Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шүгэлдэх гэж ядах сүржин гишүүн

2018 оны 5 сарын 11

4 дүгээх сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ирж нүүрсний тээврийн жолоочидтой уулзсан билээ. Энэ уулзалт дээр УИХ-ын гишүүн Л.Энхболд Эрдэнэс Тавантолгойн компаниас 268 мянган тонн нүүрс хулгайгдан, хил гарчихаад байгааг “илрүүлснээ” бахархалтайгаар мэдэгдсэн билээ.

Гэнэтийн цочир мэдээлэл авсан Ерөнхий сайд Сангийн сайддаа цагдаагийнхныг оролцуулсан ажлын хэсэг яаралтай байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийнх нь гараар орж ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой” хэмээн үүрэгдэв. Нүүрсний хулгайн зарлал цацагдсан даруйдаа нийгмийг талцуулан, дээр дооргүй хулгайчийн эрэлд мордсон ажгуу.

Л.Энхболдын сүржигнэл дэх ээдрээ

Тэр өдрөөс эхлэн УИХ-ын гишүүн Л.Энхболд “268 мянган тонн нүүрсний хулгай” гэх сэдвээр хэвлэлийнхэнд байнга мэдээлэл өгч, ярилцлага хийж яваа бөгөөд түүний дурдсан гол гол мэдээллүүдийг эргэн нягталж үзье. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

  • Гуравдугаар сард нэгэн сайтад “Эрдэнэс Тавантолгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан.
  • Би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” хоёрын хамтран гаргасан Ажлын хэсгийн актыг надад ирүүлсэн.
  • Хэн буруутайг тогтоохын тулд би 3 дугаар сарын 26-нд АТГ-т хандсан. Их хэмжээний нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , хэн авсан бэ гэдгийг тогтооно.
  • Гаалийн ерөнхий газрын шалгалтаар 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан байдаг. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 ширхэг машин нүүрс гарсан гэсэн үг юм.
  • 4.2 сая мянган тонн нүүрсийг Тавантолгойгоос нууцаар олборлосон байж болзошгүй” гэх зэрэг маш олон зөрүүтэй тоо бүхий мэдээлэл хийжээ.

Гишүүн Л.Энхболдын түгээсэн мэдээллүүд маш их ээдрээ, будлиантай агаад эх сурвалж, хулгайлагдсан нүүрсний хэмжээ зэрэг нь шууд эргэлзээ төрүүлнэ. “Гуравдугаар сард нэгэн сайт”-д гарсан гэх түүний мэдээлэлд он, сар, өдөр сайтын нэр хаяг байхгүй. Хэрвээ Л.Энхболд асуудалд буурьтай, баримттай ханддаг хүн байсан бол бүгдийг тэмдэглээд баримтжуулаад, нэр устай нь дурдах ёстой. Гэтэл тэгсэнгүй, ховч авгай шиг бүрхэг, барьцгүй эх сурвалж дурдав.

Нөгөө талаар алдагдсан гэх нүүрсний хэмжээн дээр өөртөө итгэлгүй байгаа нь илт ажиглагдана. 379 мянган тонн юм уу, 268 мянган тонн юм уу, эсвэл бүр ихэсгэж дурдаад байгаа 4.2 сая тонн нүүрс юм уу тодорхойгүй аж.

Л.Энхболд түгээсэн мэдээлэлдээ ээдэрч, ихээхэн будилчихсан явааг “Би он сарыг нь мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоод л хилээр гаргачихсан юм биш биз дээ гэж хардаж байгаа. Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон байхыг үгүйсгэхгүй”, “коксжсон нүүрс, исэлдсэн нүүрс гэсэн өөр өөр мэдээлэл бий”, “аль ч байсан хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй” гэх зэрэг үгс нь илчилнэ. 379 мянган тонн, 4,2 тонн зэрэг хэмжээ бол хилээр нуугаад аваад гарах боломжтой хэмжээ биш л дээ. Тортой нүүрсийг бол нуугаад гарч болох л байх. Эрдэнэс ТТ ХК 2017 онд нийтдээ 8.5 сая тонн нүүрс экспортолсон гэж тайлагнасан байгаа. Хагас жилийнх нь экспорттой тэнцэх хэмжээний нүүрсийг сэмээрхэн аваад гарах боломж байх уу. Нөгөө урт оочерын хаагуур нь гаргав? Л.Энхболдод итгэх аваас монголын хил, гааль, хяналтынхан ажлаа огт хийдэггүй, ангайгаад сууж байдаг болж таарна. Нүүрсний жолооч нар ч гэсэн хажуугаар нь олон мянган тонн нүүрс сэм зөөгдөж байхад юугаа харж суудаг байхав.

