Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Оны сүүлчийн онцлох сэдэв: УТАА

2018 оны 1 сарын 03

Arslan.mn

Угтаа хавар, зун, намраас эхлээд л утаатай тэмцэх “зэвсгээ” агсах ёстой атал Улаанбаатарын утаа монголчуудад зул сарын баярын “хачир” болж ирээд хэвшжээ.  Тэр дундаа улс орны төрийн тэргүүнээс эхлээд шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүс жил бүрийн өдийд буюу оны төгсгөлд утаатай тэмцэхээ зарладаг жаяг тогтох янзтай. Тэр уламжлал энэ жил ч гажсангүй. Он солигдохоос 48 цагийн өмнө төрийн өндөрлөгүүд утаатай тэмцэх уламжлалт аргаа хэрэглэв. Гоёчилж хэлбэл, Ерөнхийлөгчийн илгээсэн утаатай тэмцэх онц байдал зарлах саналын дагуу спикер Ажлын хэсэг байгуулж шуурхайлснаар их хотын иргэд сэтгэл тэнүүн баяраа тэмдэглэлээ.

Үнэндээ Ерөнхийлөгч, Их хурлын дарга нарын хэлснээр “Утааны асуудал онцгой анхаарал татаж байна” гэдэг үг ард түмэнд таалагдахаа болиод удаж байна. Онц байдал зарлах санал ч шинэ санаачилга биш юм.

Өнгөрсөн жилийн өдийд агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж байсан. Түүнээс хойш агаарын бохирдолтой тэмцэх ямар ахиц дэвшил гарсан бэ гэвэл харамсалтай хариулт гарна. “Нэг жилийн хугацаанд ҮАБ-ын зөвлөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хэрэгжээгүй” гэдгийг Ерөнхийлөгч онцолсон байна лээ.

Утаатай тэмцэх талаарх төрийн төгсдөггүй бодлогын саяхны жишээ авсан ч адилхан. Гурван сарын өмнө буюу өнгөрсөн аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд сүр дуулиантайгаар хийсэн ч шийдэл алга. “Үндэсний чуулганаас гарсан үр дүнг харамсалтай нь ажил болгоогүй” гэдгийг Ерөнхийлөгч хоёр хоногийн өмнө мэдэгдлээ. Утаатай тэмцэх талаар тав, арван жил, нэг жил, гурван сарын өмнө ярьж буй бүхэн адилхан. Гагцхүү утга нь “улс төр”.

Тиймээс ядаж энэ удаад Ерөнхийлөгч, сайд дарга нарын оны сүүлчийн онцлох сэдэв утаа биш байгаасай. Шинэ оны эхэн дээр онц байдал зарлах, утаатай тэмцэх Ажлын хэсэг байгуулснаа битгий мартчихаасай. Хэрэв урьд жилүүдийн адил өвөл болохоор л утааг гэнэт мэддэг жишгээ давтах юм бол  доод давхаргынхан угаарандаа тарчилж гүйцэх нь. Эцэстээ эрүүл мэнд, эд хөрөнгө гээд бүхий л хэлбэр, бие махбодиороо хохирч хордож гүйцлээ.

Утааг гэнэт мэдсэн хүмүүсийн гэнэтийн бэлэг ирэх жил утаатай тэмцэх оновчтой бодлого байна гэж найдъя. Улиг болсон утааны талаарх дарга нарын шинэ үгийг тоймлолоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаар /2017.12.28/ “Онц байдал зарлах” саналыг УИХ-ын даргад хүргүүлэв.

-Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн. Бүгдээрээ утааны асуудалд онцгой анхаарал хандуулъя. Жил бүр үүнийг ярьдаг. Засаг захиргааны нэгж, тодорхой хэлбэл, ЭСЯ, зарим яамд, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад ирэх хавраас ажилдаа оръё.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

/2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулган-ын үеэр хэлсэн үг/

-Үе үеийн Засгийн газар утаа бууруулах олон ажил хийсэн боловч байдгаараа. Тиймээс Засгийн газраас  хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор баталсан Агаар, орчны бохирдлыг буу­руу­лах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавин бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Яндангийн тоог цөөлөх, эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхөд цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх, тэглэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана. ҮАБЗ агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн.

УИХ-ын дарга М.Энхболд (2017.12.28) чуулганы хуралдааны үеэр утаатай тэмцэх Ажлын хэсэг байгуулав.

-Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьс­галын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн.

2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

/2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг  бууруулах Үндэсний чуулганы үеэр хэлсэн үг/

-Биднийг хамгийн бухимдалтай улс орны жагсаалтад дээгүүр тавьсан гурван хүчин зүйлийн нэг бол агаарын бохирдол. Утаатай тэмцэхэд ямар алдаа дутагдал байв гэдгийг эхлээд зөв дүгнэх хэрэгтэй. Юуны өмнө хуулийн хэрэгжилт, хяналтын механизмын салангид байдал, агаарын бохирдлоос жил бүр улсын төсөвт 20-25 тэрбум төгрөг хуримтлагддаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа нь төр иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг хангаж чадахгүй байдалд хүргэж байна.

Бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал. Мөн Утааны эх үүсвэрийн нэгдсэн суурь судалгааны дутагдалтай. Үндэсний үйлдвэрлэгчид дэмжлэг үзүүлдэггүй байдал нөлөөлж байна. Эдгээрийг шийдэх нь Агаарын орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51774
0 эможи
keyboard_arrow_up