Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2018 оны 1 сарын 31

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа даргалсан. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон.

Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор тусгасан.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх санаачилга дээшлэх бөгөөд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болоход эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд сарын 1сая 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай иргэд нийт татвар төлөгчдийн хэдэн хувийг эзэлдгийг тодруулахын зэрэгцээ төр нь өндөр орлоготой иргэдээсээ өндөр татвар авч үүнийгээ орлогогүй, бага орлоготой иргэдийнхээ халамж, тэтгэмжид анхаарах ёстой байтал татварын хувь хэмжээг өөрчлөх шаардлага байсан уу гэсэн саналыг хэлсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2016 оны эцсийн байдлаар сарын 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд нь нийт татвар төлөгчдийн найман хувийг эзэлж байсан. Үндэсний статистикийн хорооны 2017 оны гуравдугаар улирлын тайлангаас харахад энэ хэмжээ 11.8 хувьтай байна.

Үүнд уул уурхайн салбарын ажилчид, төмөр замчид багтаж байгаа юм. Эдгээр ажилчдын гэр бүл ганц хүний цалингаар амьдардаг, олон хүүхэд тэжээдэг, ипотекийн зээл төлдөг бодит нөхцөл байдал байна.

Мөн аж ахуйн нэгжүүдэд татварын нэг шатлалтай болгосноор тайлангаа гаргахад хялбар болж, татварын системийг энгийн ойлгомжтой байх зарчимд нийцэж байгаа хэмээн хариулав.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53186
0 эможи
keyboard_arrow_up