Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан: Б.Хурц гэдэг эрхэм тагнуулыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох гэж яарах хэрэггүй

2017 оны 11 сарын 06

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг БНСУ руу Элчин сайдаар томилох Засгийн газрын шийдвэртэй холбоотой хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүний үүрэг бол Монгол Улсын гурван сая иргэний нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө ажиллах. Хоёрдугаарт Монгол Улсын хуулийг батлахаас гадна хэрэгжилтийг нь хангуулахын төлөө ажилладаг. ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй хувийн маргаан, хувийн сонирхлын зөрчил надад байхгүй. Миний бие өнгөрсөн дөрвөн жилд Өргөдлийн байнгын хороонд ажилласан. Энэ хугацаанд Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсныг та бүхэнд  сонордуулъя.

Нэгдүгээрт, Д.Энхбат гэдэг залууг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг тариа хийж хулгайлж, хууль бусаар авчирсан хүн бол Б.Хурц юм. Үүнийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Тэр талийгаач залуу бүтэн нэг жил Монголын шоронд хууль бусаар хоригдоод, хилс хэрэгт баривчлагдсан нь тогтоогдож суллагдсанаас хойш 6 сарын дараа амь насаа алдсан. Гэр бүлийн хүмүүс нь бидэнд маш их өргөдөл явуулдаг. Үүнийг зохион байгуулсан, хууль бусаар хүн хулгайлсан гэмт хэрэгт Б.Хурц гэдэг хүнийг Европын холбоо, Английн шүүх, Германы шүүх, хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Одоо ч энэ хэрэг дуусаагүй байна. Үүнийхээ төлөө Европын холбоо руу орох эрхгүй, Persona non grata болсон хүн. Энэ хэргийг шалгах ёстой гэж би боддог. УИХ-ын нээлттэй сонсголын хүрээнд энэ асуудлыг ярих ёстой. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын гишүүн нь гадаадаас хууль бусаар хулгайлдаг явдлыг таслан зогсоохын тулд би үүнийг ярьж байгаа юм.

Хоёрдугаарт, саяхан ТЕГ-ын байцаагчид С.Зориг агсны хэргийг мөрдөн шалгаад Улсын дээд шүүхээр оруулж, улс төрийн захиалгатай аллага байна гэж үзээд, Монгол Улсын гурван иргэнд ял өгч явуулсан. Одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Энэ асуудлаар би Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. ТЕГ-ын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол авсан байдаг. Бид генералаас асуух ёстой. С.Зоригийг хэргийн захиалагч ил болохоос нааш Б.Хурц гэдэг хүнийг дараагийн ажилд томилох нь утгагүй, хууль зөрчсөн хэрэг гэж би үзэж байна.

Гуравдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол манай алдарт тагнуулч Б.Хурц юм. 49 хувийг Засгийн газар давуу эрхээр худалдан авах бүрэн боломжтой байсан. Гэтэл ХХБ-нд авч өгөх операцыг ТЕГ-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ-д мэдэгдэхгүйгээр хийсэн. Энэ асуудлыг бид ярих цаг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхээс нааш Б.Хурц гэдэг эрхэм тагнуулыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг яарах хэрэггүй гэж бодож байна.

Дөрөвдүгээрт, ТЕГ-ын дарга Цогтбаатар гэдэг хүнд хилсээр ял өгч, хэлмэгдүүлж шоронд явуулсан, зохион байгуулсан хүн нь Б.Хурц болох нь үнэн гэдэг өргөдлийг Цогтбаатарын эхнэр Мандах гэдэг эмэгтэй УИХ-д өгсөн. Энэ өргөдлийг УИХ өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй дарж байна. Энэ өргөдлийг шалгаж УИХ дээр ярих ёстой гэж би харж байгаа.

УИХ-ын гишүүд, олон бизнесмэнүүд Б.Хурц гэдэг хүнээс айдгийг би ойлгож байна. Гэхдээ алийн болгон айж амьдрах юм бэ. Насаараа айж амьдрах юм уу. ТЕГ-ын нэрийг барьж, олон хүний, бизнесийг булаасан гэдэг гомдол бас ирж байна. Б.Хурц гэдэг хүнд газар, лиценз, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс УИХ-д албан ёсоор өргөдлөө өг” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
49188
5 эможи
keyboard_arrow_up