Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХОХИРОЛ ДАГУУЛАХ ХОРИГ

2017 оны 11 сарын 09

Холбоотой Зураг

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улстөржилгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна” гэх үгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс Х.Баттулга зарлан тунхагласан нь ердөө ганцхан сарын өмнө. Гэвч Төрийн тэргүүн маань хэлсэн үг, тавьсан илтгэлийнх нь бэх нь хатаагүй байхад л тэс өөр үйлдэл гаргаад эхэллээ.
УИХ-аар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжид хориг тавих нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх мөн л дөө. Гэхдээ шинэ Ерөнхийлөгчийн маань хориг алдааг илрүүлж, бурууг засах гэхээсээ УИХ-тай сөргөлдөх, засаг төрийн үйл ажиллагааг гацаах далдын зорилгод чиглээд байна уу даа гэж харагдаад эхлэв. Нөгөө талаар улс төрийн намаас ангид байж, намын гишүүнчлэлээсээ татгалзаж байж хашдаг Төрийн тэргүүний албан тушаал, түүнд үйлчилдэг Тамгын газар нь Ардчилсан намын штаб мэт ажиллаж байна гэсэн шүүмжлэл дагалдах болов.
Энэ бүхнийг орхин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан үйл явдлын талаар цэгнэх гээд үзье. Ерөнхийлөгчийн хориг хэр үндэслэлтэй вэ, төсвийн тодотгол үнэхээр муу болсон уу гэдэгт хариу хайя.
Монголын аль ч парламент, ямар ч засаг тухайн цаг үедээам дүүрэн магтуулж, төсвөө батлуулж байсан удаагүй. Сайн, муу аль аль нь л байсан байх. Гэхдээ 2017 оны төсвийн тодотгол муугаасаа сайн нь илүү гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. 2017 оны төсөвт тодотгол хийх болсон шалтгаан нь төсвийн орлого давж биелсэнтэй холбоотой. Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд төсвийн орлого давах үзэгдэл мартагдсан.
2012-2016 оны хооронд Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тасралтгүй унаж, 2012 онд 17.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2016 оны эцэст чүү чамай 1.3 хувьд хүрсэн. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын “Стандарт энд Пүүрс” (S&P) агентлаг эдгээр жилүүдэддөрвөн шатлал бууруулсан түүхтэй. Нэгдсэн төсвийн орлого 1.0 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж, төсвийн алдагдал гэрлийн хурдаар өсч байсан цагийг бид мартжээ.Гэтэл өнөөдөр төсвийн орлого нь анх удаа нэмэх үзүүлэлттэй гарч, түүнийгээ зайлшгүй шаардлагатайажил, арга хэмжээнд хэрхэн, яаж зарцуулахаа хэлэлцэн баталж байгааг сайшаахгүй юмаа гэхэд шүүмжлэмгүй санагдана.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6.537.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлагыг9.154.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 2.617.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.5 хувьд хүргэж, Засгийн газраас өргөн барьсан төслөөс 94.1 тэрбум төгрөгөөр багасгаж буюу0.4 пунктээр бууруулж баталсан.
Манай нийгэм, эдийн засгийн амьдралд гарцаагүй шийдлээ хүлээсэн асуудлууд шил дарж байгаа ч 2017 оны төсвийн тодотголд бүгдийг нь бус, чухлыг нь эрэмбэлэн шийдвэрлэхээр зорьсон.Тухайлбал, 2017 оны зуны улиралд нийт нутгийн дийлэнх хэсэгт гандуу, гантай байсныг, өвлийг яаж давна даа гэсэн айдас болгоомжлол хот хөдөөгүй байгааг бүгдээрээ мэднэ. Үүнээс шалтгаалан газар тариалангийн салбарт ургац алдах, мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байдалд хүргэх төлөвтэйг мэргэжлийн байгууллагууд хэдийнэ анхааруулсан. Иймд хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болсон.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийг монголчуудын олонхи нь чих тавин хүлээж, УИХ-ын гишүүд МАН, АНялгаагүй чанга дуугаар шаардаж байгаа. Түүнчлэн иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлснийг хэн ч буруу гэхгүй баймаар.
