Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монголчууд найдвартай бамбай байхын тулд Оросын төр, засгийн манкурт боол болох ёстой...

2018 оны 1 сарын 09

Оросын хаадын Алс Дорнод руу чиглэсэн бодлогын ялалт ба БНМАУ

Их Петр хаан Балтын тэнгист гарцтай болж Петербург хотыг барьсны дараа газар нутгаа Дорнодруу тэлэх, чадвал өвөл хөлддөггүй Номхон далайд гарц олох хэтийн зорилго тавьжээ. Тэгэхийн тулд Сибирь дахиныг эрхшээх, хүн ардыг нь болбол Христосын шашинд оруулах, түшиц газрууд, цэргийн боомтуудыг олноор нь буй болгох хэрэгтэй байв. Зорилгоо тэрээр аажмаар, элдэв зальжин зөөлөн аргаар хэрэгжүүлж эхэлжээ. Энэ зорилго цаашдаа Оросын хаадуудад үе дамжиж баримтлах Хар хайрцагны бодлого, цуцалтгүй хэрэгжүүлэх ёстой даалгавар болж хувирчээ.

Оросын төр засаг зальжин, зөөлөн элдэв аргаар Сибирийн хүн ардыг өөртөө татаж, Номхон далай тийш суурингууд, цэргийн боомтуудыг барьсаар л байлаа. Их Монгол улсын нутаг дэвсгэр байсан Байгал нуурын районыг ч тэд өвөрчилж чадаад зүүн тийшээ давшсаар Номхон далайн эрэг хүрчээ.Далайн эрэгт боомт хот байгуулж усан флоттой болж хойшоо Аляск, урагшаа Япон, Солонгосруу, Хятадруу нэвтрэх усан замыг ч мөн эзэмшжээ.

Оросын хаадын дээрх бодлогыг залгамжлан авч үргэлжлүүлэх үүргээс Зөвлөлт засгийн газар ч татгалзаагүй юм. Шинэчлэгдсэн нөхцлийг ашиглаж тэд бүүр ч идэвхтэй ажиллажээ.

Зүүн өмнөд Ази руу оросуудын хийсэн өнгөлзлөг нь Япон, Хятад, Солонгосын ашиг, сонирхолтой зөрчилдөж энэ бүс нутаг сөргөлдөөн, мөргөлдөөний талбар болж хувирчээ. Оросуудад геополитикийн олон асуудал шил шилээ даран босож ирэв. Оросын төр, засгийн бүтцэнд Дорно дахины асуудлыг эрхэлдэг байгууллага, хүмүүс буй болж, мэргэжиж, мэдээлэл, тайлангийн архив, фондууд үүсэж зузаарчээ.

Элдэв нэр хаягийн дор тагнуулын экспедицүүдийг Оросын төр, засаг Монгол, Хятад, Төвд, Солонгос руу илгээх болжээ. Тэдний илгэээсэн мэдээ, тайлангуудыг Оросын төр засаг чухалчлан үзэж, энэ хэрэгт ихээхэн зардал төлөвлөж, экспедицийн гишүүдийг элдвээр урамшуулж, шагнаж, төрийн одон, генерал цол хүртэл олгож байлаа...

