Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ыг тараах, эсэхийг ард түмнээсээ асуухад буруудахгүй

2018 оны 1 сарын 08

Амин чухал шийдвэрийг ард түмнээсээ асууж байж гаргадаг болбол ямар вэ?

  Аливаа чухал шийдвэр гаргахын тулд ядаж хааяа ч гэсэн ард түмнээсээ асууж байх нь нөгөө ардчилал энэ тэрийнх нь нэр хүндэд нэмэр болно уу гэхээс нэрмээс болохгүй нь мэдээж. Манай улсын хувьд тэртээ 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан ч ард түмнээсээ асууж, тэднийхээ үгийг сонсох замаар шийдвэр гаргаж байсан уламжлал байхгүй гэхэд болно.

“Төр иргэнээ бууддаг байж таарахгүй. Цаазаар авах ялыг халах нь зөв” гэж  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа үзсэн. Улмаар “Намайг төрийн дээд эрх мэдлийг атгаж байгаа цагт нэг ч ялтанг цаазаар хороохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ өөрийнх нь итгэл үнэмшил ард түмний нийтлэг үзэл санаатай нийцэх, эсэхийг бодолцоогүй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, сонгогч олон түмний байр суурийг харгалзан үзэх замаар энэхүү эмзэг шийдвэрээ гаргах нь зөв гэдэг хандлагаас эрхэм төрийн тэргүүн холуур байлаа. Хэрэв санал асуулга явуулсан бол ямар үр дүн гарах байсныг хэн ч шууд хэлэх боломжгүй. Юутай ч Ц.Элбэгдорж ард түмний сэтгэл санаа үүнд бэлэн биш гэж үзэж, асуудалд өөрийн сонирхлоор хандсан юм.

-Би Ерөнхийлөгчтэй олон зүйл дээр санал нэгддэг. Гэхдээ цаазаар авах ялыг халах нь зөв үү гэдэг дээр миний хувьд цаг нь болоогүй гэж үзэж байгаа. Хүн алахын өвчин туссан биш. Хорооё гэсэн бодол ч алга. Гэхдээ манай улсын өнөөгийн нөхцөл байдал, ядуурлаас улбаалаад гэмт хэрэг өсч байна. Гэмт хэрэг дотроо урьд хожид сонстож байгаагүй онц хэрцгий үйлдлүүд их гарч байна. Ийм үед цаазаар авах ялыг цуцлах цаг нь мөн үү, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө гэдгийг хэлж байгаа юм. Тодорхой цаг хугацааны дараа олон улсын Пактад нэгдэх эсэх нь нээлттэй. /УИХ-ын гишүүн асан З.Алтай. 2010 он/

-Энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Бид дэндүү цөөхүүлээ. Суурь хүмүүжил, оюун ухаанд нь хөрөнгө оруулалт хийх цаг болсон. Эрүүгийн хуулиа эргэж харах хэрэгтэй. Шоронд ял эдэлж байгаа хүн “дахин хулгай хийхгүй юм шүү” гэж бодохын оронд яаж улам болгоомжтой хулгайлах вэ гэсэн сэдэл төрүүлсэн хууль шүү дээ. Ухаарал өгөх л хууль шаардлагатай. /УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар/

-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хүчиндэн амь насыг бүрэлгэн жижиглэн цүнхэнд хийсэн. Өчигдөр Баянзүрх дүүрэгт дөрвөн настай охиньг хүчинджээ. Ийм хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг ард түмний нүдэн дээр цаазалмаар санагдах юм. /иргэн А. Ганбат/

-Хэтэрхий сэтгэл хөдлөл дээр тулгуурлаад дүгнэлт хийгээд байвал хүн бүрийн сэтгэлзүйн онцлогоос шалтгаалаад сонин шийдэлд хүрэх байх. Өнөөдөр дэлхий олон орнууд цаазаар авах ялаас түдгэлзсэн байгаа. Энэ нь магадгүй хүний эрхэнд хандах хандлагийн түвшингээсээ шалтгаалдаг болов уу? Ерөөс маргаантай байдаг аборт эвтанази цаазын ял гэх мэт асуудлууд ёс зүйн олон хэмжээстэй учир үргэлж маргааны сэдэв байсаар байдаг. Миний хувьд цаазын ялаас татгалзах нь зөв гэж боддог. Гэхдээ манайд байхгүй болгосон. Дахин бий болгох асуудал ярих шаардлагагүй болов уу. Учир нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд түдгэлзүүлсэн байгаа.

/иргэн С. Ундрахбат/ 

-Байх ёстой зүйлийн талаарх эрүүл үзэл бодол болон хохирогчийн сэтгэлзүй, аффектыг хооронд нь харьцуулж огт болохгүй. Тиймээс “Чамд ийм юм тохиолдсон бол чи өршөөх үү?” гэж ярих нь утгагүй. Миний хувьд өс хонзон авах, гомдол бухимдал тайлах арга гэдэг утгаар нь бус байх ёстой эрүүгийн ялын төрөл болохынх нь хувьд дэмждэг. Үүний гаргалгааг эрх зүйн философи, эрх зүйн социологи, криминалоги талаас хийхээс бус тухайн тохиолдол, фактад хувь хүний жигшил хорслын мэдрэмжээр бий болсон “Ийм юмнуудыг алаад хаячих юмсан” гэдэг үнэлэмжээр цаазаар авах ял байх хэрэгтэй, хэрэггүйг дүгнэж болохгүй. / иргэн Т.Батжаргал/

Тухайн үед хүмүүс ийм байр суурь илэрхийлж байлаа.

