Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхболд: Ардчиллын тухай ярьж байгаа ч амьдралд хэрэгжүүлэх талаар маргаан тасрахгүй байна

2017 оны 12 сарын 22

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 7 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

2002 оны улс төрийн салбарын шилдэг залуугаар тодорсон Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын илтгэлийг хүргэж байна.

 

2003.11.07

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явуулсан баатарлаг тэмцлийн түүх, улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн өөрчлөн байгуулалтын бодит нүүр царай, үе үеийн нийслэлчүүдийн нөр их хөдөлмөрийн бодит илэрхийлэл мөн билээ. Нийслэл хотын гал голомт одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Монгол орны байгалийн цогцолбор болсон Их Монгол уулын өвөрт Ширээ цагаан нуурын хөвөөнд 1639 онд “Өргөө” шар бүсийн хот нэртэйгээр үүсэж бадарсан бөгөөд ирэх 2004 онд 365 жилийнхээ ойг тэмдэглэх баялаг түүхтэй хот юм. Ширээ цагаан нуурт 1639 онд хуралдсан Халхын ноёдын чуулганаар Занабазарыг ширээнд өргөмжлөхөд Сэцэн хан урьд Далай ламаас хүртсэн Гэгээн Сэцэн хан цолынхоо Гэгээн цолыг түүнд шилжүүлжээ. Ийнхүү хожим нь Өндөр гэгээн хэмээн олонд алдаршсан Занабазарыг шашны тэргүүнд өргөмжлөхдөө түүнд зориулж тусгай орд өргөө байгуулж өгсөн нь нийслэлийн анхны үндэс суурь болсон билээ.

Уг үйл явдлын талаар Халхын түүхийн чухал сурвалж Галдан туслагчийн зохиосон “Эрдэнийн эрих” гэдэг зохиолд Занабазарыг “таван насны шаргачин туулай жил халхын газраа халхчууд бүгдээр Цагаан нуурын газар ширээнд анх суулгаж, Гэгээн хэмээх цол, Шар бүсийн хамт өргөж эрхэмлэн тахивай” гэж дурдсан байдаг. Бас Халхын ноёд Занабазарт өөр өөрийн албат нараас таслан шавь болгож өргөсөн тухай  түүхийн сурвалжуудад тодорхой өгүүлжээ. Ийнхүү “Өргөө” хот үүссэн нь манай оронд нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншилтэй хослон хөгжих анхны үндэс суурь болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Түүхэн баримт бичгээс үзэхэд нийслэл Улаанбаатар хот нь тэр үеийн нөхцөл, нутаг ус, байгаль цаг уурын байдлаас болон худалдааны их замд ойртох шаардлагатай байсан зэргээс үүдэн 1639 - 1778 он хүртэл хугацаанд нийт 28 удаа нүүдэллэн суурьшиж, энэ хугацаанд “Өргөө” нэртэйгээр 1639 онд Ширээ цагаан нуурт, 1672- 1686 онд Улаан худагт, 1686-1688 онд Хийдийн сарьдагт, 1688-1689 онд Өгөөмөрт, 1689-1700 онд Долнуурт "Хүрээ” нэртэйгээр, 1700-1719 онд Эрдэнэтолгойд, 1719-1790 онд Дааган дэлд, 1720-1722 онд Усан сээрт, 1723 онд Жаргалантад, 1724 онд Угтаал Жаргалантад, 1724-1725 онд Ээвэн голд, 1725-1728 онд Орхон-Ээвэн голын бэлчирт, 1729 онд Хужирбуланд, 1730-1732 онд Сөгнөгөрт, 1732-1733 онд Бургалтайн голд, 1733-1734 онд Тэрэлж-Туулын бэлчирт, 1734-1736 онд Улиастайд, 1736- 1740 онд Хүйн голд, 1740-1742 онд Хунцалын голын эхэнд, 1742-1743 онд Үдлэгт, 1743-1747 онд Өгөөмөрт, 1747-1756 онд Сэлбэд, 1756-1762 онд Улиастайд, 1762-1772 онд Сэлбэд, 1772-1778 онд Хүй мандалд тус тус нүүдэллэн бууж байсныг түүхэн баримт бичиг, судалгаанд үндэслэн тогтоогоод байгаа нь Монгол орны уламжлалт нүүдлийн аж ахуйн хэвшил хотын амьдралд ч олон жилийн турш нөлөөлж ирсэн өвөрмөц онцлог билээ.

 

1999 онд Ширээт цагаан нуурт дурсгалын гэрэлт хөшөө босгосон ба 2001-2004 онд хэрэгжүүлж буй “Хүрээ нүүдэл” хөтөлбөрийн хүрээнд судалгааны групп ажиллуулан, дээрх газруудыг дахин тодруулж, энэ жилийн нийслэлийн өдрийн өмнө 15 газарт гэрэлт хөшөө босгож түүхэн үнэнийг баталгаажууллаа.
ХVIII зууны дунд уеэс Их хүрээнд шарын шашны сүм хийд, дацан сургууль, мөргөл шүтээний өргөө ордууд, манж амбан болон бусад албан газрын байр сууц, лам, хар хүмүүсийн орон сууц, гэр хашаа, худалдаа наймааны газрууд олноор байгуулагдаж, Их Хүрээ өргөжиж тэлснээр ойр ойрхон нүүх боломжгүй болж, 1778 онд одоогийн дөрвөн уулын дунд Хатан Туулын хөвөөнд суурьшиж Их Өргөө Монгол Улсын нийслэл болж өргөжин хөгжсөн түүхтэй.

Яваандаа Их хүрээнийхэн ажил хөдөлмөрийн хуваарь, үндэсний байдлаараа ялгаран Зүүн хүрээ, Гандан, Баруун зүүн дамнуурчин, хороо харцуул, Консулын дэнж, Наймаа хот гэх зэрэг хэсгүүдэд хуваагдах болжээ.
Харийн дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монгол орон 1911 онд Манж хятадын боолчлолоос ангижирсны дараа Их хүрээг Богд хаант Монгол Улсын нийслэл гэж албан ёсоор зарласан байна. Богдын тэрхүү зарлигт: “Одоо манай улсын бүгдээр бараалхан хуралдах газар бол Очирдарь Богд эзэн Хааны залран суугаа нийслэл хүрээ даруй мөн” гээд, нийслэл хүрээ бол “Манай улсын чухамхүү эрхэмлэвээс зохих охь манлай үндэс газар мөн” гэж тодорхойлжээ. Үүнээс Их Хүрээний түүхийн чухал үе эхэлсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын дараа Улсын анхдугаар их хурлаар 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хэмээн хуульчлан тогтоож, хотыг шинэ цагийн уур амьсгалд тохируулан “Улаанбаатар” гэж нэрлэхээр шийдвэрлэжээ.

Ардын хувьсгалын жилүүд дэх Улаанбаатар хотын түүхийг тус улсын нийгэм эдийн засаг, соёлын хөгжлийн үндсэн үе шатуудын дагуу 1921-1924 оны үе, 1924-1940 оны үе, 1940-1990 оны үе, 1990 оноос хойших үе гэж хуваан үзэж болно. Энэ үе бүхэнд нийслэл хот улс төр, эдийн засгийн амьдралын төв, үйлдвэр, соёлын ололт бүрийн хошуучлагч, хөгжил дэвшлийн буухиа, шинэ Монголын нүүр царай нь болж ирсэн давтагдашгүй бахархалт замналтай билээ. Нийгэм, эдийн засгийн шинэ харилцааг хуульчлан баталгаажуулсан Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 13-р зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл-Улаанбаатар хот мөн” гэж тодорхойлсон юм. Монгол Улсын Үндсэн хуулийн заалтын дагуу Улсын Их Хурлаас 1994 онд “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталсан байна.

