Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Байнгын хороод хэлэлцэж дэмжлээ

2017 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өчигдөр (2017.10.17) өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн улс төрийн болон тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын зарчмаар хамтран ажиллах чадвартай гэж үзсэн гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсөл өргөн мэдүүлэх үеэрээ онцолсон юм.

Related image

УИХ-ын Байнгын хороод өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэж дэмжлээ.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд болон Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд Ө.Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилуулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжив.

Дараа нь Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох тухай асуудал хэлэлцэж, нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Ерөнхий сайд хийлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО:

Төсвийн байнгын хорооны хуралдаан 12 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Чимидийн Хүрэлбаатарыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилохыг дэмжив.

 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 12 цаг 55 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналыг хэлэлцэв. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналыг дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилуулах асуудлыг хэлэлцээд мөн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Эцэст нь Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг дэмжив.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО:

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13 цаг 31 минутад 51.5 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэв.

Хамтарсан хуралдаанаар эхлээд Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн юм. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Ц.Гарамжав нар санал хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилохыг дэмжив.

Дараа нь Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр нар саналаа хэлсэн юм.

Ингээд санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 92.6 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналыг дэмжлээ.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО:

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14 цаг 53 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Б.Жавхлан нар нэр дэвшигч болон Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нар саналаа хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилуулах саналыг хэлэлцэв. Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Ундармаа нар асуулт асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив.

Үргэлжлүүлэн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Х.Болорчулуун, Б.Жавхлан, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав нар үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэллээ.

Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжив.

Эцэст нь Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж дэмжлээ. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжлээ.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15 цаг 48 минутад 73.8 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийсэн юм.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, С.Эрдэнэ нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжив.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16 цаг 14 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийлээ.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилохыг дэмжсэн юм.

Дараа нь Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулав.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Оюундарь нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилохыг дэмжлээ.

Үүгээр Байнгын хороодын хуралдаан өндөрлөлөө. Засгийн газрын гишүүдийг томилуулах Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48243
0 эможи
keyboard_arrow_up