Орос Японы дайн, Хятад дахь самуун, Шинэ хятадын хойшоо хандсан өнгөлзлөг, түрэмгийлэл нь Оросоос Монголд хандах бодлогыг ихэд өөрчилжээ. Монголын цаана Хятад, Япон гэсэн Оросд дайсагнах, өрсөлдөх томоохон хүчнүүд байгаа, тэд Дорнод Сибирийн зүг шунахайран харж, боломж гарвал л довтлон орж ирэхэд бэлэн болсон нөхцөл нь Оросын удирдлагыг хирдхийлгэж бүр айлгаж орхижээ. Оросууд Монголын газар нутаг, хүчин зүйлийг “Ертөнцийн эзнээс бүтээсэн халхавч, бамбай мөн болохыг таньж” хэрээслэн залбирцгаасан байна. Энэ бамбайг зориулалтаар нь орхих, ашиглах, бүр тордож “Орчин үеийнх” гэхээр бэх бат болгохоор оросууд шийдэж, монголчуудын үзэл санаа, сэтгэлзүйг Хятад, Японы эсрэг болгох аянд мордоцгоожээ. Тэгэхдээ тэд болж л өгвөл “Нэг сумаар хоёроос, гурван туулайг буудаж сурахыг” улстөрчид, цэргийн эрхтэнгүүд, тагнуулчиддаа зааварчлан захиж байв. Монголын хувьд гэхэд л “Хятад, Японы тагнуул, гар хөл нь” болж өгвөл Чингисийн алтан ургийнхан, жинхэнэ эх орончид, оюунлаг хүмүүс, лам нар байх, байлгахыг чекистүүддээ үүрэгдэж монголчууд нь найдвартай бамбай байхын тулд “Ивээн тэтгэгчээр тодрон гарч ирсэн” Оросын төр, засгийн манкурт боол болох ёстой гэдгийг хатуу сануулж байв. Энэ бодлого, аргачлал хэргээ яг таг гүйцэтгэсэн билээ...

Манж Чин гүрний өв залгамжлагчаар өөрийгөө өөрөө тодруулсан (тийм заалт бүхий гэрээслэлийг Гүрний эзэн Манж хаан үлдээгээгүйг хорвоо мэдэж байхад шүү!) Шинэ Хятадын шунахай удирдлага Их Оросын дээрэнгүй үзэлтнүүдэд ч тус хүргэж бүр давхар ханатай бамбайтай болоход гар бие оролцжээ. Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан- Уйгарын өөртөө засах орон бол БН Монгол улсын зүүн өмнө, өмнө, баруун өмнүүр оршин буй нэгэн өвөрмөц бүс нутаг, "Бамбайн цаагуурх дэд бамбай” гэж нэрлэж болох газар орон, хүн ард мөн болно. Энэхүү “Дэд бамбай” Хятадад бүх талаар бүрэн уусаж дуустлаа л Оросын дорноруу чиглэсэн бодлогод хэрэг болсоор л байх учиртай ажээ. Мөнхүү “Дэд бамбайн” хавчигдал, хүсэлтийг үндэс болгож байна гэж дурдаад Оросууд тийшээгээ ч хошуугаа дүрж байх боломж бий юм...

Дээр дурьдсан бүхнээс узэл ахул тэднээс Монголд үзүүлсэн тусламжийн рубль бүр эзэндээ улстөр, ЦЭРЭГ дайн, эдийн засгийн ашиг унагаасаар байжээ. Дүгнэж хэлэх аваас Монголд тусалснаараа тэд эн түрүүнд өөртөө туслажээ.

1939 оны Халх голын дайн, 1945 онд Японы милитаристуудад өгсөн цохилтод ЗХУ ба Монголын цэрэг дайчид оролцож олон цэрэг эрс амь үрэгдсэн нь мөн л том утгаараа, алсын хаялгаараа Оросын төр, засгийн XX зууны туршид хатуу баримталж ирсэн дорнодахин руу чиглэсэн цэрэг-стратегийн бодлогын хэрэгжилт байв. XX зууны эхэнд болсон Орос, Японы дайнд Орос ялагдаж улмаар Японы түрэмгийлэгчдийн нууц бодлого, зорилтыг Оросын улстөрчид сайтар ойлгож таньсны учир Японы өнгөлзлөгт нэн даруй цохилт өгөх, тэгэхдээ бүр эхний алхмыг нь шууд л няцаах, бүр Монгол улсын хил дээр л таслан зогсоохын ач холбогдлыг Оросын стратегичид Сталинд ойлгуулжээ. Ер Япон, Хятадын болзошгүй халдлагыг Монгол улсын хил орчимд л таслан зогсоох, энэ хэрэгт Монгол улсын газар нутаг, хүний нөөц, маневарлах гоц чадавх бүхий Монголын морин цэргийн хүчийг ашиглах нь цэрэг-дайны зардлыг нэн ихээр хэмнэх, цаг хожих, өөрийн газар нутаг дээр хохирол үл үзэхэд үнэлж барамгүй их ач холбогдолтой байжээ.