Энэхүү хууль нь улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэж буй онцгой байр суурь, Монгол Улсын суурин соёл иргэншилд тэргүүлэх үүргийг хүлээн зөвшөөрч, нийслэл хотыг нийгэм эдийн засгийн цогцолбор болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг баталгаажуулж өгсөн ихээхэн ач холбогдолтой баримт бичиг юм.

НИЙСЛЭЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ЗОРИЛТ

Монгол орны улс төр, эдийн засаг, соёл шинжлэх ухааны төв, улс орны цохилох зүрх болсон Улаанбаатар хот өргөжин тэлж, нийгэмд гүйцэтгэх үүрэг нь улам өсөн нэмэгдсээр байна. Нийслэл маань үндсэндээ 60-аад оноос ерөнхий төлөвлөгөөтэйгөөр эрчимтэй хөгжиж, дэлхий дахины хотжилтын чиг хандлагын дагуу орчин цагийн аж үйлдвэржсэн, эрчимжсэн дэд бүтэцтэй, хот бүрдүүлэх бааз, хүн  ам төвлөрсөн соёл, боловсрол, эмнэлэг үйлчилгээний олон газруудтай амьдрах орчин илүү хөгжсөн, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, жуулчдын анхаарлыг татсан томоохон хотын хэмжээнд хүрч, хөгжлийн хурдац нь улам бүр нэмэгдсээр байна. 

Үүсэн байгуулагдаад 4 зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл хот маань орчин үеийн хот байгуулалтын хөгжлийн жаягаар хөгжих болж, Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд боловсруулж, 1961, 1975, 1986 онуудад шинэчлэн хэрэгжүүлсэн билээ. Зах зээлийн харилцааны нөхцөл, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл  баримтлалыг үндэслэн Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан боловсруулж, Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Эл ерөнхий төлөвлөгөөний нэг онцлог нь үндэсний Монгол мэргэжилтнүүд өөрсдөө бие дааж боловсруулсанд оршино.

Энэхүү төлөвлөгөөнд нийслэлийн бүс болон Улаанбаатар хотыг экологийн баримжаагаар хөгжүүлэх, газар нутаг, байгалийн нөөцөд тохирсон хот байгуулалт, төлөвлөлт, газар ашиглалтын цэгцтэй бодлого явуулах, дэд бүтцийг хөгжүүлэх, алслагдсан дүүрэг, дагуул хот, суурингийн хөгжлийг тэтгэх, хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах, хот тохижилт, орчны эрүүл ахуйг сайжруулан, хүн амын амьдрах таатай орчныг бүрдүүлэх талаар томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьсан юм. Нөгөөтээгүүр Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын хөгжлийн стратеги” төслийн хүрээнд хотын тэмүүлж буй хэтийн чиг хандлагын нийлмэл дүр зургийг хотын ирээдүйн төсөөлөл хэлбэрээр гаргаж, хотын хөгжлийн стратегийг тодорхойлон, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр төслийн саналуудыг боловсруулсан нь хотынхоо хөгжлийн урт хугацааны төлөвлөгөө болгон ашиглаж, гадаад орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгийн тусламж авах бололцоог нээж өгч байна.

Эдгээр ерөнхий төлөвлөгөө, стратегийн төсөл хөтөлбөрийг боловсруулахдаа нийслэлийн хөгжлийн өнөөгийн түвшин, тулгарч буй зорилт, бодитой оршиж буй бэрхшээлийг нарийвчлан судлан тооцоолж, харгалзан үзсэн болно. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод улсын хүн  амын 34.2 хувь буюу 852.1 мянган хүн  оршин сууж байгаа бөгөөд хот бүрдүүлэх салбарын 40-50 хувь нь төвлөрч хүн амын нягтаршил улсын дунджаас 100 гаруй дахин их, улсынхаа бусад хотуудаас 11-18 дахин олон хүнтэй болж онцгойрон хөгжиж, том хотуудын эерэг ба сөрөг үзэгдэл түлхүү илэрч байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 57.8 хувийг үйлдвэрлэж байна. Үүний дотор аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 58.8 хувь, барилгын үйлдвэрлэлийн 80.9 хувь, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний 85.3 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн 75.5 хувь, тээвэр холбоо, аялал жуулчлалын 81.0 хувийг дааж яваа нь түүний улс орны өмнө гүйцэтгэж буй үүргийн цар хүрээг тодорхойлж байна. Дэлхийн томоохон хотуудын хөгжлийн нийтлэг жишгийн дагуу Улаанбаатар хотод Хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалтын компани санхүү банкны болон мэдээлэл боловсруулах, дамжуулах үйлчилгээ бие даан хурдацтай хөгжиж байгаа нь тус хотын хөгжлийн асар ирээдүйтэй шинэ салбар болж байна. Нийслэл хот 150.7 тэрбум төгрөгийн өмчтэй болж, төсвийн орлого нь 22.4 тэрбум төгрөгт хүрч, энэ оны байдлаар улсын төсөвт 115 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна.

Өнгөрсөн 2 жилд зөвхөн нийслэлийн хөрөнгөөс 9.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, олон улсын хамтын ажиллагаатай байгууллагын дэмжлэгтэйгээр 20 шахам төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бүхэн нь нийслэлд бүрэлдэн бий болсон эдийн засгийн чадавх нь нийслэлээ хөгжүүлэх төдийгүй, төвлөрсөн төсвөөр дамжуулан улс орныхоо асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгааг илтгэн харуулж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд энэхүү таатай боломжийг чиглэсэн зорилготой, үр өгөөжтэй ашиглах ажлыг тодорхой үе шаттай, дэс дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал 2001 оныг “Иргэдтэй ажиллах жил”, 2002 оныг “Хот тохижилтын жил”, 2003 оныг “ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон ажиллаж, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг шийдвэрлэж ирлээ. Үүний үр дүнд хотын хүн ам шилжих хөдөлгөөнөөр урьд байгаагүй хурдацтайгаар өсч, төлөвлөгдөөгүй шинэ эрэлт хэрэгцээг бий болгож байгаа ч нийслэлийн амьдралд зарим нааштай ахиц өөрчлөлт гарсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Засаг даргын 2000-2004 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л анхаарлаа төвлөрүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрт 5 бүлэг  266 хэрэгжүүлэх арга хэмжээ тусган төлөвлөснөөс 221 нь бүрэн хэрэгжсэн, 5 ажил хугацаа болоогүй, 40 ажил хэрэгжих шатандаа, тасарсан ажил байхгүй  95.5 хувийн биелэлттэй байгаа болно. Хотын эдийн засгийг бүхэлд нь эрүүлжүүлэх, өрийн дарамтыг багасгахад чиглэгдсэн төрийн сангийн нэгдсэн тогтолцоо бий болгох, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн чанарыг сайжруулах, төсвийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, санхүү, төсвийн сахилгыг сайжруулан өргүй зардлыг багасгах, төлөвлөгөөт бус зардлын санхүүжилт, төсөв хэтрүүлдэг дутагдлыг зогсоох зэрэг зориудын менежментийг хэрэгжүүлж ажилласнаар 2001 онд 4.8 тэрбум төгрөгийн, 2002 онд 1.4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, сүүлийн 12 жилд анх удаа төсвийн өргүй болж, 2003 оны ажилд шилжин орсон юм.

Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаанбаатар даатгалын үйл ажиллагааг уялдуулан идэвхжүүлж, хөрөнгийн шинэ эх үүсвэрүүд бий болгох, банк бус санхүүгийн байгууллага байгуулах асуудлыг боловсруулж, Улаанбаатар банкны дүрмийн санг хуулийн дагуу нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэв.
Нийслэлийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналттай холбогдсон эрх зүйн орчинг шинэчлэх, өмчийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлж, өмчийн харилцааг боловсронгуй болгох зорилгын хүрээнд нийслэлийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, үр ашгийг 2001-2004 онд дээшлүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
Төсвийн байгууллагуудын 95 барилгад их засвар хийж, Япон Улсын тусламжаар 16 сургуулийн барилгыг өргөтгөж, бусад эх үүсвэрээр 8 сургуулийн барилга шинээр барьснаар 9.4 мянган суудал шинээр нэмэгдүүллээ.

Улаанбаатар хотын замын  мастер төлөвлөгөөний дагуу Японы буцалтгүй тусламжаар Тээвэрчдийн гудамжны /Нарны зам/ өргөтгөлийн эхний ээлжийн 8.4 км зам, Баруун, зүүн дөрвөн зам болон Гэсэр сүмийн уулзварыг шинэчилж, нэвтрүүлэх чадварыг нь сайжруулах ажлуудыг хийж, нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн зам засвар, шинэчлэлтийн ажил хийснээр хотын замын чанар сайжирч байна. Нийслэлийн эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх байр суурь жилээс жилд өсөн бэхэжсээр байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийг хөрөнгө санхүүгийн хувьд дэмжих боломжгүй ч уйл ажиллагааг нь дэмжих, хөгжих орчныг нь бүрдүүлж өгөх бодлого баримталж ирлээ. 

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтны нийслэлийн зөвлөгөөнийг 2001 онд анх удаа хийж, нийслэлийн төр, захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг зохицуулах уурэг бүхий зөвлөлдөх хороо байгуулан, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих”,  “Хоршоог хөгжүүлэх” зэрэг нийслэлийн дэд хөтөлбөрүүдийг гарган хэрэгжүүлж эхлээд байна. Сүүлийн 3 жилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 71.0 хувиар нэмэгдэн, төсвийн орлогын 93.0 хувийг бүрдүүлэн хот тохижуулахад зарцуулсан хөрөнгийн 76.8 хувийг санхүүжүүлж 18 байгууллага нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар шалгарсан зэрэг нь өөрчлөлт шинэчлэлийн мөн чанарыг харуулсан ирээдүйтэй шинэ хандлага юм.

Нийгмийн салбарт хүний хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэн нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, ажилгүйдэл, ядуурлыг тууштай бууруулах зорилтыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ. Өнөөдөр нийслэл хотод төрийн өмчийн 90 сургуульд 165.5 мянга, төрийн бус өмчийн 68 сургуульд 10942 хүүхэд, нийт 176.5 мянган сурагч, албан бус боловсролд 450, сургуулийн өмнөх боловсролд 33.5 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. Боловсролын хүрээнд албан болон албан бус сургалтын хэвийн үйл ажиллагааг бүх талаар хангах, энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, материаллаг баазыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн сургуулийг дэмжих замаар сургуулийн суудлын тоог нэмэгдүүлж, сургууль завсардалтыг таслан зогсооход гол анхаарлыг хандуулан ажиллав.

2003 оны байдлаар нийслэлийн төсвийн 50 гаруй хувь нь зөвхөн боловсролын салбарт зориулагдсан байна. Өнгөрсөн хоёр жилд сургууль завсардсан 1200 гаруй хүүхдийг албан бус сургалтад хамруулан, 3 ба түүнээс дээш хүүхэд нь сургуульд суралцдаг, амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн 17,125 хүүхдэд 270 гаруй сая төгрөгийн хичээлийн хэрэглэлийг төсвийн хөрөнгөөр авч өглөө. Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд сургууль завсардалт сүүлийн хоёр жилд 60 орчим хувиар буураад байна. Сургуулиудын 65.0 хувь нь компьютерын кабинеттай болж сүлжээнд холбогдлоо. Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг 2001-2004 онд хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан ажиллаж байна.

Өнөөдөр нийслэлд улс, хот, дүүргийн үйлчилгээтэй төрөлжсөн клиникийн эмнэлэг, нарийн мэргэжлийн төвүүд, нэгдсэн эмнэлэг зэрэг 70 гаруй төвлөрсөн байгууллага, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх  үүрэг бүхий 121 өрхийн эмнэлэгт нийт 15 мянга гаруй хүн ажиллаж нийслэлийн хүн  амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.  Хүн амд хамгийн ойр байрлан Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгийн ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд анхаарч Засаг даргын Тамгын газраас салбарын яам болон олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажилласнаар нийт өрхийн эмнэлгийн 50 хувь буюу 59 эмнэлгийг өөрийн байртай болгож, өөрийн байргүйгээс түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа бусад өрхийн эмнэлгийн байрны түрээсийн төлбөрийг нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжүүлж, яаралтай тусламж үйлчилгээний зориулалт бүхий 12 автомашин олгов.

Энэ салбарт шударга өрсөлдөөнийг бий болгоход хувийн хэвшлийн эмнэлгийг дэмжих явдал нэн чухал асуудлын нэг гэж үзэн хувийн хэвшлийн 65 эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаас 13 тэрбум төгрөгийн санхүүжилт хийлээ. Дээрх ажлуудын дүнд эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжид зарим нэгэн ахиц гарч, халдварт өвчний гаралт сүүлийн 2 жилд 30.9-32.5 хувиар буурлаа. Иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн эмзэг бүлгийг эрсдэлээс хамгаалж, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний төрөл, хэмжээг нэмэгдүүлэх явдал мөрийн хөтөлбөрийн нэг гол зорилт байлаа. Нийслэлд 2002 онд л гэхэд 85.7 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжид 34.3 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас давхардсан тоогоор 217 мянган хүнд 6.2 тэрбум төгрөгийн тэтгэмж хөнгөлөлт үйлчилгээг үзүүлсэн бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгон хэвшиж, үйлчилгээг хөнгөн шуурхай болгох арга хэмжээ авлаа.

Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр иргэдэд хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байгуулах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн насны мэргэжилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөрийн бирж ажиллуулж, ажилгүй хүмүүст сул чөлөөтэй ажлын байрны мэдээллийг хүргэх, олон улсын болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дэмжиж идэвхтэй хамтран ажиллах зэрэг ажлуудыг хийж ирэв. Сүүлийн гурван жилд 54,500 ажлын байр шинээр бий болж, 29,941 хүнийг хөдөлмөрт зуучилж, 8,891 хүнийг богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулан, тэдний 60 гаруй хувийг ажлын байраар хангаж, ажил хөдөлмөр эрхлээгүй 39 мянган хүнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэсэн байна.

