Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Гантулга яг юунд ОРООЦОЛДЧИХОВ?

2017 оны 10 сарын 02

ARSLAN.mn

-УИХ-ын гишүүн Д.Гантулга олны нүдэнд хүчирхийлэгч гэж харагдахаас биш түүний тойрогтоо хийсэн чухал ажил, бодлогын асуудлуудын талаар хэн ч, юу ч дурдсангүй. Мань эр өөрөө ч энэ талаараа дурссангүй-

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг ҮХЦ-д өглөө, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр боллоо гэх мэдээллүүд өнгөрсөн лхагва гарагаас эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж эхэлсэн билээ. Харин эдгээр мэдээллийн ард хэн байна вэ, ямар хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхээр Д.Гантулгын эсрэг хар пиарыг өдөр шөнөгүй идэвхийлэн хийх болов гэдгийг хэн ч сонирхсонгүй. Тэгвэл түүний холбогдоод буй хүчингийн хэргийн дуулиан анх яаж гарсан бэ гэдгээс дахин сөхье.

2017 оны зургаадугаар сарын 19.

УИХ-ын гишүүн Д.Гантулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулгын тухай дуулиант мэдээллийг олон нийтэд өгөв. Уг мэдээлэлд Х.Баттулга хийгээд түүний гэр бүл, хамаатан садан, тойрон хүрээлэгчдийн хамтарсан бизнесийн сүлжээний дэлгэрэнгүй зураглал багтжээ.

Тодруулбал, нэр дэвшигч Х.Баттулгын эргэн тойрны хүмүүст нийт 43 компани байдаг. Хэдийгээр хууль ёсоор бизнес эрхлэх нь хувь хүний эрх ч эдгээр компани Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед тухайн чиглэлээр байгуулагдсан нь хачирхалтай.

Цаашилбал энэхүү 43 компанийн нэр дээр ашигт малтмалын хайгуулын 39 лиценз бүхий 240 мянган га газар бий гэжээ. Харин Х.Баттулга нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайн баялгийг хууль бусаар завшихын эсрэг ажиллана гэж байсан билээ. Үүнээс гадна нэр дэвшигч Х.Баттулгын нэр дээр “Цонжин болдог”, “Женко” хэмээх хоёрхон компани байдаг гэх ч нидэр дээрээ хамаг болох, болохгүйг түүний тойрон хүрээлэгчдийн нэр дээрх 49 компани хийдэг гэдгийг УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлсэн юм.

Тодорхой баримтаас харахад Х.Баттулга, түүний төрсөн эгч Х.Цэндбаяр компани байгуулж, тодорхой хугацаа өнгөрүүлэнгүүт өөрсдийн хүүхэд, хамаатнууд руугаа бүрэн шилжүүлдэг аж. Мөн хоёр дахь шатны эзэд нь мөн хэсэг хугацаа өнгөрмөгц дан Хятад, Тайвань, Сингапурын иргэд рүү компаниа шууд шилжүүлдэг гэсэн. Эцэст нь энэ бүх компанийн наймаа Х.Баттулгын оффшор дахь дансыг зузаатгадаг, өдгөө татваргүй бүс дэх түүний хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Гантулга баримттайгаар дэлгэсэн. Түүнчлэн тэрбээр Х.Баттулгыг энэ бүх мэдээллийг дарахын тулд элдэв хов жив, гүтгэлгийг хайр найргүй тарааж, зориуд дуулиан тарьж байгааг ч онцолж байв.

2017 оны долоодугаар сарын 3.

УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай бүсгүйг биеэ хамгаалах чадваргүй байснаар нь далимдуулан хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан гэж хохирогчийн эгч нүүрэндээ баг өмссөн байдалтайгаар олон нийтэд анх удаа мэдээлэв. Түүнийг өөрийгөө Хүний эрхийн хуульч хэмээн тодотгосон М.Ичинноров дагалдсан ба тэрбээр “Д.Гантулгад хариуцлага хүлээлгэнэ” гэсэн юм.

Болсон үйл явдлыг хохирогчийн эгч өнгөт дүрслэлтэйгээр ярьсан нь олны гайхширлыг төрүүлсэн. Түүний ярьснаар, хэрэг болсон шөнө хохирогч болон түүний эгчтэй хамтран байр хөлсөлдөг Ц гэгч нь УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гэртээ авчирч хоносон гэнэ. Улмаар өглөө түүнийг гэртээ орхиод гарчээ. Гэтэл Д.Гантулга гэрээс гарахдаа зочны өрөөний буйдан дээр унтаж байсан Н-ийг хүчирхийлсэн гэв.

Д.Гантулгыг онилохын учир

Хэрэг явдал ингэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Д.Гантулгыг нэр дэвшигч Х.Баттулгын тухай мэдээлэл хийснээс долоо хоногийн дараа л энэ хэрэг нийтэд түгж, оффшорын тухай дуулианыг дарсан билээ.

