгохоор судалж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө эцэслэнэ"
Мөн тэрбээр,"Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандаж байгаа. Нэг талдаа ипотекийн зээлийн хүүг буулгаж, нөгөө талдаа барилгын үнэ нэмэгдэж болохгүй. Тиймээс судалгаа, нөхцөлийг эцэслээгүй байна.
Ипотекийн гол зорилго бол ард иргэдээ аль болох орон сууцжуулах бодлого явах ёстой. Ерөнхийдөө өмнө нь орон сууц авч байгаагүй байр анх удаа авч байгаа хүмүүст ипотекийн зургаан хувьтай зээл олгохоор судалж байгаа.
Тийм учраас эрэлт, нийлүүлэлт хоёр хоорондоо уялдах төлөвлөлт хийх ёстой. Үүнийг хангаж ажиллахын тулд Үндэсний хороо байгуулж, Барилга хот байгууллатын яам, нийслэл нөгөө талаас Баялгийн сан, хуримтлалын сангаар санхүүжүүлэх гэж байгаа мөнгүүдийг зөв төлөвлөж явах хэрэгтэй. Ипотекийн зээлийн нөхцөлийг эцэслээгүй. Ирэх дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө эцэслэнэ. Одоогоор 17 мянга гаруй иргэн ипотект хамрагдах хүсэлтээ өгсөн." гэв.