Нийслэлд ажилгүйдлийн түвшин 2.0 хувьтай байгаа нь улсын дунджаас 1.4 пунктээр доогуур байна. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөрт 50 мянган ажлын байр шинээр бий болгохоор дэвшүүлсэн зорилт биелж байна. Орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг гэржүүлэх төслийг боловсруулан ажилласнаар өнгөрсөн 2 жилд нийт 863 өрх, 3,800 гаруй иргэдийг орон гэртэй болголоо. Хот байгуулалтын талаар дэвшүүлсэн гол зорилтуудын нэг болох нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хот орчмын бүс, алслагдсан суурингууд, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, орон сууцны 8 хорооллын ерөнхий төлөвлөгөөний тодотголын зураг төслийг боловсрууллаа. Өнгөрсөн хоёр жилд нийслэлийн оршин суугчдын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч “Нийслэлийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 79 байгууллагад орон сууцны барилга барих газрын зөвшөөрөл олгож, 4 мянга гаруй айлын орон сууцны барилгын ажил эхлэх зөвшөөрөл өгснөөр 2,004 айлын сууцыг ашиглалтад оруулсан байна. Энэ онд 1,400 айлын сууц ашиглалтад орох тул мөрийн хөтөлбөрт 4,000-аас доошгүй айлын орон сууц ашиглалтад оруулна гэсэн зорилт бүрэн биелэх боломжтой болоод байна.

Хотын инженерийн байгууламж нь газар дээр болон газрын дор байрладаг. Улаанбаатар хотын газар доогуур янз бүрийн голчтой дулааны 280 км хос шугам, цэвэр усны 321 км, бохир усны 102 км хоолой шугам, цахилгааны 658.5 км кабель шугам, холбооны 670 км шугам тавигдсан байна. Үүнээс гадна газрын дор зарим байгууллага, гараж, спортын байгууламж, засвар үйлчилгээ, хамгаалалтын алба байрлах зэргээр хот томрох тутам газрын дор өвөрмөц “хот” буй болдог. Манай хотын энэхүү нүдэнд үл харагдах аж ахуйн хэвийн үйл ажиллагааг хангахад ихээхэн анхаарах шаардлагатай болж байна. Улаанбаатар хотод халаалт, хэрэглээний ус ариутгах татуургын шугамын 70 хувийнх нь их засварын нормативт хугацаа 7-10 жилээр хэтэрснээс байнга цооролт бөглөрөлт их хэмжээгээр үүсэж тухай бүрд нь хэсэгчлэн засаж амь аргацааж байна.

Нөгөөтээгүүр төвлөрсөн дулаан хангамжид холбогдох гэсэн хүсэлтээ  ирүүлээд байгаа болон ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан томоохон дулааны хэрэглээтэй барилга байгууламжуудыг төвлөрсөн дулаанаар хангана гэж тооцоолоход одоо ажиллаж байгаа эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал, шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж байна. Гэр хорооллын хөгжлийн хэтийн төлөвийн талаар нэлээд анхаарал тавьж “Дарь-Эх” гэр хорооллын ерөнхий төлөвлөгөөг гэр хорооллыг хөгжүүлэх “загвар” төсөл болгон боловсруулж батлуулсан ба тус хороололд эхний ээлжийн зорилтын хүрээнд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хөрөнгөөр 140 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг Азийн хөгжлийн банкны орон сууцны санхүүжилт төслөөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Дэлхийн банкны тусламжаар хэрэгжиж буй  “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах” төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Нисэх, Яармаг, Шар хадны гэр хорооллын усан хангамжийн системийг иж бүрнээр барьж ашиглалтад оруулснаар эдгээр гэр хороололд анх удаа усыг шугам хоолойгоор нийлүүлдэг боллоо. Одоо Дэнжийн-1,000, Хайлааст, зүүн  Нарангийн ус дамжуулах шугамыг ашиглалтад хүлээн авах гэж байна. Нийслэлд 2003 оны 5 дугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хууль хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэний гэр бүлийн хэрэгцээнд зориулж өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар 15,140 гэр бүл өргөдлөө өгч, үүнээс 10,0 мянган өрх газраа өмчилж аваад байна.

Нийслэлийн хэмжээнд 2002 оныг хот тохижилтын жил болгох зорилт дэвшүүлж, бүх  нийтийн хүч  анхаарлыг төвлөрүүлэн ажилласны үр дүнд сүүлийн 2 жилд 18.6 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийсний 76.8 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр хийсэн нь нийслэлээ хөгжүүлэх хот орчноо тохижуулахад олон нийтийн оролцоо хэчнээн чухал үүрэгтэй болсныг харуулж байна. Нийслэл хотын оршин суугчдын ая тухтай амьдрахын үндэс болсон хүрээлэн буй орчны бохирдол нь агаар, ус, хөрс ургамлын бүрхэвч зэрэг хүний үйл ажиллагаанд нэн тэргүүнд өртдөг зүйлүүдээр дамжин илэрч байна. Улаанбаатар хотын нэг оршин суугчид 6 м2 шахам цэцэрлэгжсэн талбай оногдож байгаа нь ийм хэмжээний хотод байх дундаж хэмжээнээс ихээхэн доогуур байна.

Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд хотын хүн ам 1996- 2001 онуудад 166.0 мянгаар, гэр хороололд амьдарч буй өрхийн тоо 21.2 мянгаар, автомашины тоо бараг 2 дахин өссөнөөс үзэхэд байгаль орчныг бохирдуулагч эх үүсвэрүүд ихээхэн нэмэгдэж байна. Улаанбаатар хотын агаарт хүчилтөрөгчийн дутуу ислийн хэмжээ хүний эрүүл мэндэд нөлөөлж болох хэмжээнээс 1.5-2.6 дахин, хүхрийн ангидрид 1.3-2.8 дахин их байх боллоо. Хотын агаарын бохирдлыг аль болох богино хугацаанд багасгах зорилгоор Байгаль орчны яам, Дэд бүтцийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг багасгах үйл ажиллагааны төлөвлөгөө’-г боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь их хэмжээний хөрөнгө мөнгө, судалгаа шинжилгээ, туршилтын ажил шаардагдах учраас дор дурдсан асуудалд юуны өмнө анхаарч байна. Үүнд:

  • Утаа багатай, түлшний хэмнэлттэй гэрийн зуухны шинэ загвар зохион бүтээх, турших, үйлдвэрлэх ажлыг дэмжин 2000 оноос үйлдвэрлэж ирсэн шинэ загварын зуухыг олноор түгээн борлуулах ажил зохиож байна.
  • Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгсэл нь улсын хэмжээгээр хэрэглэгддэг бензин түлшний гуравны нэгийг шатааж, 60.0 мянган тонн хорт бодис агаарт хаядаг гэсэн судалгаа байдаг. Агаарын бохирдлыг багасгахын тулд автомашины утааг хэмжих, үзлэг оношлогоо-засвар үйлчилгээ хийх станц, төвүүдийг олноор байгуулах явдал чухал байна. Авто замын газартай хамтран автомашинаас ялгарч буй хорт утааг хэмжих зөөврийн 3 цэг байгуулж, 40 мянга гаруй машиныг оношлоод байна. Цаашид энэ арга хэмжээг өргөтгөж, үр дүнг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм.