Тэгвэл Д.Гантулга яагаад заавал энэ бүхний бай болсон юм бол. Ард түмэн тэнэг биш учраас үүний цаана тэс өөр үйл ажиллагаа явагдаад байна гэдгийг мэдэж байсан. 2016 онд МАН 30 хүрээгүй залууг УИХ-д нэрийг дэвшүүлж билээ. Тухайн үед хүмүүс энэ асуудалд тоомжиргүй хандсан ч 28-хан настай Д.Гантулга олны итгэлийг хүлээн, төрийн түшээ болж чадсан. Тэгэхэд МАН түүгээр имижээ бүрдүүлж, намынхаа нэр хүндийн баталгаа болгож байсныг бүгд санаж байгаа биз ээ.

Удсан ч үгүй тэрбээр чуулганы танхимд хурц шүүмжлэлүүд тавьж, нийтийн талархлыг хүлээж эхлээд байсан. Чухамдаа түүнийг нэг жилийн хугацаанд ирлэж, хурцалж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн томоохон дуулианыг өрдөх галт бамбарыг атгуулаад тавьчихсан нь тэр. Гэхдээ яагаад заавал Д.Гантулга байв. МАН-д хэлэмгий доломгой үгтэй олон залуу бий. Гэвч тэд ийм том дуулиан руу чигээрээ харайж орохгүйгээ мэдэхүйц хашир, санаатай хүмүүс тул хамгийн залуу нэгнээ түлхсэн хэрэг.

Тэр үед АН-д хар гүтгэлгийн асар том машин ажиллаж байсан. Гэтэл тэдний болгоомжилж байсан нөхөд энэ дуулианыг өрдсөнгүй. Оронд нь хал балгүйхэн залуу түшээгээ явуулчихсан байсан тул эсрэг ажиллагааг ядах юмгүй хийчихсэн. Үр дүнд ч хүрсэн.

Одоо харин УИХ-ын гишүүн Д.Гантулга олны нүдэнд хүчирхийлэгч гэж харагдахаас биш түүний тойрогтоо хийсэн чухал ажил, бодлогын асуудлуудын талаар хэн ч, юу ч дурдсангүй. Мань эр өөрөө ч энэ талаараа дурссангүй.

Харин өөрсдийгөө “ядарсан”, “ядуу” хохирогч хэмээн зарлаад байсан эгч, дүүс өдгөө Монголын хамгийн үнэтэй дөрвөн өмгөөлөгчийг хөлслөн, шар сайтуудыг өөртөө авч, Д.Гантулгыг нийгмийн адаг болгохоор ажиллаж байгааг дээр дурдагдсан ижил үг өгүүлбэртэй мэдээллүүд гэрчилж байна. Тэр ч бүү хэл, бүхэл бүтэн хуулийн фирм зөвхөн энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн. Наранзаяа, Саранзаяа нарыг анх энэ хэргийг нийтэд мэдээлэх үед эмэгтэйчүүд ялангуяа Д.Гантулгыг зүхэж, бүсгүйчүүдийг хамгаалж, өмгөөлж байсан нь үнэн. Гэвч өдрийн төлбөр нь олон саяар хэмжигдэх эдгээр өмгөөлөгч, хуулийн байгууллага үнэ хөлсгүйгээр ажиллана гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй гэж хэлэхэд нэг их дэгсэдсэн болохгүй байх. Одоо энэ хэрэг бидний төсөөлж байснаас хальсныг Наранзаяа, Саранзаяа нарын өмгөөлөгч Х.Мэргэн хэмээгч нь Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хандсанаас харж болно. Тэрбээр хууль хүн бүхний өмнө тэгш үйлчилнэ гэсэн заалтыг өмнөө барьж, УИХ, Үндсэн хуулийн цэцэд хандаж Д.Гантулгыг яллуулна гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгэхээр энэ асуудлаар дамжуулан холбогдох хуульд орсон үе үеийн өөрчлөлт тус бүрээр Цэцтэй заалдахаар шийдсэн байна. Хамгийн гол нь түүний гаргасан гомдол нь одоог хүртэл ҮХЦ-д ирээгүй гэдгийг албаны эх сурвалж онцлон хэлж байсан юм. Ямартай ч одоогоор УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбогдох хэргийг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүйг албаны эх сурвалж мэдээлж байв. Тэгэхээр өдгөө Д.Гантулга ч гэсэн Монгол Улсын иргэн. Түүнд ч мөн адил Үндсэн хуулийн хууль заалтууд үйлчлэх ёстой.

Эндээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь Монгол Улсын шүүхийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад түүнийг ийн харлуулж, боорлох нь хэнд ашигтай юм бэ. Д.Гантулга яг юунд орооцолдчихов.

С.УУЛ

Эх сурвалж: 'ӨГЛӨӨНИЙ СОНИН'

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47658
2 эможи
keyboard_arrow_up