Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бүхнээ өвлийн мөрийнд тавьсан нүүдэлчдийн төр

2017 оны 10 сарын 02

ARSLAN.mn

Хүн төрөлхтөний түүхэнд нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж чадсан цөөхөн үндэстэн бий. Тэр дундаа өөрсдийн бие даасан тусгаар улсыг шинэ эринд байгуулж, XXI зуунд оршин тогтнож чадаж байгаа гэдэг утгаараа Монгол Улс яах аргагүй гайхамшигтай тохиолдол мөн.

Яг ийм дүгнэлтэд хүрснээ дэлхийн тэргүүлэх эрдэмтэн судлаачид, шилдэг удирдагчид батлан хэлдэг юм. Нүүдэлчин соёл иргэншил, нүүдэлчин амьдралын онцлог нь мал аж ахуй эрхэлж, нэг газраас нөгөөд байнга шилжин суурьшихад оршдог. Монголын хувьд орчин үеийн суурин соёл иргэншилд дасан зохицож, хагас нүүдлийн иргэншил бий болгосон гэхээс илүүтэй суурин иргэншлийг өөрсдөдөө нутагшуулсан гэвэл зохино. Бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, хандлагаас нүүдэлчин соёл үргэлжид цухалзах төдийгүй төрийн бодлого зохицуулалтаас ч энэ бүхэн тод томруун харагддаг болно.

Нүүдэлчдийн сорилт 

Монголчуудын хувьд олон мянган жилийн туршид дөрвөн улирлын цаг агаар, хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай орчинд амьдарч, түүндээ дасан зохицсон нүүдэлчид. Дасан зохицох чадвар дэндүү өндөр түвшинд хүртлээ хөгжиж, өдөр тутмын амьдралд нэвт шингэсэн тул та бид өөрсдөө ч төдийлөн анзаарахаа больсон нь лав. Гэхдээ бидний амьдралын зүй тогтол ерөнхийдөө дөрвөн шатыг дамждаг нэг л мөчлөгтэй. Орон сууцанд 100 хувь хамрагдаж, мал аж ахуйгаас бүрмөсөн салсан ч бид тэрхүү мөчлөгөө дагахаас өөр сонголтгүй. Энэхүү мөчлөгийг дөрвөн улирлаар дамжуулан тайлбарлая. Нүүдэлчдийн хувьд өвлийн улирал үргэлжлэх хугацааны хувьд хамгийн урт бөгөөд,  давах ёстой даваа нь болдог. Ерөөс өвлийг өнтэй давахын тулд л монголчууд амьдардаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч өвлийн улирал монголчуудын амьдралын мөчлөгийн гол цэг байсаар ирсэн. Өвлийг давсны дараа хаврын улиралд мал хэнзэлж, хахир уур амьсгал тавигдана. Үүнийг дагаад нүүдэлчдийн сэтгэл санаа ч харьцангуй тайвширдаг. Нэг ёсны амралтын төлөв байдалд сэтгэлзүй нь шилждэг гэсэн үг. Хаврын дараа жинхэнэ амралт болох зуны улирал эхэлж, монголчуудын найр наадмууд ч ээлж дараалан тохионо. Зуны дараа жинхэнэ сорилттой нүүр тулгарна. Дээр дооргүй, хөгшин залуугүй өвлийн бэлтгэл хэмээх намрын сорилтод хүссэн хүсээгүй орно. Уг сорилт амьдралтай тэнцүү үнэтэй.