Мөн автомашиныг хийгээр ажилладаг болгон өөрчлөх дэлхийн тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх талаар иргэд, байгууллагуудаас гаргаж буй санал, төсөлд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд автомашины хийн баллоныг цэнэглэх асуудлыг судалж шийдвэрлэх болно. Дулааны станцууд, ялангуяа халаалтын зуухнуудад тавих хяналтыг сайжруулан техникийн шинэчлэлт хийж, тоног төхөөрөмжийн ашигт үйлийн коэффицентийг дээшлүүлэх арга хэмжээг хойшлуулшгүй хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар саяхан энэхүү асуудлыг нухацтай авч хэлэлцэж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20.0 сая төгрөг зарцуулах болж, дулааны станцууд, халаалтын зуух бүхий албан байгууллагууд, гэр хороололд амьдардаг иргэн, автомашин эзэмшигчид, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллага тус бүрийн анхаарлыг төвлөрүүлэн энэ өвөл агаарын бохирдлыг багасгах чиглэлээр тодорхой ахиц гаргах зорилт тавин ажиллаж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, БНХАУ-ын нийслэл болон бусад хотуудтай уламжлалт харилцаагаа үргэлжлүүлэн, өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатарын өдрүүдийг ОХУ-ын Москва, Улаан-Үд, БНХАУ-ын Хөх хот, Япон улсын Мияаконожёо зэрэг хотуудад зохион байгуулж, Улаанбаатар хотод Москва, Хөх хот, Мияаконожёогийн өдрүүдийг амжилттай явуулж, БНЭУ-ын нийслэл Шинэ Дели, АНУ-ын Колорадо муж улсын нийслэл Денвер, Туркийн нийслэл Анкара, Унгарын нийслэл Будапешт, ОХУ- ын Красноярск хотуудтай ах дүү болон хамтын ажиллагааны гэрээ шинээр байгууллаа.

Нийслэлийн гадаад харилцааны үйл ажиллагааг төр захиргааны байгууллагад ажиллагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд буюу оюуны хөрөнгө оруулалт хийх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, тохижуулах, бодитой биет зүйлсийг бүтээхэд чиглүүлж ажилласнаар тодорхой үр дүн гарч байна. Сүүлийн 2 жилд гадаад эх үүсвэрийн зардлаар төрийн албаны 86 ажилтан гадаадад урт богино хугацааны сургалтад хамрагдсанаас гадна хотын гудамж талбайг тохижуулах, шинэ үйлчилгээний цэг бий болгох, компьютер, автомашин, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг 2.0 сая орчим америк долларын үнэ өртөг бүхий биет хөрөнгийг харилцаат хотуудаас нийслэлд хандив тусламжаар өгч хамтын ажиллагааны үр ашиг дээшилж байна. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаанаас 2003 оныг “бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон зарласны дагуу нийслэлийн төр, захиргааны бүх  шатны байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдийн идэвх чармайлтаар тодорхой бодит зүйлийг хийж бүтээлээ.

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын энэ жилийн нэг томоохон ажил нь Сүхбаатарын талбайг шинэчлэн тохижуулах ажил юм. Сүхбаатарын талбайг 1946 онд цардсанаас хойш гар хүрч засч чадаагүй, үе үеийн хотын удирдлагууд шинэчлэн өөрчлөхөөр төлөвлөж байсан ч хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байсан түүхтэй. 2003 оны 2 дугаар сард “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих уулзалт”, 4 дүгээр сард Улаанбаатар хотоор овоглосон байгууллагуудын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохиож, сурталчилгааны өргөн хүрээтэй ажил зохион байгуулсны үр дүнд нийт 132 аж ахуйн нэгж, иргэн 500.0 сая төгрөгийн хандивыг өргөсний зэрэгцээгээр нийслэлийн иргэд, байгууллагууд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дэмжиж ажиллалаа.

Хандив өргөсөн 120 байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд Хүндэт өргөмжлөл, гэрчилгээ, 28 барилга объектод нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын онцгой объектын Батламжийг олголоо. Нийслэл Улаанбаатар хотноо гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олох зорилгоор “Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаарх Хандивлагчдын сэдэвчилсэн уулзалтын бэлтгэл семинар”-ыг 2003 оны 4 дүгээр сар, “Хандивлагчдын олон улсын сэдэвчилсэн уулзалт”-ыг 6 дугаар сард тус тус зохион байгууллаа. Энэхүү  уулзалт нь Дэлхийн банк анх удаа тухайлсан хотыг сонгон зохион байгуулснаараа онцлог ач холбогдолтой юм. Уулзалтын үр дүнд Олон улсын санхүүгийн байгууллагуудын болон хамтын ажиллагаатай хот, байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийслэлд 20 шахам хөтөлбөр, төсөл хэрэгжихээр болсон бөгөөд тэдгээр байгууллагууд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болж, цаашдын хамтын ажиллагааныхаа чиглэл, хүрээг сонгосон нь ихээхэн ач холбогдолтой боллоо.

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жилийн ажлын хүрээнд нийслэлийг хөгжүүлэхэд 94,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төрөл бүрийн эх үүсвэрээр хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 90.0 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгээд байна. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жилд Барилгачдын талбай, Аялал жуулчлалын гудамж зэрэг хэд хэдэн томоохон гудамж талбайг шинэчлэн тохижуулахаар төлөвлөн ажиллаж,  дүүрэг бүр 2-3 объектыг сонгон иж бүрэн тохижууллаа. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг дэс дараатай шийдвэрлэхэд тулгамдсан бэрхшээлтэй зарим асуудлууд байгааг энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр асуудлуудыг дэвшүүлэн тавихдаа XXI зууны нийслэл хотын ирээдүйн чиг хандлагыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн дэлхийн улс орнуудын нийслэл хотуудын жишгээр Улаанбаатар хотыг тэргүүлэх хот болгон хөгжүүлэх алсын хараатай өргөн хүрээтэй зорилтуудтай уялдуулан авч үзлээ.