Цэрэг-стратегийн хувьд онц чухал байрлалтай Монгол улстай ах дүүгийн, холбоотны, найрамдал хамтын ажиллагааны бат нягт холбоо, харилцаатай байх нь Оросын ард түмний хувьд нэн чухал хэрэгцээ гэдэг нь өмнө өгүүлснээс тодорхой байна.

Их Петр хааны үеэс онц идэвхийжиж ирсэн Их Оросын түрэмгийлэл XX зууны эхээр үндсэндээ л Алс Дорно дахин руу гол анхаарлаа хандуулах болжээ. Дорно дахинд оросууд Анли, Франц, Япон, Испани зэрэг орны ашиг сонирхолтой зөрчилдөж, мөн Хятадтай ч нөлөөний хүрээгээ булаацалдаж эхэлжээ. Алс дорнод руу чиглэсэн бодлого нь ихээхэн хүч, хөрөнгө шаардаж Оросын төр, засаг ч энэ хэрэгт гар таталгүй байхад хүрчээ. Дөрвөн зууныг дамнан улам л эрчимжсээр байсан түрэмгий зорилгодоо маш их хөрөнгө, баялаг, хүн хүчийг дайчлан зарцуулах мөртлөө ажилчид, тариачид, цэргүүдийн аж байдлын доройтолд ер санаа зовохгүй болчихсоныг нь тухай тухайн үеийн Оросын оюунлаг хүмүүс, сэхээтнүүд шүүмжилсээр бүр эсрэг нь тэмцсээр байжээ. Хаант засгийн гадаад, дотоод бодлогын алдаа, дутагдлыг илчилж, хор холбогдлыг тооцож, илээр эсэргүүцэн тэмцэж эхэлсэн Оросын Ажилчны социалдемократ намын нэгэн бага хурлын тогтоолд (Прагийн бага хурал) “Оросын хаант засаг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа монголчуудын эсрэг колонийн ёсны түрэмгийлэл хийж шунахай, дээрэнгүй ашиг, сонирхолоо хангахыг оролдож байна” хэмээн тэмдэглэж байв.

Тусгаар тогтнолоо дэлхий нийтэд нэгэнт зарлачихаад байсан Монголын засгийн газартай 1912 оны эцсээр Оросын засгийн газар хэлэлцээ хийхдэээ Монголын талын аргагүй байдал, гачигдлыг далимдуулан элдвээр дарамталсаар Хятадын засгийн газартай далдуур үгсэн тохиролцсон бодлого, зорилгоо тулган хүлээлгэж чаджээ. Монголын газар нутгийг Орос, Хятад улсууд таслан өмчлөх, Гадаад Монголын тусгаар тогтнох оролдлогыг заавал няцааж колончлох эрхээ баталгаажуулах, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нь цар хүрээг хумьж аажмаар унтраах нь тэр цаг үеийн Орос, Хятадын далдуур үгсэж тохиролцсон ашиг, сонирхол байлаа.

Монгол оронд үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн Ар, Өвөр, Ойрд, Баргагүй нилдээн өрнөж, Нийслэл хүрээнд Монголын бүрэн эрхт төр засаг байгуулагдаж, гадаад ба дотоод хэргээ монголчууд биеэ даан явуулж, бүтэн хоёр жил шахам тусгаар улс болон оршин буй нөхцөлд Оросын төр засаг санаачлан Бээжинд нууц хэлэлцээ хийж Монгол улс, монгол үндэстний хувь заяаг дур мэдэн шийдсэн билээ. Энэхүү шийдвэрийн хар гайгаар Монголчууд XX зууны туршид хэлмэгдэж хэдэн арван мянган монгол хүн Оросод, Хятадад, мөн Монголд цаазлагдан хороогджээ. Ил далд, шууд ба нууц цаазлагдсан хороогдсон, Монгол хүний тоо зуун мянгаас ч хол давсан байх магадлалтай. Энэ бүх гэмт үйлдлийн үндсэн шалтгаан болсон таван зүйлтэй нууц баримт бичгийн эхний хэсгийг хуулбарлан дурдъя.