REUTERS: Нүүдэлчид байгаа бүхнээрээ дэнчин тавьж байна

Манай улсын талаар дэлхийн тавцанд шинэ Ерөнхий сайдынхаа нэрийг тодрууллаа гэхээс өөр мэдээ сүүлийн үед гарсангүй. Ач холбогдол, цар хүрээний хувьд түүнтэй зэрэгцэх мэдээлэл төдийлөн тараад байхгүй, та бид ч МАН-ын эргэн тойрон дахь мэдээллийг сонордож суусан нь үнэн. Гэтэл алдарт Аль-Жазира агентлаг бидний нөхцөл байдлыг биднээс илүү ойлгож байгаагаа харуулж, хамгийн чухал асуудлыг нэгэн нийтлэлээрээ хөндсөн байна. Тэрхүү нийтлэл “Нүүдэлчид байгаа бүхнээрээ дэнчин тавьж байна” нэртэй. Есдүгээр сарын 25-нд нийтлэгдсэн тус нийтлэлийг товчлон хүргэе. 
Монголын малчид хөлдүү гол, хоёр мянган метрийн өндөр уулсын дээгүүр аж амьдралаа үргэлжлүүлж байна. “Коммунист нийгмийн төгсгөлөөс хойш бид харж хандах, хамгаалах хүнгүй үлдсэн тийм л үеийнхэн” гэж Лхагва нэртэй залуу бидэнд ярьсан юм. Тэрбээр урьд нь алт, эрдэнийн чулуу хууль бусаар олборлогчдын нэг байсан бөгөөд уурхайнууд ээлж дараалан хаагдсаны дараа амьдрах гэж зүдэрч яваа нэгэн. Монголын өргөн уудам тал бол дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин соёл иргэншлийн голомтуудын нэг. Нийт монголчуудын гуравны нэг нь мал аж ахуй эрхэлдэг. Тэдгээр нүүдэлчдийн ихэнх нь хүн оршин суух аргагүй нөхцөлд амьдардаг юм. Нүүдэлчид өөрсдийнхөө хэрэгцээг бие дааж хангадаг онцлогтой. Таван хошуу мал бэлчээрлэж, харин нүүдэлчид малынхаа мах болон сүүгээр амьдралаа залгуулна. Бидний уулзсан малчин Минжбаяр болон түүний гэр бүл шиг хэдэн мянган гэр бүл малаа бэлчээрлүүлэх газар хайж, маш хүнд бэрх аялал хийдэг байна. Шинэ бэлчээрт малаа оторлох нэрийн дор монголын малчид жил бүр уул нуруудыг давж, заримдаа бүр хөлдүү нуурын дээгүүр гэр бүлээ, малаа дагуулж гардаг. Өвлийн улиралд цельсийн хасах 40 градус хүрэх нь түгээмэл, үүн дээр нэмээд чоно үргэлж заналхийлдэг. 
Хэдэн зууны туршид монголын нүүдэлчин аж ахуйд бараг өөрчлөлт ороогүй. Гэхдээ сүүлийн 30 жилд ойролцоогоор 600 мянган малчин ЗХУ-ын тусламж зогссон, цаг агаарын өөрчлөлт хүндээр туссан зэрэг шалтгаанаар нийслэл Улаанбаатар хот руу нүүдэллэжээ. Нэмж дурдахад, өнгөрсөн жилийн “зуд” (монголчууд хүнд хэцүү өвлийг ингэж нэрлэдэг) нэг сая малын амийг авч одсон. Энэ тоо хамгийн ихдээ 2009 оноос 2010 онд шилжих өвөлд найман саяд хүрч байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд, нүүдэлчдийн амьдрал, аж ахуй үргэлж үхлийн аюул дор оршдог юм байна. Нүүдэлчид энэ хүнд нөхцөл байдлыг үр хүүхдэдээ залгамжлуулахаас жилээс жилд татгалзаж байгаа бөгөөд хүүхдүүддээ дээд боловсрол олгохын тулд Улаанбаатар хот руу нүүгчдийн тоо ч буураагүй аж. Олон жил шийдэгдээгүй уг асуудлыг зохицуулахын тулд Монголын үндэсний аюулгүй байдал, зохицуулалтын агентлаг (Аюулгүй байдлын байнгын хороог дурдсан бололтой) НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтарч шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнд, 2017 оны нэгдүгээр сард НҮБ-аас нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдэд яаралтай тусламж болгон 1.1 сая ам.доллар илгээхээр болсон явдал хамаарна. 

