Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Жаст“-ын Ш.Батхүүгийн авсан зээлийг “Эрдэнэт үйлдвэр“ төлөх үү

2018 оны 2 сарын 02

Arslan.mn

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компаниас авснаар 100 хувь төрийн мэдэлд шилжсэн хэмээн төр засгийн удирдлагууд cap гаруйн өмнө мэдээлж байсан. Тэгвэл Лондоны Арбитрын шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, 99 сая ам.доллар дээр нэмж хоногийн 30 мянга-ам.долларын хүү төлөх шийдвэр гаргаж. Засгийн газарт хүргүүлсэн гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд цацагдсан нь олон нийтэд хэд хэдэн эргэлзээ төрүүллээ.

Учир нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү эрх ашгийнхаа төлөө Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, зээл авсан асуудлаас болж улсад ийм их хэмжээний хохирол учирч буй. Үүнээс болж байгалийн баялгаа өөрсдөө ашиглаж, эдийн засгаа тэлж, хөрөнгийн эх үүсвэрээ бий болгоно гэж баярласан нь ор үндэсгүй болж болзошгүй хэмээн олон нийт эргэлзэж эхлэв.

Уг асуудлыг эхнээс нь сануулахад, 2009 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн нь нэлээд хожуу буюу 2013 онд мэдэгдсэн байдаг. Энэ зээлсэн мөнгөө хуваарийн дагуу төлж байсан 2013 оноос төлөөгүй учир батлан даагч болох “Эрдэнэт үйлдвэр’’-т “Стандарт” банкнаас хандсанаар уг асуудал сөхөгдсөн байна.

Тухайн үед батлан даалт хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан, одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар нарын тамга тэмдэг бүхий гарын үсгийг хуурамч хэмээн манай улсын хууль хяналтынхан үзсэн ч Арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоосон байдаг.

Улмаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг 2013 оны наймдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад биеийн байдал нь муудсантай холбоотойгоор 2014 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж байжээ. Үүний дараа түүнийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн Өршөөлийн хуульд хамруулснаар чөлөөлсөн байна.

Харин энэ маргаанаар “Стандарт” банк 109 сая ам.доллар нэхэмжилж, Арбитрт хандан, гурван удаагийн шүүх хуралд ялжээ. Гэхдээ Арбитрын шүүх банкнаас нэхэмжилсэн төлбөрийг бууруулан “Эрдэнэт үйлдвэр”-ийг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Хамгийн сүүлд л гэхэд оны өмнө Монголын тал 51 сая ам.доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдаж болох талаар шийдвэр гаргасан юм.

Үүнээс гадна “Стандарт” банк 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд гаргасан шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж дахин Арбитрт ханджээ. Улмаар Арбитрын шүүхээс зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая ам.долларыг “Эрдэнэт уйлдвэр”-ээс гаргуулан “Стандарт" банканд олгох шийдвэр нэмж гаргасан байна.

Ингэснээр Монголын тал тус банкин нийт 99 сая ам.доллар төлөхөөр болсон бөгөөд хамгийн гол нь зээлийн хүүнд сард 900 мянган доллар байхаар шийдвэрлэсэн аж. Энэ нь төгрөгөөр тооцоход сард 2.2 тэрбум, хоногт 75 сая төгрөг байхаар тооцоо гарчээ. Уг мөнгийг 99 сая ам.доллар дээр нэмж төлөх бөгөөд энэхүү шийдвэрийг өнгөрсөн сарын 10-нд манай улсын Засгийн газарт Арбитраас ирүүлсэн аж. Түүнчлэн “Стандарт" банкнаас дахин Арбитрт хандаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг хураан, битүүмжлэх хүсэлт гаргасан гэнэ. Тиймээс шүүхээс битүүмжлэх шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр" -т ирүүлсэн тухай мэдээлэл цацагдсан юм.

Харин энэ талаар “Эрдэнэт үйлдвэр"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн “Энэ асуудлаар үйлдвэрийн удирдлагууд албан ёсны мэдээлэл хийнэ. Гэхдээ би нэг зүйл мэдэгдье. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл огт байхгүй” гэв. Хэдийгээр Монголын тал давж заалдах эрхтэй ч 51 сая ам.доллараа урьдчилж байршуулах шийдвэр гаргачихсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол зээлийн хүү хоногийн 75 саяар нэмэгдэнэ.

Зээл авахад нь зөвхөн баталгаа гаргасан үйлдвэр ийм хүнд нөхцөлд орчхоод байхад хэргийн эзэн Ш.Батхүү гэгч хаагуур яваа нь тодорхойгүй байна. Бие нь муу гэх шалтгаанаар бүтэн нэг жил ч шийтгэлээ хүлээгээгүй түүнд одоо хариуцлага хүлээлгэх нь зүй биз. Түүний авсан зээл, төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр" төлөх ёсгүй юм.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53288
0 эможи
keyboard_arrow_up