Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Алдагдалтай айлсах төсвийн сахилга бат

2017 оны 11 сарын 09

Алдагдалтай айлсах төсвийн сахилга бат

Сүүлийн жилүүдэд төсөв батлах бүртээ “Эдийн засаг хүндэрсэн учраас бүсээ чангалж, зардлаа танах хэрэгтэй” хэмээж байв. Гэвч хачир дээрээ орлогоосоо хэт дав­сан тооцоо хийж түү­нийгээ баталсаар ирсэн. Энэ нь эцэстээ өрийн дарамтыг үүсгэж байгааг дээр, дооргүй л ярьж байна. Энэ жилийн тухайд өнөөх дүр зураг хэ­вээр үргэлжилсээр. Тодруул­бал, Монгол Улсын 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогыг до­лоон их наяд 231.4 тэр­бум төгрөг байхаар тусгажээ. Харин зарлага нь есөн их наяд 651.9 тэрбум төг­рөг байх аж. Магадгүй хасч танаж болох бүхий л зардлаа танасан гэх байх. Гэсэн ч 2.4 их наяд төгрөгийн алдаг­далтайгаар батлах нь. Нөгөөтэйгүүр, оны эхэнд 500 сая ам.долларын өр төлөх зайлшгүй шаард­­­лага бий. Энэ нь төсвийн зардлыг өсгөх нэг шалтгаан болсон гэж зөвтгөе.

ХОЙМОРТ ЗАЛРАХ АЛДАГДАЛ
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд ОУВС-гаас “Өргөтгөсөн санхүү­жилтийн хөтөлбөр” авсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг сахих шаардлагатай гэж заасан байгаа юм. Тэгэхээр энэ удаагийн төсөв нэлээд чамбай байдлаар тооцоологдох болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа эдийн засагчид хэлж байлаа. Харамсалтай нь “алдагдал”-тай хэзээ ч салахааргүй нөхөрлөсөн бололтой.

Гэхдээ төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн байна. Тэрээр “Ирэх онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Мөн улсын төсвийн алдагдлыг ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьд хүргэнэ. Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулсаар 2020 он гэхэд 4.5 хувьд хүргэнэ” гэжээ.

Ямартай ч Засгийн газрын тэргүүний хэлсэнчлэн алдагдлыг үе шаттайгаар бууруулвал хаяа дэрлэн айлсах алдаг­дал алсрах биз хэмээн өөдрөгөөр төсөөлье. Харин үүний тулд хөндлөнгийн эдийн засагчдын хэлж буй зөвлөгөө, саналыг сайтар анхаарах хэрэгтэйг дашрамд сануулъя.

МЭРГЭЖИЛТНҮҮД БА ЭРХЭМ ГИШҮҮД

Ер нь төсвийн зарлага өсдөг шалтгаан нь улс төртэй холбоотой гэлцдэг. Учир нь сонгуулийн үеэр ард түмэнд таалагдах амлалтуудын төлөөс нь “мөнгө”. Сангийн яамныхан төсвийн тооцооллыг ягштал хийх чадвартай мэргэжилтнүүдтэй гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Харин цаг хугацаа, оюун хүчээ зарцуулан байж хийсэн тооцоог нь улстөрчид хайр найргүй өөрчилсөөр зарлага өсдөг бичигдээгүй хуультай гэдгийг ч бас хэлдэг. Үнэн хэрэгтээ төсвийн зардал өсөх шалтгаан нь улстөрчдийн сонгуулийн тойрогтоо ардын баатар болж харагдах зэвсэг эсхүл өмч гэж ойлгодогтой холбоотой хэмээн “Зууны мэдээ” сонины “Leaderships forum” булангийн зочин эдийн засагч Ч.Отгочулуу хэлж байсан юм. Нэг их хол зөрөхгүй л болов уу. Төсвийн хэлэлцүүлгийг харахад “Манай тойрогт сургууль, цэцэрлэг зайлшгүй шаардлагатай тул санхүүжилтийг нь тавихгүй байж болохгүй” хэмээн зүтгэх гишүүд нэлээдгүй таарч байсан. Мэдээж нийгмийн асуудлыг нь шийдэх гэж гарсан учраас тэднийг буруутгах аргагүй ч тухайн нэг тойргоос илүүтэй нийтийн эрх ашгийг харах алсын хараа чухал юм.

Ирэх жилийн төсвийг тооцохдоо санхүүгийн сахилга батыг сахья, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулъя, манай улс руу орж ирэх мөнгөний ханшийг бууруулъя гэсэн зарчмыг баримталсан хэмээн УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн хэлсэн. Хэдийгээр шинэ Засгийн газар эргүүлэн татсан ч төдийлөн өөрчлөлт орохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр ярьж байсан юм.

Уг нь ирэх жилийнхээ төсвийг чамбайхан баталчихвал, гадныхнаас хараат байдлаар эдийн засгаа удирдахгүй хэмээдэг монголчуудын зорилго биелэхэд нэг алхам ойртох юмсан даа.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49350
0 эможи
keyboard_arrow_up