2012-2016 оны Засгийн газрын үед хувийн хэвшлийнхэн байгаагаа банкинд дэнчин болгон тавиад авто зам, барилга гээд бүтээн байгуулалтын талбарт ханцуй шамлан зүтгэсэн ч хийсэн ажлынхаа хөлсөөтөрөөс авч чадалгүй аргаа барсан. Жагсаал, суулт хийх дээрээ тулж, тэмцлийн хэлбэрээ хурцатгаж байсан цаг саяхан. Тэгвэл энэхүү тодотголоор өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт, шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар шийдвэрлэсэн.
Хөрөнгө оруулалтын зардлыг боломжийн хэрээр хянаж, заримыг нь бүрмөсөн хассан. Тухайлбал, төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголд шинээр нэмэгдэж, тэр хэрээр хэл ам дагуулсан 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас, аудитын дүгнэлт гараагүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 4 төсөл арга хэмжээг барих-шилжүүлэх концессийн төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнээс тус тус хассан. Үндэсний аудитын газрын дүгнэлтийн дагуу хоёр төсөл, арга хэмжээний 2017 оны санхүүжих дүнг 1.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн.
Үүнийг УИХ Монгол Улсын төсвийн тухай хуулийг чанд сахиж, сахилга баттай байхыг Засгийн газартаа сануулсан эхний сануулга гэж үзэж болно. Энэ мэтсайн алхам төсвийн тодотголд цөөнгүй бий.
Хэрвээ заавал хориг тавих гэж гар нь загатнаад байгаа бол “бас ч авч үзэж болохоор” гэж хэлж болох ганц асуудал нь төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн урамшуулал олгох, түүнд зарцуулах 55 тэрбум төгрөгийн асуудал байлаа.
Үүнийг “Ерөнхийлөгч 192 мянган төрийн албан хаагчид төсвийн 55 тэрбум төгрөгийг тараах халамж ч юм шиг, авлига ч юм шиг нэг удаагийн, үр ашиггүй бодлогыг дэмжих боломжгүй гэж үзээд хориг тавьсан” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь хэвлэл мэдээллээр тайлбарлаж эхлэв. Үнэндээ энэ нь жоомоо алах гээд байшингаа шатаадгийн үлгэр гэлтэй. Нэг заалтаас болж нийгэмд шийдлээ хүлээсэн, шийдвэрээ горьдсон олон чухал асуудлыг ганцхан далайлтаар тас цохиж, гацаахыг оролджээ гэхээс өөр тайлбар эндээс олдохгүй байна. Саяханчуулганы индэр дээрээс “Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага” гэж хэлж байсан Ерөнхийлөгч маань гэнэт ажлын үр дүнгийн урамшуулал олгохыг буруушааж эхэлснийг юу гэж ойлгох вэ.
Ердөө жилийн өмнө эдийн засаг хүндэрч, Монгол Улс дампуурлаа зарлах дээрээ тулсан тулОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах шийдвэрийг гаргаж,төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, нийгмийн халамжийн бодлогыг тэлэхгүй байх зэрэг амлалт авсан.Эдийн засаг сэргэх эхний шинж илрэнгүүт олон улсын түвшинд хийсэн гэрээ хэлцлээ өөрчилж, хэлсэн ярьснаасаа буцаад байх нь Монгол Улсыг дэлхийн тавцанд муухай харагдуулах нь тодорхой.
ОУВС-тай хийсэн гэрээний дагуу Монгол Улс 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаах ёстой. Эдийн засаг хүнд, өрийн дарамттай энэ цаг үед төрийн албан хаагчдын цалинг нэмбэл дараагийн жилүүдэд тогтмол зардал болж хувирдгийг захын хүнгадарлана.Гэвч Засгийн газар нүүрээ улалзуулан байж, 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдөлгөөгүй, инфляцын түвшин огцом нэмэгдсэн зэрэг шалтгаан тайлбарлаж,нэг удаагийн урамшуулал олгохыг ОУВС-гаар зөвшөөрүүлж чадсан. Төрийн албан хаагчдынажлын үр дүнгийн урамшуулал олгох энэ шийдвэр нь Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрээр ярилцаж тохироод, гэрээгээ зөрчихгүйгээр дундын хувилбараар шийдэх ганц гарц юм.
Хоригийг хүлээж аваад төрийн албан хаагчид олгох ажлын үр дүнгийн урамшууллыг зогсоож болно. Гэвч асуудал ингээд шийдэгдэхгүйг Ерөнхийлөгч ч, УИХч, Засгийн газар ч, иргэд ч мэдэхийн цаагуур мэдэж байгаа.Тэгэхээр Ерөнхийлөгчийн хориг ердөө л улстөржсөн үзэгдэл, эзнээ хожигдолд хүргэх тааруухан нүүдэл, хохирол дагуулж мэдэх алхам болчих шиг боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49363
0 эможи
keyboard_arrow_up