Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шингэн сүү дотоодын үйлдвэрт нийлүүлсэн литр тутамд мөнгөн урамшуулал олгох санал гаргажээ

2018 оны 2 сарын 08

Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт өчигдөр болсон билээ.

Салбарын мэргэжлийн холбоод, сүү үйлдвэрлэгч, фермерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтаас гаргасан саналыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс, “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг, “Витафит импэкс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өглөө.

Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар монгол хүний хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргаж, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа тэд энэ үеэр илэрхийлэв.

Улсын хэмжээнд саасан сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг, сүү бэлтгэн нийлүүлэлт улирлын хамааралтай, фермийн хөгжил сул дорой, малын тэжээлийн үйлдвэрлэл хөгжөөгүй, малын үржил, бүртгэлээ сайжруулах нөхцөл бололцоо хангалтгүй байгааг үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтын үеэр ярилаа.

Тэд “Хамтран ажиллах тухай” саналдаа:

  1. Сэрүүний улиралд үйлдвэрлэж буй шингэн сүүний дотоодын үйлдвэрт нийлүүлсэн литр тутамд мөнгөн урамшуулал олгох;
  2. Саалийн үнээний эрчимжсэн фермийн аж ахуйд нийлүүлсэн тэжээлийн орлого, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх;
  3. Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч эзэмшиж буй газартаа тэжээлийн таримал тариалахыг дэмжих зэрэг саналыг тусгажээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлага байна гэж би үзэж байгаа.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мах, сүүний аян өрнүүлэх, үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилтууд багтсан. Үүнийгээ бид хэрэгжүүлэх ёстой. Нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо дэлхийд дээгүүрт ордог, малаасаа арвин их сүү авдаг хэрнээ иргэд нь кальци зэрэг аминдэмийн дутагдалтай, багачууд нь бараг бүгдээрээ шүдний цооролттой байж болохгүй.

Стратегийн бүтээгдэхүүнд мах, сүү, гурил ордог. Мах, гурилын хэрэгцээг хангах талаар төрөөс зохих дэмжлэг үзүүлдэг, тодорхой арга хэмжээ авдаг.

Харин сүүний талаар бид арай дутуу анхаарч байгаа юм байна гэсэн бодлын үүднээс би Уриалга гаргасан юм. Та бүхэнтэй цаашид хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.       

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53585
0 эможи
keyboard_arrow_up