2020 он хүртэл гурван жил

Өнгөрсөн 2016 онд Монгол Улсын түүхэнд ойрын хараагаар бодвол томоохон, холын хараагаар шинжвэл маш чухал мөчлөг эхэлсэн юм. Монголын төрийг удирдан жолоодох дээд эрх мэдлийг олгох УИХ-ын ээлжит сонгуульд зүүн төвийн үзэл баримтлалтай МАН ялалт байгуулж, парламентын 76 суудлаас 65-ыг нь өөрийн болгосон. Энэхүү үйл явдал төрд үгүйлэгдэж байсан тогтвортой, хүчтэй байдлыг эргүүлэн авчрах ард түмний итгэл найдварын оч байв. Нийгмийн шилжилтэд нийт ард түмний хувьд тавилан чирэгдэж, нийгмийн амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг бүлэг жилээс жилд ядран доройтож, баялагтай гэдгээ мэдсэн хэрнээ л өрийн хэмжээ геометр прогрессоор өсч байсан энэ “цөвүүн” цагт удирдагчдынхаа гарыг харахаас өөр яалтай билээ. Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 2017 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 25.2 тэрбум ам.доллар. 2009 оноос хойш их хэмжээгээр нэмэгдсэн өр яваандаа бүхэл бүтэн улс орны ДНБ-ийг хэд дахин нугалах хэмжээнд хүрсэн нь энэ. 2008 онд гадаад өрийн хэмжээ ердөө 2.2 тэрбум ам.доллар байсныг санаж, өмнөх Засгийн газруудын буруу бодлого, үйл ажиллагаатай холбож, хариуцлага хүлээх эзнийг нь нэрлэх хэн ч алга. 
Дээр дурдсанчлан 2016 онд шинэ үе эхэлсэн. Маш их өртэй, зээлжих зэрэглэл доогуур түвшинд хүрсэн байхад шинээр бүрэлдсэн МАН-ын засгийн газар ажилласан 14 сарын хугацаандаа эдийн засгийн уналтыг тогтворжуулж, төсвийн орлого давсан зэрэг олон эерэг үзүүлэлт гаргасан. Концессын гэрээг хийхдээ УИХ-аар хэлэлцүүлээгүй гэсэн ганцхан чулуунд мэргэжлийн эдийн засагч тэргүүнтэй Засгийн газар бүдэрсэн нь тун харамсалтай. Ямартай ч 2020 он хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монгол Улсын түүхийн нэгэн үеийг нэрээрээ овоглохдоо МАН өөрсдийн мөчлөгийг хоёр хувааж орхив. 30 дахь Ерөнхий сайдаар нэрлэгдэх нь бараг тодорхой болсон У.Хүрэлсүхийн танхим хангалттай сайн ажиллаж чадахгүй бол уг тоо дахиад нэмэгдэнэ. Түүний давах ёстой гол даваа бол 2017-2018 оны өвөл. Улстөрийн өрсөлдөөн түүнд одоо чухал биш, өвлийг хохирол багатай давах л номер нэг асуудал. 

