Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Офшорын асуудлыг оршуулчихгүй байгаа

2017 оны 9 сарын 13

-Ерөнхийлөгчийн 49 хоногийн уриалгад ганц ч офшорчин Монгол банкуудад хөрөнгөө татаагүй байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга офшорчдод “өршөөл" үзүүлэн 49 хоногт татваргүй бүсэд байршуулсан, хэл ам дагуулсан хөрөнгө мөнгөө татаад ир ээ хэмээн их л нухацтайгаар бас их зөөлрүүлсэн байдлаар хэлсэн.

Харин 49 хоног дуусахад ганц ч хүн тэрхүү өршөөлд хамрагдаагүй төдийгүй, ер нь офшор бүс гэж чухам юуг хэлээд байгааг мэдээгүй мэт байсан гэнэ. Учир нь өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзсан.

З.Энхболд дарга Х.Энхжаргал комиссараас өнгөрсөн 49 хоногийн хугацаанд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар тодруулахад мань хүн “Нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй" гэжээ. Мөн ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгснөө хэлсэн байна.

Уг нь ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг "офшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн байдаг.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга офшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долоодугаар сарын 24-ний өдөр дээрх уриалгыг гаргасан.

Харин Засгийн газрын наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хэлэлцэн хавсралтаар баталсан. Энэхүү жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байна хэмээсэн. 

Энэ удаадаа бол Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа хэмээж байлаа.

Гэтэл өнгөрсөн 49 хоногийн хугацаанд офшор бүсээс сохор зоос ч Монгол Улсад орж ирээгүй нь Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүйгээс аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг офшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаатай холбоотой мэт тайлбарласан байх. Үндсэндээ дээр дурдсанчлан аль улс нь офшор бүс, аль нь офшор бүс биш гэдгээ ялгаж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэсэн үг л дээ. Тэгвэл өмнө нь олон нийт яагаад, ямар сүрхий байдлаар тэрхүү офшор бүсүүдийг мэдээд, тэнд хэнбугайнууд хэдий хэмжээний хөрөнгө хадгалуулсныг мэдсэн хэрэг вэ.

Бүр ямар ч учиртай гэж зарим хүнийг албан тушаалаас нь хүртэл огцруулж, нэг хэсгийг нь УИХ-ын сонгуулиас урьтаж, чичилж, нөгөө хэсгийг нь бас Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч хатгаж, гоочлоод байсан гэсэн үг юм бэ. Хүн бүрийн өмнө илэрхий байгаа энэ мэт зүйлийг заавал Засгийн газрын тогтоолыг хүлээн байж, офшортнуудтай тэмцэх гээд байгаа учир нь ч юу юм бэ.

Дан ганц манай улс байтугай дэлхий дахинаа офшор бүс гэдэг чинь ийм учиртай, тэр газрууд шүү гээд зарлачхаад байхад бид л тусгаар тогтносон улс учраас Засгийн газрын тогтоолын дагуу тухайн бүсүүдэд хөрөнгө, мөнгөө хадгалсан хүмүүсийг хуулийн дагуу хүлээж авна, өршөөл үзүүлнэ гээд хүлээгээд байх хэрэг үү. Эсвэл Ерөнхийлөгчийн “өршөөл” үзүүлэх уриалга, Засгийн газрын тогтоосон бүс зэрэг нь ердөө л улс төржсөн шоу болоод өмөөрөх юм уу. 

Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар офшор бүсэд данс нээлгэсэн, мөнгө хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулсан этгээд гурван сарын дотор дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах юм. Үүний дараа өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэг хүлээхээр болсон.

Түүнчлэн олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон төдийгүй тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр офшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолтын нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэтэл энэ янзаараа цаашдаа мэдэн будилж, биесийн ажлын доголдол руу чихэж суусаар офшорын асуудлыг бүр оршуулчих юм биш байгаа даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46928
0 эможи
keyboard_arrow_up