1913 оны 10 сарын 23-нд Орос ба Хятад улсаас монголчуудын биеэ даасан тусгаар улс байх төрөлх эрхийг далдуур үгсэн үгүйсгэж Монголыг Хятадын төрийн шууд эрхшээлд оруулж автономит муж болгохоор хэлэлцэн тохирсон бичиг:

“...Европын 1913 оны Октябрь сар, Думдад Иргэн улсын хоёрдугаар оны 11 сарын 5-ны өдөр Бээжин дор Думдад, Орос хоёр тал нууцаар хэлэлцэн тогтвой. Үүнд.

Нэгдүгээр зүйл. Думдад Иргэн улсаас Гадаад Монголын хэмжээтэй зээрхэн явахыг Орос улс зөвшөөрөн хүлээв.

Хоёрдугаар зүйл. Думдад улс Гадаад Монголын автономыг зөвшөөрөн хүлээв...” гэжээ.

Оросын хаан, Хятадын төр монголчуудын хувь заяаг ийнхүү нэг ч монгол хүн оролцуулахгүйгээр дур мэдэн эцэслэн шийдээд түүнээ хэрэгжүүлэхийн төлөө хоёр зууныг дамнуулан монголчуудын цусыг урсгасаар иржээ. Энэхүү нууц хэлэлцээр, увайгүй хуйвалдааны шууд үр дагавар болсон хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжлэн гарсаар байна. Их Оросын, Их Хан үндэстний эрээ цээргүй дээрэнгүй үзлийн хамгийн тод илрэл энэ биш гэж үү?...

1912 оны сүүлчээр Монголын Хаанаас Оросын Хаанд илгээсэн бичигт “...Ер нь Хятад улсыг анх хаант төр байгуулснаас наашхи 5000 илүү жил болтол манай Монгол тэдэн дор захирагдах байтугай найрамдан явсан удаа үгүй...” гэж онцлон дурдсныг Оросын хаан сонссон, бас тооцох ёстой баймаар...

Большевикуудын засаглалын үед ч гэсэн Оросын төр Монголчуудын хувь заяаг цэрэг-улстөрийн, геополитикийн наймааны хэрэгсэл болгож, мөн л Хятадын талтай үгсэн хуйвалдаж далдуур дур мэдэн шийдвэрлэж, тусгаар тогтнох эрхийг нь хөсөрдүүлсээр байлаа. 1924 оны 5-р сарын 31-нд Зөвлөлт Орос улс Хятадын төр засагтай “Маш нууц” гэгдэх хэлэлцээ хийж “Гадаад Монголыг Хятад улсын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг хүлээн зөвшөөрчээ”. Ингэж наанаа “Найрамдал, ах дүү”, хэмээн лоозогноод цаанаа “Монголыг хэрхэн, хэзээ баран идэхээ” далдуур үгсэн хэлэлцэж ирсэн нь одоо нууц байхаа нэгэнт больжээ. Монголын шилдэг, хөвгүүд, нугаршгүй эх орончид амь насаа алдан, тамлагдан, ар араасаа орон үхэн, хатан тэмцэлдсээр байж л XX зууны эхэнд, дунд мөн эцэст цус алдаж сульдсан Эх орноо өвдөг сөгдүүлчихгүйгээр авч гарсан нь үнэн болно.

ХVII-ХХ зууны хооронд Орос улс газар нутгаа Төв Азид хэрхэн, яаж тэлж чадсаныг тухай тухайн үеийн газрын зураг тов тодорхой харуулдаг билээ. Үйл явдал хэрхэн, яаж өрнөснийг гэрчлэх бичиг, баримтууд ч бараг 100 хувь хадгалагдан үлджээ. Орос, Зөвлөлтийн монгол судлаачид энийг маш сайн мэднэ... Шударга, жинхэнэ шинжлэх ухаанч зарим нь өмнө ч, одоо ч үнэнийг бичсээр л байгаа билээ.

