Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Секс скандалд холбогдсон л бол…

2018 оны 3 сарын 13

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт нэлээд хүчтэй яригдсан ч түр намжаад байгаа нэгэн мэдээлэл бол УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзах эсэх тухай яриа юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэж барим тавим мэдээллээд үйл явдал намжсан нь түүнээс албыг нь авах хүсэл нэг хэсэг бүлэгт хүчтэй байгаагийн илрэл байж ч болох юм. Ямартай ч түүнийг үүсээд байгаа хэл амтай холбоотойгоор өөрийн зүгээс өргөдлөө гаргаж, намынхаа Удирдах зөвлөлд өгч зөвшсөн талаар мэдээлэл гарснаас хойш шинэ мэдээ алга байна.

МАН-ын залуу УИХ-ын  гишүүнтэй нь холбогдсон уг мэдээлэл эрх баригч хүчнийг улаан дээр нь улцан харагдуулж байгаа нь үнэн боловч түүнийг албаа өгнө гэсний зоргоор явуулчихад амаргүй нөхцөл үүсээд байгаа нь үнэн юм. Хүчингийн хэрэг нь үнэн ч бай, үгүй ч бай нэгэнт шуугиан дуулиан болчихсон учраас түүнийг их хурлын гишүүний алба дээр нь байлгасаар 2020 онтой золгоно гэвэл МАН-д хэцүү. Явуулчихаад оронд нь хэнийг дэвшүүлэх вэ, танхим дахь ганц сул сайд болох Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гишүүн болгоё гэж ярьж байгаагаараа болгох уу, гарч ирж чадахгүй унаж асуудал болох юм биш биз, түүнийг нэр дэвшүүлэхгүй байлаа гэхэд хэнийг явуулах вэ, арай орон гарсан тойрогт нь МАХН-ын дарга Н.Энхбаяр гарч ирвэл балрах нь тэр.

Юун хэл аманд ороогдсон Д.Гантулга, илүү том шүдний өвчин гарч ирнэ гээд МАН-д асуудал их байна. Гэхдээ улс төрийн том хүчин илүү боломжит хувилбаруудыг хайж, судалж байгаа биз. Тэгээд ч хүчтэй яригдаж байсан энэ асуудал хэсэг нам гүм болоод байна. Харин үйл явдал хэрхэн өрнөхийг хүлээх зуур дэлхийн түүхэнд, сүүлийн жилүүдэд секс дуулианд холбогдсон улстөрчид болон ийм хэргийн улмаас албанаасаа татгалзсан зарим улстөрчдийн талаар сонирхуулья.

Ийм зүйлд нэр холбогдсон улстөрчдийн карьер дуусгавар болдог олон жишээ бий. Дэлхийд Профумогийн хэрэг явдал гэсэн нэрээр дуулиан хадуулсан хэргийн эзэн Жон Деннис Профумо 46 настайдаа 19 настай загвар өмсөгч бүсгүйтэй холбогдсон хэрэг нь даамжирсаар хоёр жилийн дараа сайдын суудал, парламентын гишүүний суудлаа өгөхөд хүрсэн юм. Тэрбээр хэзээ ч ганхашгүй гэгдэх нэр хүндтэй Консерватив намын нэр хүндэд ноцтой халдсан хүнээр тодорсон. 1964 оны сонгуулиар Консерватив нам ялагдаж Хөдөлмөрийн нам олонхи болоход эл хэрэг шууд нөлөөлсөн гэж үздэг билээ.

Уг нь Жон Профумо улстөрчийнхөө хувьд маш амжилттай яваа нэгэн байв. Английн Засгийн газарт Дайны асуудал эрхэлсэн сайдаар хамгийн нэр нөлөө бүхий эрхэм томилогддог байлаа. Гэвч эр хүнийхээ хувьд асуудал үүсгэснээр түүний улс төрийн замнал дууссан юм. Албаа өгснөөс хойш сайн дурын ажилтан, сангийн мөнгө босгодог гээд олон нийтийн ажилд идэвхийлэн орсон энэ хүн 2006 он болтол амьдарчээ. Харин түүнийг огцорсноос жилийн дараа Английн Засгийн газарт дайны асуудал эрхэлсэн сайдын албыг Батлан хамгаалахынх болж өөрчилсөн билээ. Магадгүй түүнийг дагаад унасан албыг нэр өөрчилж өөд татах гэсэн оролдлого байсан ч юм билүү. Хүйтэн дайны зөрчил хурцдаж байсан тэр үед холбогдсон хүүхэн нь Оросын тагнуултай холбоотой байсан нь Профумог илүү асуудалд ороход хүргэсэн ч нэрээр нь дуурссан эл хэрэг явдал дэлхийн газар газрын улстөрчдөд болгоомжтой байхыг сануулсан нэр болж үлдсэн юм.

