Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ЫН сүүлчийн найдвар У.ХҮРЭЛСҮХ

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ 7500 ам доллар болоход ард иргэд улс төрийг сонирхохоо больж эхэлдэгийг С.Баяр намынхаа залуучуудтай уулзах үеээр хэлж байв. Тэр хүртэл өдий ч байж магадгүй эсвэл бүр дампуурч ч болох. Улс орон эдийн засгийн хувьд дээсэн дээр мод барин тэнцэж ядан явна. Улс төрийн хувьд нэг халтирхад дахиад олон жил хүлээж байж сэхэхээр хэмжээний гүн хавцал руу унахад ойрхон байна. Японы эрдэмтэн дипломатч биднийг хараад та нар өөрсдөө л хямруулаад байгаа юм байна гэж билээ.Үнэндээ Монголын эдийн засгийн хямрал гээч нь улс төрийн тогтворгүй байдал, засаглалын болхи загвараас үүдсэн гэдгийг өдгөө хүн бүр мэдэх болж.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн намын дарга гэсэн албан тушаал нэг хүнд байж гэмээнэ Засгийн газар улс төрийн хувьд бүрэн дэмжлэгтэй болж ажил хийх боломжтой болдог. Дугуйг ингэж л бүтээсэн. Гэтэл манай улс төрчид дугуйг өөрөөр бүтээх гэж муйхарлан зүтгэсээр улс орныг туйлдуулж орхилоо. АН 2016 оны сонгуульд ялагдсаны хариуцлагыг намын дарга З.Энхболд хүлээсэн үү Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хүлээсэн үү. Хэн нь ч хүлээгээгүй. З.Энхболд өнөөдөр бараг дэд ерөнхийлөгч болон дэвшсэн бол Ч.Сайханбилэгт ямар эрх мэдэл байсан биш дээ гэсэн өнцөгөөр хүмүүс түүнийг буруутгадаггүй. Нэг жишээ санаж байгаа байх. Ч.Сайханбилэг тавантолгойг хөдөлгөнө гэж зурагтаар ярсаны маргааш З.Энхболд УИХ ын даргын өндөр суудлаас “хохь чинь шүү” гэж хэлээд ажлыг нь зогсоож байлаа. Үнэндээ энэ хоёр хүн хариуцлагыг дундаа ацаглаж хэн нь ч хариуцлага хүлээгээгүй юм. Тиймдээ ч АН эрх мэдэл авбал яг энэ загвараараа улс орноор дахин тоглоход бэлэн яваа нам.

МАН 28-р их хурлаа хийх гэж байна. Хурлаас гарах гол шийдвэр нь У.Хүрэлсүхийг намын дарга болгох. Угаасаа бодитой өрсөлдөгч түүний өмнө алга. Одоо нэр нь дуулдаж хэвлэлээр янз бүрийн юм бичүүлээд яваа нөхөд бол зүгээр л түр зуур тодорч харагдахыг хүсэгчид. Зарим нь албан тушаалаа хадгалж үлдэх гэсэн бяцхан амбиц тээж сонинд шударга ёс, зарчим гэсэн сүржин ярилцлага өгч явна. Бусад нь бол зүгээр л тохиролцох гэсэн жижиг гарын наймаачид. МАН яаж ч дампуурч дотороо толхилцлоо гээд одоо бол намын дарга ерөнхий сайдын албан тушаалыг нэг хүн хавсарч хийхгүй бол болохгүй гэдгээ мэдэхтэйгээ. Үүнийг өмнөх жишээ баримтаар нотлож болно. МАН-ын 25-р их хурал 2007 онд болсон. Тэр үеийн намын дарга, ерөнхий сайдын албан тушаалыг М.Энхболд хашиж байхад С.Баяр хариуцлага үүрүүлэх гэж байгаа бол эрх мэдэл өг гэж хэлээд намын дарга ерөнхий сайдын албан тушаалыг хоёуланг нь авч байв. Харин энэ удаад У.Хүрэлсүх С.Баяраас ч ширүүхэн дайраад намын даргын суудлыг авах нь тодорхой. Энэ нь ч зөв. Эндээс ганцхан МАН биш Монгол улс хожно.

Хэрэв У.Хүрэлсүхээс өөр хүн намын дарга болвол Ж.Эрдэнэбат болон Ч.Сайханбилэг нарын засгийн замаар орно. Дээрх хоёр эрхэм морь унасан толгойгүй хүн буюу хоёул өөрсдөө шийдвэр гаргах эрхгүй ерөнхий сайдууд байлаа. Тиймдээ ч хоёулаа адилхан өөрөөсөө бус өөр хүнээс болж унасан. Тэгэхээр МАН ын 28-р их хурлын төлөөлөгчид өнөөдөр сонголтгүй сонголтын өмнө тулсан гэсэн үг. Тэдэнд ерөнхий сайдаас өөр хүнийг даргаар гаргаж ирж улс орноор тоглох эрх байхгүй. МАН одоо засагаа дахиж хөнтөрвөл 2020 онд үндэсээрээ арчуулна гэдгээ мэдэж байгаа. Ард түмэн ч үүнийг сайн сайханаар хүлээж авахгүй нь тодорхой. Нөгөө сонголт нь У.Хүрэлсүхэд эрх мэдэл өгвөл өгсөн шиг өгөөд галаа унтрааж хамтдаа зүтгэх. Энэ тохиолдолд бас ч гэж боломжууд байна. Хагарч бутарсан улс орныг хатуу гараар зангидаж байсан түүх элбэг дэлбэг. Одоо Монгол улсад ч тэр МАН д ч тэр хатуу гар, сахилга хариуцлага хэрэгтэй байна. Тэр дүрд одоогоор У.Хүрэлсүхээс өөр тохирох хүн үзээд өгье гэсэн ч алга.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
49561
3 эможи
keyboard_arrow_up