Орос, Монголын хооронд сүүлийн 4 зууны туршид болж өнгөрсөн том, бага аливаа хэлэлцээр, тохиролцоо, гэрээнд санаачлагч, хөтлөгч, шийдвэрлэгч тал нь ил ба далд, шууд ба хөндлөнгийн байдлаар ямагт л Оросын удирдлага байжээ. Орос гүрэн дорно дахин руу чиглэсэн бодлого, зорилгоо хүчлэн хэрэгжүүлж ирсний нэгэн нотолгоо, илрэл энэ юм. Монголд тусална гэх үгний цаана “Ингэх нь Оросод ашигтай” гэсэн утга ямагт нуугдаж байжээ. Оросын удирдлага дорно руу чиглэсэн бодлогоо эхэлж зүйлчлэн боловсруулаад дараа нь Монголд холбогдох хэсгийг нь Монголын талаар хүчлэн, зааварчлан санаачлуулж байж л баримтжуулж, гэрээ, хэлэлцээр болгож иржээ. Жишээ нь 1931 онд Оросын удирдлага Японд харилцан үл довтлох тухай гэрээ байгуулах санал тавьсан боловч Японы тал татгалзсан хариу өгчээ. Энэ нь Сталинд түгшүүр, сэжиг төрүүлжээ. Иймийн учир Сталин 1935 онд Монголын ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн аваад онцолж Япон талаас нүүрлэх аюулыг дурьдаж Монгол улсыг батлан хамгаалах чадвараа дээшлүүлэх, энэ хэрэгт улсынхаа төсвийн 30-40 хувийг зарах нь зүйтэй. Та нарт бид туслах учраас Оросын цэргийн томоохон хүчийг Япон халдаж болзошгүй хэсэгт урьдчилан, бүр энэ жил илгээх шаардлагатай. Иймээс танайх саналаа хурдан ирүүлж, яаралтай хэлэлцээ хйиж гэрээ байгуулах нь чухал хэмээн сануулж байжээ. Чухам энэ зааврын дагуу 1936 онд Улаанбааатарт хэлэлцээ хийж "Харилцан туслах протокол гэрээ” байгуулсан түүхтэй. Уг протоколд хоёр этгээд нь хэрэв ямар нэгэн 3 дахь этгээд ЗХУ болон Монгол улсад довтлох аваас “Бие биедээ туслах, шаардлагатай гэж үзвэл цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхийг хоёр тал үүрэг болгон авлаа” хэмээн заажээ. Сталин чингэж бамбай улсынхаа нутаг дэвсгэр дээр өөрт учрах аюулаа зайлуулж байх эрхийг мөнхүү протоколоор олжээ. Мэдээжээр энэ нь Монголын талд ч ашигтай байв. Харин ганцхүү Монголд л ашигтай, Монголын төлөө л бид байлдаж хохирсон гэх аваас худал болох билээ...