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа улсын төсвийг бүрдүүлдэг тодорхой тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагаас бусад бүх байгууллагыг зөвхөн нийслэлийн төсөвтэй харьцуулж байх зарчим баримтлан, төсвийн орлогын баазыг тогтвортой баталгаатай болгон бэхжүүлж, төсвийн эдийн засгийн агуулгыг хангах, нийслэлийн оршин суугчдад хүндрэл учруулахгүйгээр хотын нөөц давуу талыг ашиглан үйлчилгээ үзүүлсний төлөө нутаг дэвсгэртээ зарим төрлийн төлбөр хураамж бий болгох, санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх талаар эрх зүйн зохицуулалт хийх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг нийслэлийн засаг захиргааны бүтцийн хүрээнд хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан  зээлээр баталгаажсан үнэт  цаасны зах зээлийг хөгжүүлэх бонд гаргах зэрэг арга замаар нийслэлийн санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх.
  • Инженерийн төвлөрсөн хангамжийг шинэчлэн өргөтгөх, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх найдвартай нөөц хүчин чадлыг бий болгох, газар ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, барилга байгууламжийн өртөг зардлыг бууруулах, хотын архитектурын ансамбль бүрдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн хангамж тохижилтыг эрс сайжруулж, өвөрмөц маягийн орон сууцны хороолол болгон хувиргах  асуудлыг ээлж дараатайгаар шийдвэрлэх, сайжруулах.
  • Газар зохион байгуулалт, газрын менежментийн бодлогыг хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй нягт холбож, стратегийн нөөц бүхий газар, архитектур төлөвлөлтийн онцгой нөхцөл шаардсан уулзвар цэгүүд, тусгай хамгаалалтын бүс, тэнхлэгүүдэд хот байгуулалтын үндсэн шаардлага, норм норматив, хүн амын аюулгүй тайван орчинд амьдрах эрх, хэрэгцээ шаардлагыг харгалзах, нөгөөтээгүүр хот орчмын бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж дотоод гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад нээлттэй бодлого явуулж, нийслэлийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг түлхэц болгох чиглэлээр газар нутаг, байгалийн нөхцөл нөөцийг бүрэн тооцсон хот байгуулалт, төлөвлөлтийн цэгцтэй бодлогыг боловсруулж баримтлах.
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэг суудалд ногдох сурагчдын тоо улсын дунджаас 50 орчим хувиар давж, ачаалал хүндэрсэн, эмнэлгүүдийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмж, орчин үеийн шаардлагаас хоцорч байгаа, ядуурал тууштай буураагүй зэрэг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх далайцтай арга хэмжээ авах.
  • ”ХХI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр” болон “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд нийслэлийг бие даасан бүсийн зарчмаар хөгжүүлэх  газар нутаг, экологийн даацад тохирсон амьдрал, үйл ажиллагааны тааламжтай орчинг бий болгох, байгаль болон түүх  соёлын өв, дурсгалыг хадгалан хамгаалах, дагуул хот, суурингуудыг түлхүү хөгжүүлэх.
  • Нийслэлийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд дотоодын эх үүсвэрийн зэрэгцээгээр олон улсын банк, санхүүгийн байгууллага, харилцаат хотуудын дэмжлэг туслалцааг авах, хамтран ажиллах замаар гадаад харилцааны эдийн засгийн үр ашгийг улам дээшлүүлэх.

НИЙСЛЭЛИЙН УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ, ЧИГ ХАНДЛАГА

“Өргөө” хот шарын шашны төв хэлбэртэй байгуулагдсан боловч, Монголын улс төрийн тавцанд гарах далд сонирхлоо ахиулсаар 18 дугаар зууны дунд үед Их Хүрээ тэр үед улс төрийн талаар Манжийн ноёрхлын төв болж байсан Улиастай хоттой мөр зэрэгцэж, улмаар Монгол Улсын нийслэл болсноор автономит Монгол Улсын хаан Жавзандамба хутагтын орд харш, бүх яамд дөрвөн аймгийн Жасаа, төрийн бусад байгууллагууд тогтмол ажиллах болсноор улс төрийн амьдралын төв болсон түүхтэй.

Төрийн бүх төв байгууллагууд, гадаад орны элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн газар, улс төрийн намууд төвлөрсөн, гадаад ертөнцтэй Монголыг холбодог зам тээврийн гол зангилаа болсон Улаанбаатар хот нь манай орны улс төрийн амьдралд үнэхээр гарамгай үүрэг гүйцэтгэн, эх орон даяар мөрдөх улс төрийн бүх шийдвэр, шинэ дэвшилт үзэл санаа боловсрогдон түгэн дэлгэрэх орчин болсоор байна. Тухайлбал Ардын хувьсгалын ялалтыг тунхаглах, хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжих, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө санал асуулгын дүнг зарлах, үе үеийн Үндсэн хуулиудаа батлах, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан зэргийг онцлон дурдаж болох юм.

Төрт ёсны баялаг уламжлалтай манай улс XX зууны эхэнд ардчилал, нийгмийн дэвшлийг баримжаалсан түүхэн  сонголт хийж, хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, төрийн тусгаар тогтнолоо сэргээн эдийн засаг, нийгэм, соёл, хүний хөгжлийн талаар ихээхэн дэвшилд хүрч сэргэн мандсан юм.
Нийслэлийн хөгжлийн олон асуудал нь нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлж буй төрийн захиргааны байгууллагын чадавх, бүтэц зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтын боловсронгуй байдал, үйл ажиллагааны шуурхай, ил тод, ажил хэрэгч чанар, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцох идэвхтэй оролцоо зэрэг хүчин зүйлээс шууд хамааралтай билээ.

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зорилгын үүднээс Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Олон нийтийн оролцоог эрхэмлэсэн сайн засаглалын төлөө” хөтөлбөр, салбаруудыг хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.
Төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын бэлтгэл болгож Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулан хэтийн бодлого чиглэлтэйгээр бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны шинэчлэлт хийж, арга барилыг боловсронгуй болгох дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллав.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийг хэрэгжүүлэх шинэ шаардлага, тогтолцоотой уялдуулан Тамгын газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө /2003-2005/-г ойрын 3 жилийн үндсэн зорилт, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх үндсэн зарчим, орчны шинжилгээ, стратегийн зорилт, бүтээгдэхүүн нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, хяналтын механизм, мэдээлэл гэсэн агуулга, бүтэцтэйгээр боловсруулан мөрдөж эхэллээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоо, чиг үүргийн талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг бататгах чиглэлээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ба Засаг даргын бүрэн эрхэд багтах асуудлуудыг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хууль, төсөв, татвар, байгаль хамгаалах зэрэг 60 шахам хуульд зааж өгснөөр орон нутгийн удирдлагын эрх зүйн үндэс бүрэлдэн тогтож үйлчилж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй эрх зүйн зохицуулалтын үр дүнд сүүлийн жилүүдэд нийслэл хотын бие даасан байдлыг бэхжүүлж, нийгмийн үүргийг нь дээшлүүлэн, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ сонирхлыг хангаж ажиллахад ахиц гарч байна. Нийслэл хотын талаар иргэдийн санал бодлыг тодруулж, төрийн байгууллагын ажилд тусгахад ихээхэн анхаарч, хотын хөгжилт, амьдрах орчноо сонгох, нутгийн захиргаа чиг үүргээ илүү сайн биелүүлэхэд юуг анхаарах, ахмадуудын амьжиргааны түвшин зэрэг асуудлаар нийгмийн янз бүрийн давхаргыг төлөөлсөн хүмүүсийн дунд хэд хэдэн удаа судалгаа явууллаа. Судалгаанд оролцогчдын 85.5 хувь нь нийслэлд 10-аас дээш жилийн хугацаагаар оршин сууж, нийгмийн харилцаанаас төрж гарах үйл явцад тодорхой хэмжээгээр дасан зохицох чадвартай болон төлөвшиж, амьдралын хэв маяг нь аажим боловч тасралтгүй өөрчлөгдөж, “хотжиж” байна. Түүнчлэн  судалгааны үр дүн нь нийслэлчүүд ойрын ирээдүйд амьдрал сайжирна гэсэн итгэлтэй, нийслэлийн хувьд ажиллаж, амьдрах тав тухтай нөхцөл илүү хангагдаж, аливаа мэдээллээс хоцрохгүйгээр зах зээлд ойр байж, сурч боловсроход дөхөм байгаа зэрэг олон давуу талуудтай гэж үзсэн байна.

