Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ Засгийн газар ЗУСЛАН, БУУДАЛ, САУНААС “төрнө“

2017 оны 9 сарын 18

ARSLAN.mn

-М.Энхболдын фракц Сэлхэд, У.Хүрэлсүхийнх “Энканто” саунд, Сү.Батболдынх Чингис хаан зочид буудалд хуралджээ-

 

90 жилийн зангараг, улс төрийн түүх, боловсон хүчний нөөцөөрөө ямагт гайхуулсаар ирсэн МАН-ын нэр хүнд засгаа тонгорсон энэ өдрүүдэд шалаар нэг хөглөрч байна. Яасан ийсэн 90 жил, ямар юмных нь дотоод ардчилал, эв нэгдэл. Аз, эзийн дэнсэн дээр 65-уулаа чуулганы танхимд суух ховорхон хувь тавилангаа тэд зөвөөр эдэлж чадсангүй, харамсалтай нь.

Наанаа сайхан инээж эв нэгдэлтэй гэдгээ зарлавч, цаанаа албан тушаалын төлөөх дайн энэ намд эцэс төгсгөлгүй үргэлжилж байх юм. Ёстой л экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэнчлэн хажуу бөөрнөөс нь нударч, хэн хэнийхээ араас хутга дүрсээр бүтэн жилийг арайхийн ардаа хийлээ. Улмаар засгаа унагачхаад тайвшрах нь уу гэтэл тийм биш юмсанж. Асуудал бүр ч дордов. МАН-ынхан хуралдахгүй ч өдөр гэж байхгүй боллоо. Өдөр болгон Төрийн ордонд намын бүлэг нь хуралдаж, эв нэгдлийн тухай эцэс төгсгөлгүй ярилцана.

Орой бүр гишүүдийн өрөөнд сархад тулгасан “сэм найр” болж, Төрийн ордонд хөлчүүрхсэн гишүүд хөлхөлдөх нь ихсэв. Удирдах зөвлөлийнхөн Тусгаар тогтнолын байрандаа уулзах тоо нь ч ихэсжээ. Амралтын өдрөөр харин саун, душ, аль нэг зуслан бараадаад алга болж өгнө. Үүнийгээ тэд гавьяа мэтээр цуурахыг нь яана.

“Манай нам 25-уулаа сөрөг хүчин байхдаа хоёр өдрөөр хуралдаж байсан. Яг эрх баригч шиг. Одоо 65-уулаа болчихсон юм шиг 20 өдөр ч хуралдаж магадгүй шүү. Би ингэж л ажил хэрэгч ханддаг хэмээн бэлгийн дэд сайдтан  бахтай нь аргагүй ярьж суух юм. Гэвч хурал ихдэх нь ажил муудсаных, хуушуур ихдэх нь мах муудсаных гэдгийг МАНайхан харин мэдэхгүй юм.

Өдөр болгоны хурлын сэдвийг уншигч авхай танд сануулах нь илүүд биз. Өнөөх л албан тушаалын төлөөх наймаа, хэнийг Ерөнхий сайдаар тавьж, хэн нь намын даргаа авах вэ гэдэг тохироо. Бялуунаас ахиухан авахын тулд халбага сэрээгээ сойчхоод хүлээж суугаа тэдэнд засаг төвхнүүлэх бүтэн сарын хугацаа багадаж буй нь дамжиггүй.

Өдрийн цагаар албан хуралдаа суучихсан фракцууд орой үдшийн дагаар албан бус уулзалтаа хийхээр саун хайгаад давхичихна. Дээгүүр дарга нар нь сайдын суудлаа ярилцаж хундага харшуулж, харин доогуур албан тушаалтай нь аль нэг газрын хурган даргын төлөө олсон хэдэн төгрөгөө орой бүр шоунд үрж яваа гэнэ лээ. Бараг л энэ өдрүүдэд хэн их архи ууж, өөрийн хүрээллээ бүрдүүлсэн нь дарга болдог хуультай юм уу даа. Албан ёсоор бол МАН-д М.Энхболдын болон У.Хүрэлсүхийн гэсэн хоёр том фракц байдаг нь тодорхой болчхоод байна.

Өнгөрсөн өдрүүдэд М.Энхболдынхон Сэлхийн зуслан хавиар суудал зассан нь тодорхой болсон. Харин У.Хүрэлсүхийн фракц “Энканто” саунд ойр ойрхон уулзаж, шинэ Засгийн газарт нөлөөгөө тогтоохоор оролдож байгаа гэнэ лээ. Энэ хоёр том фракцын дунд цөөхөн атлаа чанартай улстөрчдөөр эгнээгээ бүрдүүлсэн Сү.Батболдын фракцынхан Чингис зочид буудлын нууцхан өрөөнд чимээгүйхэн хор найруулж суугаа аж. Төрийн ордонд оройхон “сэм найр” хийдэг нь аль нэг фракц түшдэггүй сул улстөрчид аж.

Огцруулах кноп дарсан шагналаа авахыг мөрөөдөж орой бүр сархад тулгах ч том фракцуудын тохироо тэднээс холуур өнгөрч байгаад гутардаг ч байж мэдэх юм. Юутай ч ойрын өдрүүдэд МАН-ынхан албан болон албан бусаар хуралдсаар байна. Харин үр дүн хараахан алга. Д.Хаянхярваа даргын хэлсэнчлэн сайдуудын суудлыг ярихад эрт байна. Эхлээд том албан тушаалаа тэд ярилцсаны дараа сайд, дэд сайдын суудлаа хуваарилна. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр эхний тохироо У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн ИТХ-ыг Д.Амарбаясгалан авахаар тохироо хийгдэж байсан аж.

Гэвч Сү.Батболдын фракц болон сул гишүүдийг үл тоосон энэ тохироог дэмжих хүн олдоогүйгээс асуудлыг дахиад л шинээр ярьж эхэлжээ. Өмнө хэлсэнчлэн аль нэг фракц гэж туйлширдаггүй Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Тэрбишдагва гэх мэт улстөрчдийн нөлөөлөл хүчтэй байгаа учраас тэднийг тоглоомын гадна орхих боломжгүй юм. Ойрын үед саарал ордонд МАН-ын даргад С.Бямбацогт, Ерөнхий сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар гэсэн шинэ таамаг яригдаж, энэ нь ч нам дотроо дэмжлэг авч эхэлсэн гэх.

Намын дотоод амьдралыг болохоос болохгүй хүртэл мэддэг туршлагатай залууст нам, төрийн ирээдүйг даатгах нь ирэх өдрүүдэд өнөөх яриад байгаа эв нэгдлийг нь бий болгох, 2020 онд суудалтайгаа үлдэх сүүлийн сонголт гэдгийг МАН-ынхан ойлгов уу гэсэн мухар сохор итгэл л үлдээд байна. Ирэх өдрүүдэд буудал /Сү.Батболдын фракц/, саун /У.Хүрэлсүхийн фракц/ зуслан /М.Энхболдын фракц/, Төрийн ордон /фракцгүй улстөрчид/ дөрвийн аль нь хүчтэйг харах нь ээ. Шинэ Засгийн газрын сайдууд энэ газруудаас “мэндлэх” нь. Тэр саунаас төрсөн тийм сайд гээд л цоллох бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
47130
1 эможи
keyboard_arrow_up