Харамсалтай эрчүүд тэр дундаа улс төрд байгаа эрчүүд ийм асуудлаас болж карьер нь дуусдагийг тэр бүрийд мэддэггүй, мэдсэн ч өөрсдийгөө захирч чаддаггүй. Ийм хэрэгт нэр холбогдсоноос болж сүүлийн хагас жилд Сенатын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн эрчүүд гэхэд хэдээр тогтохгүй байна. Ялангуяа дэлхий даяар тэр дундаа АНУ-д хүчтэй өрнөсөн эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хөдөлгөөн тэдэнд ихээхэн халтай туслаа. АНУ-ын Минесота мужаас сонгогдсон сенатор Ален Франкен 2017 оны арваннэгдүгээр сард үүрэгт ажлаасаа татгалзсан. Учир нь түүнийг 2006 онд Ойрхи Дорнод руу хийсэн нэгэн аяллын үеэр хүчээр үнсч, зүй бусаар халдсныг радиогийн сэтгүүлч, загвар өмсөгч бүсгүй өөрийнхөө блогт бичсэнээр асуудал эхэлсэн юм. Түүний дараа өөр нэг эмэгтэй 2010 онд хөхөнд нь хүрч байсныг бас өөр хоёр бүсгүй түүнийг хамт зураг авахуулах үедээ ёс бусаар халдаж байсан гэсэн гомдол гаргасан билээ. Франкен заримыг нь санах ч үгүй байгаагаа хэлж, “Би олон мянган хүмүүстэй уулзаж, хамт зургаа авахуулдаг. Тэр бүрийг санах ч үгүй байна” гэж хэлж байсан ч тав дахь бүсгүй гарч ирэн мөн зураг авахуулах үеэр хөхөнд нь хүрсэн талаар мэдэгдсэнээр түүнд бултах газар үлдээгүй. Ингээд л ажлаа өгөхөд хүрсэн байна.

Мөн гишүүний үүрэгт ажлаасаа татгалзахад хүрсэн Төлөөлөгчдийн танхимын гишүүн  Жон Конерсийн тухай өгүүлж болох юм. Тэрбээр өөрийн ажлын албаны эмэгтэй ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлсээр ирсэн бөгөөд тэд Ёс зүйн хороонд нь гомдол гаргаснаар асуудал даамжирсан. Хорооноос дээр яригдсан бүхэн үнэн гэдгийг эрэн сурвалжилж тогтоосноор Жон 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд сенатын гишүүний ажлаасаа огцорчээ. Ерөнхийдөө АНУ-д асуудал үүсч гарч ирмэгц сарын дотор асуудлыг шийдэж байгаа нь анзаарагдах юм. Харин манайд удалгүй жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа хэрэг дээр шийдэл үгүй хэвээр л байна.

Анзаарахад улстөрчид ийм хэрэгт орооцолдохоороо эхлээд мөнгө өгч асуудлыг дарах гэж оролддог нь тод анзаарагддаг. Жон Конерс хэл ам гаргасан нэг ажилтандаа 27 мянган ам.доллар өгсөн тухай яригдаж байсан бол Блэйк Фарентфолд 84 мянгыг өгсөн нь олонд нээлттэй болж байв. Энэ сенатор мөн арванхоёрдугаар сарын 15-нд огцорсон. Ийм дуулиан зөвхөн энэ хэдээр дуусаагүй билээ. Невада мужаас сонгогдсон Рубен, Пенсальванийн Пат Михан гээд үргэлжилнэ. Гол нь тэд дуулиан гараад ирэхээр татвар төлөгчдийн мөнгөнөөс тэр хүмүүстээ өгч, хэл амыг дарах гэж байсан нь тодорхой болсноор байдал бүр хэцүүдсэн. Гэхдээ тэд улстөрчдийн явуулгаар огцрохоос аргагүй болсон хэмээн ярьж байгаа биз ээ. Угаасаа тэгдэг уламжлалтай гэж болно. Яг иймэрхүү хэргээр сенатын гишүүнээсээ огцорч байсан Нью-Йоркийн Эрик Масса сүүлд нь ийм яриа хэлж, тайлбар тавьсаар ирсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Улс төрчдийн хувьд ямар нэг асуудалд орооцолдсон бол аль нэг талын ашиг сонирхлоор дорхноо дэвэрч ил болох нь ойлгомжтой нөхцөлд ажилладаг. Тиймээс аль болох ийм алдаа гаргах ёсгүйгээ сүрхий сайн ойлгосон баймаар юм. Нөгөө талаар алдсан бол ёс зүйн алдаагаа хүлээгээд ажлаа өгчихдөг жишгийг дагах учиртай.

Амжилттай сайн ажиллаж, улстөрчийнхөө хувьд мундаг карьер хийх байсан ч ийнхүү ёс зүйн алдаанаасаа болж бүх зүйлээ үгүй хийх хүмүүс их байна. Хүнийхээ хувьд төлөвшиж, хүн болж чадаагүй байж бусдын амьдралыг шийдэх албан тушаал дээр байна гэвэл хэн зөвшөөрөх билээ. Дэлхийд зартай эхнэр хүүхний асуудалтай Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони, Угандагийн Ерөнхийлөгч агсан Иди Амин Дада, Ливийн удирдагч агсан Муамар Каддафи, Иракийн Удай Хуссейн, Умард Солонгосын Ким Чен Ир, урд хөршийн Мао Зэдунг, Израилийн Ерөнхийлөгч асан Моше Кацав нарын нэр бүхий жагсаалт бий. Тэднийг эмэгтэйчүүдэд халтай улстөрчид хэмээн нэрлэж байна. Тэд бол нэгэн үеийн эрх мэдлээ далайлгаж болдог байсан үеийн төлөөлөл. Харин одоо тэгэх боломжгүй болсон. Бүх зүйл ил. Өөрчлөлт маш хурдацтай явж байна. Жилийн өмнөхөөс л эрс өөр болж байна. Тиймээс далд асуудал ил болохдоо ч амар, чанга хариуцлага хүлээлгэхэд ч хялбар болжээ. Парламентын гишүүний халдашгүй бүрэн эрхээр далайлгах ямар ч боломжгүй болж, алга урвуулахын төдийд сенатын гишүүний ажил алга болох болжээ. Секс скандалд нэр холбогдсон л бол сенаторын ажил байхгүй болж байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54805
0 эможи
keyboard_arrow_up