Дээр дурьдсан Протоколын дагуу Сталин зорилгоо хэрэгжүүлж 1936 оны зун Монголын нутагт цэрэг зэвсгийн үлэмжхэн хүчийг байрлуулж чадсан юм. Энэ нь харилцан үл довтлохоос татгалзсан Японд өгсөн хариу байв. Дараахан нь Япон довтолж Сталины бодлого ч ялалтыг авч иржээ. Гэхдээ Монголын 2 сая гаруй иргэн түүхэн газар нутгийнхаа хамтаар Хятадын төрийн эрхшээлд үлдэж хохирч буйг Сталинд олон янзаар удаа дараа хэлж туслахыг хүсэж байсан хэдий ч тэрээр тухай бүр элдэв арга саам дурдан эс хөдөлсөн билээ. Үүний цаад шалтгаан, нууц нь Орос Хятадын монголчуудаас далдуур үгсэн байж хийсэн нууц хэлэлцээрүүд байжээ. Их гүрнүүдийн ашиг, сонирхол бичигдээгүй хууль мэт хэрэгжсээр байдгийн нэгэн тод жишээ энэ юм. Гадаад Монгол бол манай улсын бамбай орон мөн гэж үзэх болсноо Сталин “Оросын хаад Монголыг булаан эзлэхийг оролдож байсан, харин ЗХУ ийм зорилго тавьдаггүй” хэмээн илэрхийлж байжээ. Монголын нутаг дэвсгэрт Оросын үлэмжхэн хэмжээний цэрэг зэвсгийг байрлуулж буй бодлогоо зөвтгөж Сталин “Монголын газар нутгийг хамгаалснаар Оросын дайчид манай бүх алс, дорнод, Байгалийн чанад дахь бүс нутгийг Японы түрэмгийлэгчдээс хамгаалж буй юм” хэмээн мэдэгджээ. Хардах, сэжиглэх, үл итгэхийг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдөж ирсэн Сталин Монголын удирдагчдын гадагшаа, бусад улс орон руу хандсан бүхий л үйл хөдлөл, үг яриаг тагнаж, зохиомол хэрэг үүсгэж, сэжиг таавраа үнэнд тооцож, хэдэн ч хүнийг хэлмэгдүүлж чадах хүйтэн сэтгэлтэн мөн болохоо монголчуудын хувьд ч хэдэнтээ нотлосон билээ...

Их, бас ихэрхүү Орос гүрний Алс дорнод руу чиглэсэн бодлого цаашид улам бүр их амжилт олох геополитикийн нөхцлийн нэгэн чухал зангилаа бол “Нэгдүгээрт:Монгол улс биеэ даасан тусгаар улс байх, Хоёрдугаарт, Монгол улс Оросын үнэнч холбоотон байх. Гуравдугаарт. Хятад болон Японы нөлөөнөөс Монгол хол, хөндий байх, Дөрөвдүгээрт: Дайны нөхцөлд Монгол нь Орос оронтой цэрэг стратегийн хувьд нэгдмэл, нэг ашиг сонирхолтой байх, Тавдугаарт, Монголын хөдөө аж ахуйн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг Орос улс ямагт давуу эрхтэйгээр худалдан авч байх явдал мөн” хэмээн Оросын удирдлага ямар ч эргэлзээгүйгээр үзэх болжээ. Дэлхийн II дайны төгсгөл үед ийм бодлого боловсруулж дуусаад хэрэгжиж эхэлжээ. Хятадтай сөргөлдсөн хэвээр нь үлдээх, харин Японтой улам бүр муудалцуулахын тулд, мөн Монголын газар нутаг, нөөц болоцоог дайны хэрэгт ашиглах, хамгийн дөт замаар Японы бэхлэлтүүдэд тулж, очих, шаардлага гарах аваас Монголын арми, морьт цэргийг газар нутгийн бэрх, хүнд нөхцөлд ашиглахын тулд Сталин Японтой байлдахын болзлууд дотроо Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг оруулжээ. Дайнд ялсан амжилтандаа түшиглэж, мөн цэрэг-зэвсгийнхээ хүчээр далайлган байж 1905 оны Орос Японы дайнаас өмнөх нэр, нөлөөгөө бүрэн сэргээж алс дорнодод хаанаас нь ч үзсэн тэргүүлэх субъект гэдгээ үзүүлэх, нотлохыг Сталин эрмэлзэж байв. АНУ, Английн удирдлагад түүнтэй эвлэрэхээс өөр гарц үгүй байлаа. Оросын цэрэг армийг Японы эсрэг ашиглах нь л АНУ, Английн онц чухал ашиг, сонирхол мөн байв. Ингэж Монголын тусгаар тогтнолыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх нь юуны өмнө Оросод хэрэгтэй, ашиг, сонирхлоо бодоод Оросын улстөрчдийн яаралтай хийх, хэрэгжүүлэх учиртай ажил мөн байжээ. Тэд энэ ажлыг гүйцэтгэх арга, механизмыг ч сайтар бодож олсон байв.

