Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тоон дотор УЛС ТӨР цохиж явах юм

2017 оны 11 сарын 02

-Хэрвээ монголчууд дөрвөн саяулаа байсан бол “40 гэр бүл” гэдэг нэршил гарч ирэх байсан болов уу. Ухаандаа Монгол Улс гурван сая хүнтэй, “30 гэр бүлтэй” юм чинь гээд хувьчлан бодвол 300 сая хүнтэй АНУ-д “300 гэр бүл” байгаа ч гэсэн болох нь- 

Монголын улс төрд тоотой холбогдсон хэлц, нэршлүүд жин дарах болсоор удлаа. Хамгийн сүүлд л гэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг “30 гэр бүл”-ийн нэг хэмээн тодорхойлж, улмаар албан тушаалынх нь томилгоонд хориг тавив.Учир утгыг нь сайн ойлгоогүй ч монголчууд үүнд нь бат гүн итгэчихсэн байлаа. Угаас Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгын сурталчилгааны үндсэн санаа нь ч энэхүү “30 гэр бүл”-ээр илэрхийлэгдэж байсан билээ. 

Монголын хувь заяаг “30 гэр бүл”-ийн аюулаас салгая гэх мэтчилэн ухуулгад автсан олон нийт дургүй хүргэсэн нэгнээ шуудхан л “30”-ийн нэгээр зарлах болсон. Гол нь, монголчууд болон улстөрчид өөрсдөө ч энэ “30”-д яг хэн хэн багтаад байгааг мэддэггүй. Мөн энэ гэр бүлүүд Монгол Улсад чухам ямар гай уршиг тариад байгааг ч ойлгоогүй, мэдээлэлгүй суугаа.

Тиймээс л Ерөнхийлөгчийн хоригийн дараахнаас л үүндээ хариулт нэхэх болжээ. Хэвлэлүүдээр ч “Ерөнхийлөгч өө, “30 гэр бүл”-ийн тухай тодорхой мэдээлэл өгөөч” хэмээх утга бүхий хүсэлт, шаардлагууд хөврөх болов.

Учир нь нялх хүүхдүүдийг хадны мангаагаар айлгахад тэд энэ мангаа нь чухам яг ямар маяг дүрстэй этгээд байдгийг мэдэлгүйгээр зүгээр л айдаг. Яг түүн шиг, “30 гэрбүл”-ийн талаар хэн ч, юу ч мэдэхгүй байгаа хэр нь нийгэм дэх хамгийн том дайсан, Монгол Улсын ирээдүйд хор учруулагч нь эдгээр гэр бүл гээд ойлгочихсон байж. Харин Ерөнхийлөгч маань өнөөг хүртэл энэ тухай ямар ч тодорхойлолт гаргаагүй явсаар.

Гэвч мөнөөх нууцын чинад дахь гэр бүлүүдийн учир утга сая тодров бололтой. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монголчууд гурван саяулаа учир толгой холбоод 30 гэр бүл гэдэг томьёог гаргасан. Түүнээс биш байгалийн баялгаар баяжигсадтай хамаагүй” гэчихлээ. Ердөө ийм л нэгэн толгой холбон тоглосон хэлцээс болж монголчууд өнгөрсөн хугацаанд талцаж, хэрэлдэж, нэгнээ гүтгэж байжээ. Хэрвээ монголчууд дөрвөн саяулаа байсан бол “40 гэр бүл” гэдэг нэршил гарч ирэх байсан болов уу.

Ухаандаа Монгол Улс гурван сая хүнтэй, “30 гэр бүлтэй” юм чинь гээд хувьчлан бодвол 300 сая хүнтэй АНУ-д “300 гэр бүл” байгаа ч гэсэн болох нь.

Тиймээс л цадиггүй амтай дарга нарыг ер нь яая даа гэх хэлц үг ч гарчихлаа. Яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамын газрын дарга З.Энхболд нар одоо улстөрчид биш төрийн түшээд. Хэлж ярих асуудал нь тэр чигтээ эх орны хөгжил дэвшил, эв нэгдлийг төлөө байх ёстой. Гэтэл харин ч эсрэгээрээ нийтийг ташаа ойлголтоор талцуулж, хагаралдуулж байгаагийн цаад шалтгаан нь юу байж таарах вэ. Зүгээр нэг улстөрийн хэнхэгтэнгүүд байсан бол хамар доорх хагархайгаа хүссэнээрээ ашиглах болох байлаа.