Харин Ерөнхийлөгч Х.Батулгын хувьд цаазын ялын бодлого дээр өмнөх Ерөнхийлөгчийнхөөс өөр байр суурьтай байгаа. Тэрбээр тодорхой хэрэг дээр цаазыг сэргээх саналыг цочмогдуу дэвшүүлж Хуульзүй, дотоод хэргийн яаманд тулгах маягтай уламжилсан нь нийгэмд мөн л маргаан дэгдээлээ. Яг ард нийтийн дунд санал асуулга явуулсан, эсэхийг мэдэхгүй. Зөвлөх эмэгтэй нь “Судалгаа хийж үзэхэд иргэдийн дийлэнх нь цаазын ялыг зарим гэмт хэргийн төрөлд нэмэх хэрэгтэй гэж үздэг  юм билээ” гэсэн утга бүхий тайлбар хэлж байна лээ. Гэхдээ мань мэтэд тэр санал асуулга нь ирээгүйг бодоход судалгаа нь өргөн хүрээг хамарч чадаагүй бололтой юм. Ямар ч байсан Д.Цогтбаатар гишүүний хэлээд байгаа шиг цаазаар авах ялыг сэргээснээр онц  хүнд гэмт хэрэг буурдаг, эсэхийг тодорхойлох  судалгаанд л тулгуурлаж уг асуудлыг шийдэх хэрэгтэй болов уу.

2000 оны сонгуулиас хойш УИХ-ын сонгуулийг ямар хувилбараар явуулах вэ гэдэг дээр MAH, АН хоёр удаан маргалдаж билээ. АН-ын хувьд пропорциональ буюу хувь тэнцүүлэх хувилбар дээр олон жил тууштай зогссон. 2000 оны сонгуулиар ардчилсан хүчин сонгогчдын 50 хувийн дэмжлэг авсаар байхад парламентад ганцхан төлөөлөлтэй болсон нь мажоритар тогтолцооны гажиг хэмээн уйгагүй гомдоллосон.

Өөрөөр хэлбэл, сонгууль пропорционалиар явагдсан бол ардчилагчид арай ч ингэж доошоо орохгүй байсан юм гэдэг төсөөлөл тэр үед л итгэл үнэмшил болтлоо ухаан бодолд нь нэвчсэн гэсэн үг. Гэвч тухайн үед УИХ-д үнэмлэхүй олонхийн төлөөлөлтэй байсан МАХН (МАН) сонгуулийн хуулийг өөрчлөх нь бүү хэл өчүүхэн төдий ч салхи оруулалгүй 2004 оны сонгуулийг хуучин хувилбараар явуулсан. Үр дүн нь харин МАН-д тийм ч ашигтай гараагүй. 2004-2008 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хоёр жилд нь АН сөрөг хүчний байр суурьнаас оролцсон болохоор 2008 оны Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд төдийлөн нөлөөлж чадаагүй. Улмаар 2008 оны сонгуулийг МАН томсгосон мажоритар хувилбараар явуулахаар шийдсэн юм. 2008-2012 оны УИХ Сонгуулийн хууль дээр бас л их маргасан. МАН 52:24 гэдэг хувилбар дээр хатуу зогсож, үүнийгээ хүчиндэх маягтайгаар тулгасан бол Ардчилсан Нам 26:50 гэсэн пропорциональ давамгайлсан холимог хувилбарыг хүчтэй зүтгүүлж эрх баригчдыг тэр хэрээр барьц алдуулах шахаж байлаа. ИЗНН-ын хувьд АН-ыг ерөнхийд нь дэмжсэн. Тэдний “Бүр аргаа ядахад 38:38 гэсэн хувилбар дээр тогтох ёстой” гэсэн шаардлага нь тийм ч сул байгаагүй. Уг асуудлыг хэлэлцэх болоход АН-ын бүлэг өөрийн байр сууриа хатуу хамгаалж, улмаар УИХ-ын үйл ажиллагаа үе үе гацаж байлаа. МАН аргаа бараад “Ард түмэн шийдэг. Санал асуулга явуулая” гэж уриалав. АН эхэндээ хүлээн авч байгаагаа илэрхийлсэн ч төдий л удалгүй хэлсэн үгнээсээ ухарсан юм даг. Эцсийн дүнд МАН буулт хийснээр, хоёр нам тохиролцоонд хүрч 48:28 гэсэн холимог хувилбараар сонгууль явагдав. “Ард түмнээс асууя” гэсэн прагматик санаа намуудын эрх ашгийг давж чадалгүй бүдгэрэв.