Өөр нэгэн судалгаанд оролцогчдын 40 гаруй хувь нь “газар ашиглалт, хот байгуулалтын нэгдсэн төлөвлөгөө” боловсруулж, хэрэгжүүлэх нь хотыг хөгжүүлэхэд нэн чухал гэж үзсэн  бол энэ асуудалд байгаа гол бэрхшээл нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж “Иргэдийн дур зоргоор авирлах явдал газар авч, тогтоосон журам, шаардлагыг үл хайхрах хандлага бий болсон” гэж хариулжээ. Түүнчлэн иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүрэг  бүхий “шуурхай мэдээлэл”-ийн төвийг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1993 оноос байгуулан ажиллуулж, зөвхөн энэ онд 9118 санал, мэдээлэл, гомдлыг хүлээн  авч 90.8 хувийг шийдвэрлэсэн байна. Санал гомдлын 43.4 хувь нь орон сууцны байрын халаалт, халуун ус, цахилгааны хангамж, 133 хувь нь үйлдвэрлэл үйлчилгээний доголдол, 4.0 хувь орчим нь хот байгуулалт газрын харилцаа, 4.2 хувь нь хот тохижилтын асуудлыг хөндсөн байна. Эдийн засаг, нийгмийн зорилт, Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг иргэдэд сурталчилж, тэдний санал бодлыг удирдах ажилтнууд биечлэн сонсож, хариулт өгөх зорилготой “Нийслэлийн амьдрал-шийдвэрлэх зорилт “ сэдэвт уулзалтыг нийслэлийн бүх хороодыг хамруулан жил бүр хоёр удаа зохион байгуулж байх тухай Нийслэлийн Засаг даргын 2000 оны 442 тоот захирамж гарч удирдамжийг батлан ажилласнаар 2001-2003 онд 121 хороонд хийсэн 5 удаагийн уулзалтад давхардсан тоогоор 400 орчим удирдах ажилтан, 32.0 мянган иргэн оролцож, хот дүүргийн ажилтай холбоотой 1535 санал гаргасны 82.0 хувийг барагдуулсан байна. Саяхан болсон 6 дахь удаагийн уулзалтад 12.4 мянган хүн  оролцож, 913 санал хүсэлт гаргажээ.

Энэ арга хэмжээ нийслэлийн иргэдийн сэтгэл санаанд нийцэж, төр захиргааны байгууллага иргэдийн ойр дотно холбоог өргөтгөх, иргэдийн санал бодлыг мэдэрч хотоос гаргах шийдвэрт тусгах уламжлалт хэлбэр болон хэвшиж байна. Манай орны их, дээд сургуулиудын 80.0 орчим хувь, эрдэм шинжилгээний байгууллагууд бараг бүхэлдээ нийслэл хотод  байрлаж байна. Энэхүү боломж чадавхыг бүрэн ашиглах, хүн амын бүх давхарга-хүүхэд залуучууд, ахмадууд, эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллаж, хотынхоо хөгжилд хүч хөдөлмөр, оюуны чадавхаа зориулах эрмэлзлийг нь нэгтгэн зохион байгуулах нь нэн чухал байна. Түүнчлэн 360 гаруй жилийн баялаг түүхтэй нийслэл хотоороо бахархах, үр хүүхдэдээ ийм үзэл санааг уламжлуулах талаар иргэн бүр анхаарах шаардлагатай болж байна. Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон төрийн үйл ажиллагааны нэг үндсэн гол асуудал нь ардчиллыг жинхэнэ ёсоор нь бэхжүүлж, түүний түүний зүйлсээс цуцалтгүй суралцах явдал юм.

Ийм учраас Монгол орон дахь улс төрийн ардчиллын төлөвшил, чиг хандлага зорилтын талаар энэхүү лекцийнхээ төгсгөлийн хэсэгт та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хүсч байна. Ардчиллын тухай өнөө үед их ч ярьж, бичиж олон арван ном бүтээл гарсаар байгаа хирнээ түүнийг хэрхэн яаж ойлгох нийгмийн амьдралд хэрэгжүүлэх арга зүй, хэлбэр маягийн талаар маргаан тасрахгүй байна. Ардчилал гэдэг үг /грекийн demos-ард түмэн, сгаtоs-засаглал /ард түмний засаглал гэсэн агуулгатай. Ардчилал бол уриа лоозон амны уншлага биш, харин ажил хэрэг, үйл ажиллагаанд хэрэгждэг, төрийн хэрэгт өргөн олныг оролцуулах бололцоог хангадаг.
Ардчилал хэмээх ойлголт олон талтай, амьдралд хэрэгжих арга хэлбэр гүйцэтгэх үүрэг нь ч маш нарийн төвөгтэй байдгаас үүдэн ардчиллын талаар онол, танин мэдэхүйн маргаан, практик үйл ажиллагаанд зөрчилдөж сөргөлдсөн өөр өөр байр суурь гарч ирэх шалтгаан болдог.

Тухайлбал ардчилал хэвшиж хөгжсөн, энэ асуудлыг онол, практикийн үүднээс олон арван жилээр судалсан барууны улс төр судлалд ардчилал бол:

  • хүн ард улс орноо өөрснөө шууд ба төлөөллөөр дамжуулж удирдах удирдлага, оролцоо
  • ардчилсан засаг  төртэй улс орон
  • олонхийн засаглал
  • иргэдийн тэгш байдал, шударга ёс, эрх, эрх чөлөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, зарчим, бодит үйл явц
  • төрийн ба улс төрийн дэглэмийн тодорхой хэлбэр
  • хүн ард өөрсдийнхөө нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын болон бусад асуудлаа өөрснөө шийдвэрлэх эрх, эрх чөлөө, боломж гэх мэтээр олон талаас нь хандаж өргөн утга агуулгаар ойлгож байдаг нь тодорхой билээ.

Ардчиллыг нийгмийн амьдралын янз бүрийн хүрээ салбарт хэрэгжих, илрэх хэлбэрээр нь эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, оюун санааны ардчилал гэж ангилан хуваадгийг тэмдэглэвэл зохино. Улс төрийн ардчилал бол ардчиллын нэн чухал, үндсэн хэлбэрийн нэг юм. Улс төрийн ардчилал нь нийгэмд улс төрийн, тэр дотроо төрийн засаглалыг ардчилсан зарчим, арга хэлбэрээр хэрэгжүүлэх, нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн анги, давхарга, бүлгүүдийн ялгаатай эрх ашгийг зүй зохистой хангаж хэрэгжүүлэх арга замын илрэл юм. Ардчиллын төвлөрсөн илэрхийлэл, хөгжих баталгаа нь эрх зүйн хэм хэмжээг сахиж мөрдөх явдал юм. Энэ үүднээс ардчиллын гол үнэ цэнэ нь хуулийн өмнө бүх субъект, иргэд албан тушаалтан, байгууллагууд тэгш байх шаардлагыг сахин биелүүлж байх явдал юм.

Нийслэлийн өөрөө удирдах ёсны  болон төр, захиргааны  байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдэд эдлүүлсэн үндсэн эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, улс төрийн намууд, олон нийтийн бусад байгууллагуудтай нийгмийн амгалан тайван байдлыг сахин хангаж, хуулийг дээдлэн биелүүлэхийн төлөө дэмжлэг туслалцаа авч хамтран ажиллах чин эрмэлзэлтэй байдаг. Монгол Улс дахь ардчиллын салшгүй чухал хэсгийн нэг бол улс төрийн олон намын тогтолцоо юм. Улс төрийн олон нам Монголд ардчиллын хэрэгжилтийн илэрхийлэл, үр дүн болж үүссэн  болно. Энэ бол чухал ололт юм. Учир нь олон нам нь нийгмийн давхраа, бүлгүүд ба тэдний ялгаатай, өөр өөр эрх ашгийн илэрхийлэл болж гарч ирдэг. Шинэ мянган, шинэ зууны эхэнд МАХН үзэл  баримтлалаа шинэчилж, ардчилсан социалист үзэл санааг онол суртахууныхаа үндэс болгон, парламентын нам болж бүрэн төлөвшин, дэлхийн 141 улс төрийн нам, байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн социалист интернационалын жинхэнэ гишүүн болж, олон улсын тавцанд нэрээ гаргаж, Монгол улсын төрийн эрхийг барих боллоо.