Хэд хоногийн өмнө л гэхэд мань З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригоос болж хүн гүтгэгдвэл яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Төрийн ажилд заавал шүүхээс гэм буруутайг нь тогтоох албагүй шүү дээ. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол тэр хүн шүүхээс ял авах ёстой. Ах дүүсээрээ Монголын баялгийг зарчхаад Сангийн сайд хийж чадна гэж бодохгүй байна” гэж хариулжээ. Төрийн дээр хууль байх ч З.Энхболд болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар түүнээс ч дээр байдаг бололтой.

Ер нь тоон баримтыг чээжээрээ, эмоциороо зохиож гаргаж ирэнгүүтээ төрийн шийдвэртэй хутгалдуулж, буруу хазгай үр дүнд хүрсэн тохиолдол манайд цөөнгүй байдаг аж. Ямартай ч тэдний энэхүү үйлдлийг иргэд олон нийт цахим ертөнцөд шүүмжилж санал бодлоо хэлсээр байна.

ХАМГИЙН АНХНЫ ТООГООР ШОУДСАН ХҮН НЬ ФОРТУНА Н.БАТБАЯР

Жишээ татахад, гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээч нэгэн гай түйтгэр Монголын эдийн засагт хэр хор хохирол учруулсныг бүгд мэдэх байх. Гэнэтийн ашгийн татвар буюу 2006 оны тавдугаар сарын 12-нд батлагдсан зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн гороор алдсан зүйл их.

Хууль гарахын өмнөх жил буюу 2005 онд Монголбанкинд алт олборлогчид 24 тонн алт худалдсан бол өнгөрч буй 2010 оны сүүлийн үеийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр хоёр тонн хүрэхгүй алт Төвбанкны нөөцөд орж ирсэн.
Энэ хуулийн хамгийн том хар мөр нь алт олборлогчдыг хууль бус наймаа, хулгай, контрбантын хэрэг рүү хүссэн хүсээгүй түлхсэн явдал.

Олборлосон хамаг алт нь хар наймааны замаар гарсан гэдгийн баталгаа нь дээрх албан ёсоор тушаасан алтны хэмжээ тонн тонноор багассан тоо баримт. Монголчууд алт олборлохоо больчихсон хэрэг биш, ердөө л хулгай замаар орсны баталгаа гэхэд буруудахгүй. Хэн бүхэн луйврын зам руу гулсчих юм сан гэж хүсэхгүй, ялангуяа бүхнийг өөрсдийнхөө гараар цогцлоосон бизнесменүүд.

Хэр таарсан татвартай байсан бол өөрсдийгөө гэмт хэргийн цаламд орооцолдохыг хэн л хүсээ аж. Хамгийн инээдтэй хийгээд эмгэнэлтэй нь, Монголын мэргэн улстөрчид Гэнэтийн гэгдсэн татварын хувиа тогтоохдоо Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга төрснийг бэлгэдсэн гэдэг. Хэрвээ Ёкозүно Д.Дагвадорж 80 дахь ч юм уу Их аварга болсон бол тэр татварын хувь хэмжээ яаж тогтох байсныг тухайн үед үүнийг санаачилсан “Фортуна” хочит Н.Батбаярын тархи толгой мэдэх байсан биз ээ.

Үүнээс гадна, мөнөөх алдарт офшорын 49 “баатар”. Хэдийгээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Монгол Улсыг 49 офшорчинтой гэж мэдэгдсэн гэж байгаа ч энэ бол төрийн хэмжээний шийдвэр гаргахад нөлөөлөх эх сурвалж биш. Гэтэл манай төрийн тэргүүн үүнийг үндэслэл болгуутаа л 49 офшорчин 49 хоногийн дотор хөрөнгөө буцаан татна уу хэмээн зарлачихсан.

Эмгэнэл үү, хошигнол уу. Гэхдээ аанай л 49 хүн, 49 хоног, мөн нийт 17 тэрбум гэхээс биш яг хэн хэн энд багтаж байгааг ч тоймлоогүй. Нэрсийн жагсаалт гаргасан байсан ч энд нь дандаа түүний өрсөлдөгч нар байсан гэхээр итгэмгүй. Уг нь нэгэн цагт Ерөнхийлөгч Х.Баттулгыг офшор бүсэд тэрбум гаруй ам.доллар нуусан гэж баримт сэлттэйгээр гарган ирсэн явдал байгаа.

Хэрвээ үнэхээр л Монгол Улс офшор бүсэд 17 тэрбум ам.доллартай, тэрийг нь 49 хүн хувааж эзэмшиж байгаа юм бол манай Ерөнхийлөгч өөрөө хамгийн том хадгаламжтай нь болж таараад байх юм.

Ингээд бодохоор улс төрөөс гарсан тоон хэлцүүдэд итгэж, талцаж байдаг бид ч яах аргагүй амгалан тайван, хайнга нь дэндсэн ард түмэн юм даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48906
0 эможи
keyboard_arrow_up