“Сонгуулийн тогтолцоо янз бүр. Аль аль талд нь давуу болон дутагдалтай талууд байдаг. Ер нь бид 1992 оноос хойш мажоритар гэж нэрлээд байгаа олонхи, дийлэнхийн системээр сонгууль явуулж ирсэн. Нийт таван удаагийн сонгуулийг ийм системээр явууллаа. 2008 онд “Олон мандат-нэг тойрог” гэдэг системээр явуулсан. Энэ тогтолцооны дутагдалтай талыг таван удаагийн сонгуулиар олоод харчихлаа шүү дээ.Тухайлбал, жижиг тойрог нь мөнгө төгрөг тараах боломжтой ч гэдэг юм уу, эсвэл УИХ-ын гишүүд хэтэрхий жижиг тойргоос сонгогдсон учраас улсын хэмжээний нэгдсэн бодлого ярихад хүндрэлтэй орон нутгийн жижиг асуудлыг хэлэлцдэг ч гэдэг юм уу, янз бүрийн шүүмжлэл гараад байгаа. Цаашдаа  улс орны хувьд нэгдсэн бодлого шаардлагатай гэдэг үүднээс пропорциональ системийг сонгох нь зүйтэй гэсэн саналтай байх шиг байна.Гэхдээ намын бүлгүүдийн саналаар шийдэгдэнэ шүү дээ” гэж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн С.Батболд ярьж  байлаа. Энэ бол ганц түүний биш, МАН-д ийм бодолтой гишүүн цөөнгүй байсан нь удирдлагадаа нөлөөлсөн хэрэг. Юутай ч 2012 оны сонгууль анх удаа мажоритар давамгайлсан холимог хувилбараар явагдаж өндөрлөсөн.

2016 оны сонгуулийн өмнөхөн бас л Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдлөө. МАН, АН хоёр жижиг мажоритар тогтолцоог сонгох асуудлыг ханцуй дотроо наймаалцаж, Цэцийн дэмжлэгтэйгээр санаснаа хэрэгжүүлсэн бөгөөд бусад намууд яаж ч  эсэргүүцээд дийлээгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цэц гэмт хэрэг хийлээ” гэж хатуу үгийг  чулуудсан ч эрх баригчид түүний үгийг огт тоогоогүй. Ийнхүү жижиг мажоритар системээр явагдсан сонгуульд  МАН 65, харин АН есхөн суудалтай хоцров. АН ард түмний 50 хувийн дэмжлэгийг авсан гэж хэчнээн орилоод ч өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчийн үлгэр болсон доо. Хамгийн гол нь МАН өмнөх нь шигээ ард түмнээс асууя энээ тэрээ болж попдоогүй ч АН-ыг гудамжинд гаргаж дөнгөв. Гэхдээ одоогийн  эрх баригчид мөн л Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг  хөндөж тун магадгүй бөгөөд үнэмлэхгүй олонхидоо эрдээд ард түмнээс асууя гэж ам ангайхгүй нь бараг тодорхой доо.

2016 оны сонгуулийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг МАН маш шуурхай тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. УИХ-аас томилогдсон тусгай ажлын хэсэг бүх аймгуудаар явж хуулийн төслийн өөрчлөлтийг ухуулан таниулав. Үр дүн нь МАН-д ашигтай гарлаа. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын боловсруулсан төсөл дэмжлэг авсан юм байх. Гэхдээ АН болоод бусад жижиг намууд, иргэний хөдөлгөөнүүд “Нэг нам үнэмлэхүй олонхи засаглаж байгаа үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй” гэж мэдэгдлээ. Бас нэг намд зориулсан Үндсэн хууль болчих вий гэж болгоомжилж байгаагаа илэрхийлэх хүмүүс ч байна. МАН хүч түрлээ гэхэд нөгөөдүүл нь эсэргүүцэж жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт болно. Харин эрх баригчид “Ард түмэн ингэж үзсэн юм” гэдэг үгээр хариу барихаар төлөвлөж байгаа  нь мэдээж. Үр дүн нь юугаар дуусахыг ёстой таашгүй.

Хэдхэн хоногийн өмнө  Ерөнхийлөгч Х.Баттулга “Утааны асуудлыг шийдэж чадахгүй энэ чигээрээ цааш явах юм бол УИХ-ыг тараах  санаачилга гаргана” гэж мэдэгдсэн биш зарим гишүүд төрийн тэргүүнийг хатуу ширүүн үгээр хайр найргүй “мялаахаа” мартсангүй. Монголчуудын, Монгол Улсын оршин тогтнох, эсэх асуудал яригдаж байхад өөр хоорондоо уралцаж хэрэлддэг уламжлалт ажлаа хойш тавьж санаа бодлоо нэгтгэн утааны эсрэг нэгдмэл хүчээр “байлдаанд” орох нь ширээ сандал, албан тушаалаас чухал байна шүү дээ. Ер нь ч тэгээд УИХ-ыг тараах, эсэхийг  ёстой л ард түмнээсээ асуухад буруудахгүй мэт. 

 

                                           

                                                 Дажсүрэнгийн Лхагвадорж 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52028
0 эможи
keyboard_arrow_up