Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХҮЛЭЭЛТ

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

-“Аваа өгөө” болсон хоёрын аль алиных нь өөрчлөлтийн дараах цаг яг энэ зураг дээрх мөчөөс эхэлсэн юм. Албан тушаал хүлээн авсан эрхмийн хувьд ажил хийх, ард түмний итгэлийг зүтгэлээр хариулах хүлээлтийг үүсгэсэн бол албаа өгсөн эксийн хувьд “хаачих бол” гэсэн хүлээлтийг үүсгэсэн-

Нэгэн он шувтрахын үес өнгөрөгч жилийнхээ өнгө төрхийг тодорхойлох үйл явдал, хувь хүмүүсийг нэрлэдэг нь уламжлал. Тухайн үйл явдал хийгээд өгөгдөл нь Монгол Улс, монголчуудын амьдралд сайн, саар, саармаг гээд ямарваа нэгэн нөлөөллийг үзүүлсэн байдгаараа онцлог. Энгийнээр хэлбэл, биднийг инээлгэсэн, эсвэл уйлуулсан, магадгүй ундууцуулсан байдаг тийм онцгой үйл явдлууд, онцгой хүмүүс “оны” номинациар нэрлэгддэг.

Өнгөрч буй онд болж өнгөрсөн онцгой үйл явдлуудын жагсаалтад гарцаагүй бичигдэх баримтын нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Энэхүү сонголтын үр дүнгээр улс төрийн өндөр тавцангаас Ц.Элбэгдорж бууж, Х.Баттулга хэмээх эрхэм орыг залгасныг бүгд мэднэ. Хоёр шаттай болж өнгөрсөн сонгуулийн дүнгээс хэн төрийн тэргүүнээр сонгогдохоос үл хамаараад хоёр дараалан бүрэн эрхийн хугацаанд ажилласан эрхэм Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тавцангаас буух нь тодорхой байсныг онцлох нь илүүц байх. Учир нь сонгуулийн насны ухамсарт иргэн бүрийн мэдэх хуулиар тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ч удаа нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд дахин уг сонгуульд нэр дэвших эрхгүй байлаа.

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оны шилдэг гэрэл зураг шалгаруулах "МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017" уралдаан болж шилдгүүдээ тодруулснаас “фото сэтгүүл зүй, баримтат гэрэл зураг" төрөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн чухал мөч болох хуучин, шинэ хоёр эрхмийн “ажлаа хүлээлцэх” мөчийг буулгасан гэрэл зураг шилдгээр шалгарчээ. Дуулиан дунд болж өнгөрсөн уг сонгуулийн холбогдолтой гэрэл зураг шилдэгт талаарх зураг “оны шилдэгт нэр дэвшихгүй, багтахгүй үлдэнэ гэвэл түүхэн үйл явдлыг архивд тэмдэглэхгүй орхихгүй адил гэм болох биз.

Спортын гэрэл зурагчин Ч.Ганбат “Аваа өгөө” хэмээх шилдэгт шалгарсан зураг шилдэг байхаас аргагүй байсныг энд онцлох нь зүй. Олон нийтэд хэтэрхий танил хоёр Эрхмийн дотоод араншинг харцаар дамжуулан тун тодорхой илэрхийлж чадсан, хамгийн гол нь нэг нь авч, нөгөө нь өгч буй зөрчлийг зэрэг илэрхийлж чадсан гайхалтай агшныг тод буулгаж чадсан урлал байлаа. Нэг нь ачаагаа буулган амсхийх “ТАЙВШРАЛ”-ыг мэдэрч байх мэт бол нөгөө нь ачааны хүндийг “ХАРИУЦЛАГА”-аар хэмжиж буй гэлтэй “дүрийн онцлог”-ууд илүү, дутуугүй дүрслэгдсэн хэрэг.