Нийслэлийн МАХН-ын хорооны даргын хувьд хэлэхэд 40 шахам мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн нийслэлийн МАХН - ын байгууллага 1996-2000 онд сөрөг хүчин байхдаа ч засгийн эрхийг барьж байгаа үедээ ч ардчилсан социалист үзэл санааны үнэт ололтыг үндэслэн ардчилал, хүний эрх, шударга ёсыг дээдлэн ажиллаж байна. Өнөөгийн нөхцөлд улс төрийн зарим нам нь нийгмийн өөр өөр давхраа, бүлгүүдийн ялгаатай, бодит эрх ашиг, байр суурь, үзэл бодлын тусгал, илэрхийлэл болохоосоо илүү намаар халхавч бамбай хийсэн улс төр, эдийн засаг, бизнесийн шинж, зорилготой явцуу бүлэглэлүүдийн эрх ашгийн илэрхийлэл байх тохиолдол цөөнгүй гарч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй байна. Улс төрийн намууд нь наанадаж өөрийнхөө төлөөлсөн анги, давхраа бүлгүүдийн бодит эрх ашгийг цаашилбал улс орон, ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэж түүний төлөө хүлээх  үүрэг хариуцлагатай байх ёстой. Саяхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулсан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ээлжит V бага хурал “Ардчилал сайн Засаглал ба иргэний нийгэм” хэмээх өргөн цар хүрээтэй сэдвийг хэлэлцэж, өнгөрсөн хугацаанд ардчиллыг хөгжүүлэх бэхжүүлэх явцдаа ямар ололт амжилтад хүрэв, ямар саад бэрхшээл зорилтуудтай тулгарч байв, түүнийг гэтлэн давах талаар ямар хүчин чармайлт гаргав гэдгээ нэгтгэн дүгнэж зөвшилцөхийн зэрэгцээ цаашид тулгарч байгаа болон ардчилсан ололтуудыг хамтын хүчээр хамгаалан бэхжүүлэх олон улсын үр нөлөөтэй механизм бүрдүүлэх зэрэг чухал асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцож туршлага үйл ажиллагааныхаа чиглэлийг хамтын оюун ухаанаар тодорхойлсон нь онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Олон улсын энэхүү нэр хүндтэй чуулга уулзалт эх орны маань нийслэлд болж өнгөрсөн нь манай оронд өрнөж байгаа ардчиллыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буйн илрэл,  Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг болсон билээ. Ардчилал шинэчлэлийн арав гаруй жилийн үйл явц, сургамж туршлага бүр нийслэлийн төр захиргааны байгууллагын хувьд өөрчлөлт шинэчлэлтийн эрхэм зорилго, гол шугам байж цэцэглэн хөгжих,  идэвхжин манлайлахын үндэс суурь болж ирсэн билээ. Нийгмийн амьдралын бүхий л салбарт олон нийтийн оролцооны шинэ шинэ хэлбэрүүдийг бий болгох аливаа үүсгэл  санаачлагыг дэмжих, бусад улс орон ард түмний туршлагыг судалж нэвтрүүлэх зэргээр иргэдийн оролцоог улам бүр өргөтгөх нь ардчиллыг баталгаажуулан бэхжүүлэх, нийгмийн цаашдын хөгжил дэвшлийг хангах нэг гол арга зам мөн гэдэгт бид бүрэн итгэлтэй байдаг, тэгээд ч Засаглалын үйл ажиллагааг энэ чиглэлээр өрнүүлэхэд онцгой ач холбогдол өгч ирсэн юм. Ардчиллын элемент, хуралдах хэлэлцэх, хүсэл бодол, санаа зоригоо нэгтгэх, баг бүлгийн зохион байгуулалтад орох, мэдээлэл авах, боловсруулан дүгнэх, дамжуулах үйл ажиллагаа хүн төрөлхтний түүхэнд байнга байсан бөгөөд Монголд 1990-ээд оноос өмнө ардчилсан үзэл санаа үйл явц огтоос байгаагүй гэвэл хэт үгүйсгэсэн, ардчилал ганц нэг хүний буянаар үүссэн гэвэл арчаагүй гэнэн туйлшрал болох билээ.

Ер нь ардчиллын үндсэн хэлбэр, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зохистой хэм хэмжээ бол жагсаал цуглаан хийх, өлсгөлөн суулт зарлахыг урьтал болгох явдал бус санал бодлоо солилцон зөвшилцөж, гол зорилго, зорилтын төлөө нэг дүгнэлтэд хүрэх явдал мөн гэж би боддог. Асуудлыг тавьж шийдвэрлэхдээ монгол хөрс, монгол арга барилаар буулгаж, сэтгэж, бодож, бүтээлчээр ажиллах явдал чухал бөгөөд харин өмнөхөө ул үндэсгүй үгүйсгэх, биечлэн хийхгүй уриалах, биеэр оролцохгүй зааварчлан заах, сургамжлах, хийсэн бүхнийг гоочлох, нураах гэсэн аливаа бодол оролдлого нь улс орны хөгжилд ач тусаа өгөхгүй саад чөдөр тушаа болох билээ. Монгол Улсад нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд ардчиллын хэм хэмжээ, зарчмууд бодитойгоор хэрэгжиж байна. Энэ нь өмчийн янз бүрийн хэлбэр, үүний дотор хувийн өмчийн эрх, эрх чөлөө хангагдаж байгаагаар, нийгмийн давхраа бүлгүүдийн нийгмийн /социал/ ба оюун санааны амьдралын олон байдал бодитойгоор хангагдаж байгаагаар илэрч байна.Гэхдээ энэ нь нийгмийн амьдралын эдгээр хүрээнд ардчилал бүрэн бэхжиж хэвшиж тогтсон, ямар нэг асуудал, зөрчил саад бэрхшээл байхгүй гэсэн үг биш юм.

Ардчиллын улс төрийн соёл бүрэн төлөвшиж тогтоогүй, нийгмийн доторх амьдралын түвшний ялгарал их, хөгжлийн шийдвэрлэх асуудлууд тулгамдаж байгаа үед улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшил бизнесийн байгууллагууд ардчилал улс орны хувь заяаны төлөө хүлээх үүргээ сайтар ухамсарлаж тэвчээртэй хандах, үндэсний бодлогын гол асуудлаар зөвшилцөх аливаа өрсөлдөөнд зөвхөн хуулийн хүрээнд шударга оролцож сурах нь үлэмж ач тустай болоод байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийт иргэд төрөлх нийслэл Улаанбаатар хотоо цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсдээ шинэ шинэ амжилт олж, ирэх 2004 онд тэмдэглэх нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 365 жилийн ойгоо нэр төртэй угтах итгэл төгс байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2003.11.07

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51405
0 эможи
keyboard_arrow_up