Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгоно

2018 оны 3 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,

Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе!

Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Үүнтэй холбогдуулан улс орны хэмжээний хэлэлцүүлгийг эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Та бүхэнтэй эхлүүлж байгаадаа баяртай байна.

Arslan.mn

Өнөөдөр эхлүүлж байгаа татварын хуулийн хэлэлцүүлэгт татвар төлөгч, бизнес эрхлэгч Та бүгдийн гаргах санал зөвлөгөө үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

 Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтлах болно.

Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална.

Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье.

Харин татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг бид зорьж байна.

Шинээр боловсруулан хэлэлцүүлж байгаа Татварын Ерөнхий хуулийн төслийн үндсэн зарчим, чиглэлийн талаар та бүхэнд товч танилцуулъя.

Засгийн газар жижиг, дунд бизнесийг дэмжин, тэдгээрийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь дэмжлэг болоход онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна.

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

Татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татварын хууль тогтоомж ойлгомжгүй байна, хэрэгжүүлэхэд хялбар биш байна, тайлан тооцоо гаргах цаг хугацаа, зардал их байна гэх шүүмжлэл их гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахад ихээхэн анхаарал хандууллаа.

Бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж татвараа хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгож, тэдний татвараа тайлагнах, төлөхтэй холбогдсон зардлыг бууруулна. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгоно.

Өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдөөс их хэмжээгээр ирүүлдэг гомдол болох татвараа төлөөгүйн төлөө банкны дансыг хааж, бизнесийг нь гарах гарцгүй болгон, улмаар аж ахуйн нэгж, бизнесийг дампуурахад хүргэж, олон арван ажлын байрыг алдах нөхцөлийг бүрдүүлэх явдлыг бид цаашид таслан зогсооно. 

Бизнес эрхэлж, орлого олж байгаа иргэн, бизнес эрхлэгчид улсдаа хуулийн дагуу ногдсон татвараа төлөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд тусгагдсан иргэн бүрийн зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг юм.

Үндсэн хуульд заасан энэхүү үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд нь бид татвар төлөгчдөдөө туслах, зарим талаар эдийн засаг, бизнесийн орчноос хамаарч хүндрэл үүссэн үед нь уян хатан хандах бодлогыг баримтлах болно.

Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон арван мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байна.

Учир иймд эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байна.

Бид шударга татвар төлөгчид, ажил олгогчдоо дэмжинэ. Татвараа үнэн зөвөөр мэдүүлсэн ч цаг хугацаанд төлж чадахгүй байгаа, санхүүгийн хүндрэлд орж байгаа татвар төлөгчдөд хүлээлгэх хариуцлага нь татвараа санаатайгаар нуусан этгээдийн хүлээх хариуцлагаас харьцангуй ялгаатай байх болно.

Хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын урсгалыг татах, зээлийн хүүг бууруулах зорилгоор ногдол ашиг, хүүгийн орлого зэрэг хөрөнгийн орлогод ногдуулах суутган татварын хувийг бууруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

Хөрөнгийн элэгдэл байгуулах хугацааг багасгах, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах, гадаадад төлсөн татварыг хасах, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг олгох замаар хөрөнгө оруулагчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.

Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.  

Мөн Монгол Улс Татварын зорилгоор мэдээлэл солилцоо, ил тод байдлын олон улсын форум, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрт элсэн орсныг Та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдох өөрийн улсын татварын хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын татварын шилдэг туршлага, стандартуудыг татварын хууль тогтоомжид тусгалаа.

Эдийн засгийн харилцаа гүнзгийрч, улс хоорондын ажил, гүйлгээ нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын татварын байгууллага гадаад улс орны татварын байгууллагатай хамтран ажиллах, татварын зорилгоор мэдээлэл солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах зохицуулалтыг татварын хууль тогтоомжид тусган өгөх хэрэгцээ шаардлага байна.

Манай Засгийн газар иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид та бүхний татварын хуулийн төслийн талаар гаргасан санал зөвлөгөөг судлан үзэж, хууль тогтоомжид тусган ажиллах болно.  

Татварын хуулийг шинэчлэх, өөрчлөх үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар татварын хууль тогтоомжийг амжилттай хэрэгжүүлэх, боловсронгуй болгох, татвар төлөх үүргээ биелүүлэх явдлыг хариуцлагажуулах ач холбогдолтой.

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс орнууд бүгд л хувийн хэвшил дээрээ тулгуурлан хөгжиж дэвшсэн байдаг. Манай улсын эдийн засгийн 80-аад хувийг ч хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна.

Үндсэндээ бизнес эрхлэгчид та бүхэн бол Монгол улсыг нуруун дээрээ үүрч яваа энэ цагийн эгэл баатрууд юм.

Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид та бүхний хийж бүтээх бизнесийн орчинг ээлтэй, таатай болгоход өнөөдөр эхлүүлж байгаа татварын хуулийн хэлэлцүүлэг маш чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Та бүхэн ч үүнтэй санал нэгдэх байх.

Татварын хуулийн төслийн хэлэлцүүлэгтээ идэвхтэй, ажил хэрэгчээр оролцохыг та бүхэндээ уриалж байна.  Бизнес, хөрөнгө оруулалт, татварын орчноо сайжруулах хэлэлцүүлэгт хамтдаа оролцож Монгол улсаа хамтран хөгжүүлцгээе.

Хуулийн хэлэлцүүлэгт амжилт хүсье.  

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54509
0 эможи
keyboard_arrow_up