ЦАГ ЯВЖ ЭХЛЭВ

“Аваа өгөө” болсон хоёрын аль алиных нь өөрчлөлтийн дараах цаг яг энэ зураг дээрх мөчөөс эхэлсэн юм. Албан тушаал хүлээн авсан эрхмийн хувьд ажил хийх, ард түмний итгэлийг зүтгэлээр хариулах хүлээлтийг үүсгэсэн бол албаа өгсөн эксийн хувьд “хаачих бол” гэсэн хүлээлтийг үүсгэсэн.

Улс төр дэх ялалт алдрын тавцанд гарсан тамирчныхаас ялгаатай гэдгийг мэдэрч, амсхийх завгүй ажиллаж, ажиллахынхаа хэрээр шүүмжлүүлж, магтуулж яваа өиөөгийн Ерөнхийлөгчийн хувьд хүлээлтэд едөр бүр хариу өгсөөр яваа нь тодорхой. Харин төрийн өндөр албанаас буусан өмнөх Ерөнхийлөгч цаашид юу хийх, улс төрд идэвхтэй оролцох эсэх нь тодорхойгүй хэдэн сарыг өнгөрүүлсэн нь хүлээлтийг бүр ч лавшруулаад байв.

Яг энэ хүлээлт дээр “хуучин” хүн маань тун санамсаргүй үйлдлээр хариу барьсан нь нийгмийн сүлжээг ид шуугиулж байна. Тэр хуучны “мегахит” хоёр лаг хамтлагийн хамтарсан тоглолт үзэнгээ үл таних бүсгүйтэй үзэгчдийн суудал дунд бүжиг эргэв. Хүний сэтгэлийн хөөрөл бүхий үйлдлээс огт гажуугүй эл явдал яагаад сенсааци болж байгаа юм бол?! Хариулт нь их энгийн. Тэр нь ердөө хүмүүсийн ХҮЛЭЭЛТ.

“Хаачсан юм бол?” гэсэн хүлээлтэд тэр мөн л энгийн хариу барив. Нүргэлсэн хөгжим, хүчирхэг дуу хоолой, гэрэл, тайз, уухай... Ийм тоглолт үзэж байгаа хүн хуралд ирсэн юм шиг чухал царайлбал харин ч хэвийн бус биш үү... Шилдэг гэрэл зурагт буусан шиг “амсхийхийн тайвшрал"-ыг түүний үйлдлээс дахиад харав. Харин хачирхаад шуугиад байгаа шалтгаан нь “Хүүе, өнөөх чинь.," гэсэн шиг тийм л энгийн зүйл болов уу. Ерөнхийлөгч байсан хүн сул иргэн болоод хагас жил болов уу үгүй юу, улс төрийн чухал мэдэгдэл /сул иргэнд тохиромжгүй үг/, эсвэл элдэв байр суурь, дүгнэлт энэ тэр хэлж гарч ирсэн бол сүйд болох байсан бололтой. Бүжиглэх төдийд иймэрхүү нөлөөлөл үзүүлж байгаа хүн илүү, дутуу үг унагавал бужигнуулах нь ээ гэмээр. Энэ бол хүлээлт.

Хүлээлээ гээд түүнийг улс төр, ард түмэн тэгтлээ үгүйлэн санаж байгаа гэсэн үг мэдээж биш. Харин Ц.Элбэгдорж гэх улстөрч, удирдагч Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Гавьяа нь юу вэ, гэм зэм нь аль вэ? Монголын төрд тэр хүн ямар өв үлдээв? Гэх энэ олон асуултад хариу хүсэж буй хүлээлт гэж тодорхойлбол харин онох байх. 
Магадгүй үүнээс ч олон асуултад түүх түүнээс хариу хүлээж байгаа.

Хариултыг цаг хугацаа өөрөө өгнө. Хийрхэл, хөөрөл,  хараал, бухимдал  намжсан хойно хамгийн үнэн зөв хариулт өөрөө тодордог. Түүх судлаачдын баримталдаг зарчим нь энэ. Хамгийн үнэн хариулт хүлээгддэг. Хүлээлгийн цаг явж эхэлснийг хуучин, шинэ Ерөнхийлөгчийн хэн хэн нь мэдэж байгаа...

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
51157
7 эможи
keyboard_arrow_up