Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх эрх зүйн боломж бүрдэх үү?

2018 оны 4 сарын 19

Arslan.mn

УИХ-д Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулга гишүүн хүчингийн хэрэгт холбогдоод жил болох гэж байна. Тэрбээр 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон билээ.

Энэ хэрэг цагдаа, Авлигатай Тэмцэх Газар, прокурорын байгууллагаар шалгагдаж, эцэст нь прокуророос түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д тавьсан боловч хуулийн мухардалд орсон гэдэг тайлбарыг өгөөд байгаа.

Тодруулбал, уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг болоод УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч Улсын ерөнхий прокуророос ирсэн санал Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон хуулийн заалтад үндэслэсэн, энэхүү заалтыг өөрчилж хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүйгээс ийнхүү хуулийн мухардалд ороод байгаа хэмээн тайлбарласан. 

Тус хүчингүй болсон хуулийн заалт буюу УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулна гэж заажээ. Энэхүү заалтыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар өнгөрсөн онд хүчингүй болгосон байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихаад байхад УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг өөрчлөх ажлыг УИХ Үндсэн хуульд нийцүүлэн хийх ёстой. Гэтэл цэцийн шийдвэр гараад таван сар гаруйн хугацаа өнгөрч байхад энэ ажил хийгдээгүй байсаар хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санаачлан өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулвал Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудал шийдэгдэнэ. 

Төсөлд гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийднэ, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн заалтыг тусгажээ. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэн баталснаар Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх эрх зүйн боломж бүрдэх юм. 

Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Прокурорын газраас Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталжээ. Тогтоолыг танилцуулахаар Д.Гантулгад нийтдээ 10 гаруй удаа хандсан байна. Яллагдагчаар татсан тухай тогтоолыг нь танилцуулахаар дуудсан боловч гадаадад, дотоодод томилолттой яваа гэдэг шалтгаанаар танилцахгүй байгааг Прокурорын газраас мэдээлж байсан юм. 

Ингэж явсаар Д.Гантулга дөрөвдүгээр сарын 06-нд яллах тогтоолоо авсан талаараа мэдээлсэн. 

Хуульчид Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудалд хуулийн мухардал гээд байх зүйл байхгүй, Үндсэн хуулиар шийдэх боломжтойг хэлж байгаа юм. 

Энэ талаар хуульч Б.Мэргэн "Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулийн 29.3-д зааснаар шийдвэрлэх боломжтой. Тус заалтад "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж заасан байгаа.

Прокурорын байгууллага Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг ганцхан УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслээгүй. Харамсалтай нь УИХ-ын гишүүд өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ яриад хэрэггүй гэсэн хэсгээ ярихгүй байна. Д.Гантулга УИХ-ын гишүүн учраас хамаагүй цагдаж баривчлаад байх боломжгүй болоод байгаа юм" гэсэн тайлбарыг өгч байв. 

Хуульчдын зүгээс ийнхүү Д.Гантулга гишүүнийг Үндсэн хуулийн зүйл заалтаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх боломжтой гэж үзэж байгаа бол УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг шийднэ гэж УИХ-ын төлөөллүүд хэлж байна. 

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга “УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн намынхаа удирдах зөвлөлд гаргасан хүсэлтдээ бичсэн гэх мэдээлэл гарч байсан. 

Гэвч түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэх үеэр намайг үлдээж өгөөч гэж гуйсан талаар баттай эх сурвалж мэдээлсэн. 

УИХ-ын гишүүд хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг ёс зүйн дүрэмд нь тусгасан байдаг. Тэгвэл хууль баталдаг мөртлөө хуулиа сахиж мөрддөггүй, хариуцлага хүлээх ёс зүйн чадамжгүй, гишүүний бүрэн эрх доор халхлагдсан гишүүд энэ мэтээр хариуцлагаас зугтсаар байвал нийгэмд шударга ёсыг хэн тогтоох вэ

Эх сурвалж: IKON.MN             ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56250
0 эможи

keyboard_arrow_up