1945 оны дундуур болсон Орос Хятадын хэлэлцээр дээр Сталин нилээд ний нуугүй загнаж Хятадын талд бараг анх удаа ихэд хатуурхжээ. Оросын талын алс дорнод руу хандах бодлогын ашиг, сонирхол Сталинаар дараах үнэн үгийг аргагүй хэлүүлжээ. “Гадаад Монгол бол газарзүйн өвөрмөц байрлалтай, энэ бүс нутгаас Японы халдлага нь Алс Дорнод дахь Оросын байр суурь, нөлөөг эвдэж чадах боломжтой. Япончууд өмнө ч Монголын газар нутгийн олгох давуу талыг ашиглах гэж оролдсон юм. Оросын цэрэг зэвсэг Гадаад Монголын газар нутгийг хамгаалах хууль, эрхийн боломжгүй байсансан бол Алс дорнод бүхлээрээ ЗХУ-ын хувьд алдагдах байлаа. Энэ нь Хятадын хувьд ч мөдхөн учрах аюулыг дуудах байсан... Гадаад Монголыг бид өөрийн цэрэг зэвсгээр хамгаалах эрхтэй байх нь нэн чухал. Ингэх нь Хятадад ч ашигтай... Ар Монголыг тасдаж тусгаар улс болгох нь танайд ч хэрэгтэй. Эс тэгвээс Гадаад Монгол бүх монгол туургатныг нэгтгэх хүчин зүйл болсоор л байх бизээ. Энэ нь бидэнд ашиггүй биз дээ..!! хэмээн Сталин Сун Цзы Вэньд дотносчээ. Эртний нууц холбоотнууд иймэрхүү байсан нь гайхах зүйл биш билээ. Хэлэлцээр сунжирч Хятадын тал элдвээр “унжиж” байсанд дургүйцсэн Сталин “Та нар БНМАУ-ын талаар иймэрхүү зүйл ярьж хэрэггүй. Монгол улс бол Хятадын хувьд аль хэдийнээ алдагдсан” хэмээн ширүүлхжээ...

Сталины санаа, төлөвлөгөө хэрэгжиж Чан Кайшигийн Засгийн газар 1946 оны 1-р сарын 5нд “Гадаад Монголын санал хураах төв комиссын мэдэгдэлд үндэслэн, Гадаад монголчууд тусгаар тогтнох чинхүү хүсэлтэй нь тодорхой болов. Иймээс Улсын Байнгын Хорооны шийдвэрээр Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө” гэж дэлхий дахинд мэдэгдсэн байна.