Өвлийн өөр нэг асуудал

2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Чингис бондын 500 сая ам.долларын төлбөрийг Засгийн газар хийх ёстой. Энэ нь есдүгээр сарын 28-ны ханшаар 1.23 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа үзүүлэлт. Ингээд зогсохгүй 160 сая ам.доллартай тэнцэх үнэлгээ бүхий “Дим сам” бондын юанийн төлбөрийг хийх даалгавар үүний ард бий. 1.23 их наяд дээр 393 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэхээр ойролцоогоор 1.6 их наяд төгрөгийг бид төлөхөөс өөр аргагүй, татвар төлөгчид, монголын газрын баялаг л энэ ачааг үүрнэ. Бас энэ өр У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон цагаас эхэлж түүний нэрээр овоглогдоно. Хувийн өнцгөөс саналаа тусгахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээлгэх зайлшгүй шаардлага үнэхээр байсан бол, түүнчлэн ашиг сонирхлын зөрчил, концессын гэрээг ингэж өндөрт өргөж буруутныг яллахгүй л бол “Монгол Улсад амьдрах аргагүй болох” байсан юм бол ядаж өвлийг давсны дараа Засгийн газрыг огцруулах талаар ярих байв. Эрх баригч намын дотор хөдөлгөөн өрнүүлж, албан тушаалын сэлгээг ядаж өвлийн дараа хийсэн бол монголын ард түмэнд жинхнээсээ ашигтай тусах байлаа. Угаас өвлийг давчих л юм бол эрх баригчдын гарыг харахгүй ард түмэн амьдралаа аваад явчихна. Ганцхан өвлийн хахир хатуу байдал нүүдэлчин ард түмэнд амины үнэтэй тусдаг учраас удирдагчдынхаа гарыг хардаг юм шүү дээ. Үүнийг ойлгож, өвлийг хүртэл эвтэй байх ухаан улстөрчдөд дутагдлаа.
Түүхэнд харамсалтай нь хэрвээ гэдэг үг байдаггүй. Бас Монгол Улсыг авч явах үүрэг хүлээсэн эрх баригчдын байр суурь, УИХ-ын олонхи болсон хүчин чадал хэвээрээ байгаа нь биднийг найдвараа алдахгүй байх гол үндэслэл болж байна. Засгийн газар огцорсон ч УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг шинэ Засгийн газрын арыг даана. Тийм учраас ОУВС “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-өө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцроход шууд цуцлаагүй. Тэднээс ирэх 5.5 тэрбум ам.долларын тусламж өвлийн “Хоёр ес”-ийн үетэй зэрэгцэн биднийг дарамтлах бондын эргэн төлөлтийг шийдэж магадгүй юм. Гэхдээ ОУВС-гийн мэдэгдсэнээр, шинэ Ерөнхий сайд хөтөлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа баталгаажуулах хүртэл Монгол Улсад нэг ч ам.долларын тусламж үзүүлэхгүй. Тиймээс 30 дахь Ерөнхий сайд болоход ердөө долоо хоногийн хугацаа дутуу байгаа У.Хүрэлсүхэд дараахь зүйлсийг аминчлан захья. 
Нэгдүгээрт, Засгийн газар огцорч, шинэ Ерөнхий сайдын нэр тодорхой болсон учир гүйцэтгэх засаглалын танхимд багтах өрсөлдөөн нэг ёсондоо эхэлчихсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Ерөнхийлөгч батламжилсны дараа шинэ Ерөнхий сайд шууд танхимаа бүрдүүлээд, сайд нартаа хүрз хадуур бариад өвлийн бэлтгэлийг ханга гэж тушаал өгөхгүй нь лавтай. Учир иймийн тулд салбар яамныхаа ажлыг маш сайн мэддэг, тус салбарынхаа мэргэжилтнүүдэд үнэлэгдсэн тийм л хүмүүсийг сайдаар томил. Ялангуяа хөдөө аж ахуй, боловсрол, сан, эрчим хүч, эрүүл мэндийн голлох салбарт энэ үг илүү их хамаатай. Жинхэнэ мэргэжилтнүүд нь эдгээр салбарыг удирдахгүй бол дахин уналтад орж, Засгийн газар огцрох эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, энэ өвлийг л өнтэй даваад аль болох бага хохирол амсах юм бол улстөр, нийгмийн хямрал намжих шатандаа орно. 2020 оны парламентын сонгууль хүртэл бие биетэйгээ дайсагналгүй, өрийн төлбөртөө анхаарах боломж үүгээр нээгдэнэ шүү, У.Хүрэлсүх сайд аа. Улстөрийн тогтвортой байдал гаднын хөрөнгө оруулалтыг дахин бидэн рүү чиглүүлж, биднээс салан одсон эдийн засгийн өсөлтийг эргүүлэн татна. 1.6 тэрбум төгрөгийн өрийг ард түмэнд дарамт болголгүй төлж чадах боломж ч байгаа. Гол нь эдийн засгийн салбарт хүндлэгдсэн мэргэжилтнүүдийг, яам, тамгын газрын үйл ажиллагааг доголдуулж болохгүй. Мэдээж энэ бүхэн улстөрийн шахалтын бүлгүүдийн ашиг сонирхолтой зөрчилдөх учраас маш хэцүү. Алдвал бүхнээ алдах, ялбал ашгаа хоёр нугалах энэхүү тоглоомд бид эргэлт буцалтгүй орсон. Гэхдээ хахир хатуу өвөл дээр бүхнээ тавьж орхисон гэдгийг анхаарна уу. Ард түмэн өнгөрсөн жил МАН-д бүх мөрийгөө тавьсан, харин МАН У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэлээ. Нүүдэлчид хувь тавилангаа өвөл дээр бүхлээр нь тавив. Одоо харах л үлдлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47625
0 эможи
keyboard_arrow_up