Сталин Монголын нам, төрийн удирдлагатай харьцахдаа хоёрдмол утгатай үг, хий горь төрүүлсэн, санааг бас овжин ашиглаж Х.Чойбалсанг төөрөлдүүлснээр, үнэндээ бол хуурсаар зорьсондоо тухай бүр хүрсээр байв. БНМАУ 1945 онд Японы эсрэг дайн зарлахад Х.Чойбалсан “Бид Гитлерийн Германыг ялагчдын хамтаар Японы фашистуудыг бут цохиж улмаар бүх монголчуудыг нэгтгэж эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс болгохын төлөө тулалдах болно” гэж хэлэхэд хүргэсэн нь Сталины ов мэхний үр дагавар байжээ. Сталин Монголын нам, төрийн төлөөлөгчидтэй 20 гаруй удаа уулзахдаа хэлэлцээрийн явц, уур амьсгалыг шууд хөтөлж урьдаас төлөвлөсөн үр дүнг заавал гаргуулж, харин чөлөөт ярилцлагын явцад хий горьдлого, бүтэхгүй найдлага төрүүлж ирээдүйн ашиг, хонжоо амалж ч чаддаг байжээ. 1944 оны эхээр Сталин Чойлбалсантай уулзаж, орой нь Кремльд зоог барьжээ. Зоогийн үеэр Сталин “Чойбалсан бол гагцхүү Гадаад Монголын удирдагч биш, мөн Дотоод Монголын ч удирдагч мөн” гэж хэлжээ. Цаанаа өөр шийдвэр далдуур өвөртлөөд наанаа ингэж ч хэлж чаддаг байсан нь Сталины хоруу чанарын илрэл байв. Дайллага, зоогийн үеэр Оросын бусад том удирдагчдын амнаас монголчуудыг нэгтэхийн төлөө гэсэн утгатай ерөөл хэлж хундага өргөх нь мөн цөөн биш байжээ. Тэд санаатайгаар, зориуд тийм ирээдүйг монголчуудад амлаж байсан уу, эсвээс Монгол Хятадын харилцааг улам ихээр хүйтэн болгохын тулд ингэж хэлж байсан уу гэдэг нь сонин юм. Аль эсвэл олон хуваагдаж өөр өөр улсад харъяалагдаж эцэг хүү, эх охин хүртэл улсынхаа хилийн наана цаана амьдарч уулзаж, учирч чадахгүй байгаа эмгэнэлт хувь заяаг хувь хүний хувьд өрөвдөж явдагтаа тэгж хэлж байсан байж ч болох билээ. Зальт үнэг хойноос нь хөөж буй залуу анч ноходыг сүүлээрээ хуурч хамраар нь газарт мөргүүлэхийн адилаар улстөр, цэрэг-дайны арвин их туршлага бүхий Сталин Монголын туршлага багатай улс төрчдөөр “Тоглочихож” чаддаг байсныг гэрчлэх олон баримт түүхэнд үлджээ.

Орос Японы дайнд Орос ялагдаж, Их Хятадтай сөргөлдөхөөс Оросын хаад зайлсхийж байсан түүхэн нөхцөлд большевикууд Оросын төр, засгийн эрхэнд орсноос хойшхи хугацаанд Монголчуудын хувьд зөв, шударга бодлого баримталж байсан Оросын улс төрчид бол зөвхөн Ленин, Бухарин хоёр байсныг түүхийн баримтууд нотолдог.

XX зууны эхээр Оросын төр, засгаас Монголын хувьд баримталж байсан бодлого 1907, 1910, 1912 онд нөлөөллийн бүс тогтоох талаарх Орос-Хятадын хоорондох нууц хэлэлцээрүүд, тэрчлэн Орос-Японы хоорондох нууц хэлэлцээруүдээр тодорхойлогдож байсан хэдий ч Оросын улстөрийн намуудын олон зүтгэлтэн Монголын талаар зөв, шударга байр суурьтай байхыг, төр засгаасаа шаардсаар байжээ. Хэрэв Орос, Хятад, Монголын ард түмнийг зөв, шудрага улстөрчид удирдаж, төлөөлж байсансан бол Төв Ази, Зүүн өмнөд Азийн ард түмнүүдийн хувь заяа цэрэг-дайн, хүчирхийлэл, аллага, цус нулимснаас хол байж биеэ даасан олон үндэстэн улсууд эв найртай аж төрж, хөгжиж, дэвшиж чадах байв. Дэлхийн бөмбөрцгийн энээхэн хэсэг нэн эртнээс нааш бурангуй бодлогод аргагүйдэн хөтлөгдсөөр дайн тулаанд оролцож хэдэн зуун мянгаараа амь эрсдэн хохирсоор байжээ. Эдүгээ Хятадын судлаачид ч өмнө өгүүлсэнтэй ижил санаа, дүгнэлтийг хэлэх, хийх болжээ.

Жишээ нь Хятадын Бинжоугийн их сургуулийн багш, судлаач Сүнь Цайшүнь “Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай” өгүүлэлдээ “Зөвлөлт холбоот Улс нь хаант Оросын түрэмгий бодлогыг 1940-өөд оноос хойш ч үргэлжлүүлэн хэрэгжүүлж Милитарист Японтой Гадаад Монгол, Манж-гогийн асуудлаар гурван удаа нууц хэлэлцээр хийж наймаалцаж байв” хэмээн бичжээ.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
14
52041
25 эможи
keyboard_arrow_up