Л.Энхболдын мэдээлэлд буй ноцтой зүйл нь “Энэ хулгайд ганц компани оролцоогүй байх. Төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд сүлжээ бий болгосон байна. Эрдэнэтийн ард нам дамжсан бүлэглэл явж байгаа. Нүүрс хулгайлсан асуудалд ч ижил. Үүнд эргэлзэх зүйл байхгүй” гэдэг юм. Эрдэнэтийн ард буй нам дамжсан бүлэг гэдэг нь ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг болон МАН-ын Ж.Бадамжунай, АН-ын Б.Болор, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг хэлж байх шиг. Л.Энхболд эдгээр хүмүүсийг нүүрс хулгайлсныг, хил гааль, хууль хяналтынхан хуйвалдсныг нь мэдэж байгаа бол шууд нэрлээд хэлчихгүй тойруулаад байгаа нь ч хачирхалтай.

Л.Энхболд хэлсэн үгээ хэсэг хугацааны дараа үгүйсгэх эсвэл мартах нь байнга шахуу давтагдаж байна. Анх “Тавантолгой ХК 2017 оны тавдугаар сарын 23-наас нэг сарын хугацаанд бүх үйл ажиллагааг зогсоосон. Зөвхөн “Хуа Лин Тинь жи” гэх хятад компанид нүүрс олборлох эрхийг олгосон байдаг. Гэхдээ үйл ажиллагаагаа зогсоогоод 268 мянган тонн нүүрсийг нэг сард ч багтааж гаргаж болно” гэж маш тодорхой ярьж байсан. Гэтэл хэд хоногийн дараа мань Л.Энхболд өөрөө өөрийгөө үгүйсгээд “хэн хэзээ авсан нь мэдэгдэхгүй, яаж баталсан нь тодорхойгүй, баримт нотолгоогүй зүйлд ард түмний өмчөөр хэн нэгэн эрх мэдэлтэн буюу захирал нь шийдвэр гаргаад төлнө гэсэн баримтад гарын үсэг зурж болохгүй” гээд хэлчихэж. Уг нь 2017 оны 5 дугаар сарын 23 - 6 дугаар сарын 23-ны хооронд “Хуа Лин Тинь жи” компани нүүрсийг сэм зөөчихсөн гэж яриагүй билүү?

Эрдэнэс ТТ ХХК-ийн мэдэгдэл

УИХ-ын гишүүн Л.Энхболдоос нүүрсний хулгайн “хохирогчоор” тогтоочихоод байгаа Эрдэнэс Тавантолгой ХК даруй мэдэгдэл гаргасан нь:

“Тавантолгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол Эрдэнэс Тавантолгой компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэр ч утгаараа нэг ордыг хуваан олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн, хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгардаг.

“Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тн, баруун хэсгээрээ 8.2 мянган тн, нийт 268.3 мянган мн.тн нүүрс олборлосон байна”  гэх мэдээллийн тухайд  хил давж нүүрс олборлосон нь “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авч лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм.

Тодруулбал, арав гаруй жилийн өмнө буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхлээгүй байх үед манай компани олгогдсон талбайдаа уулын ажил, олборлох технологийн явцад зарим газраар хил давсан байдаг. Харин 2016 онд хоёр байгууллагын зүгээс хамтарсан ажлын хэсэг гарган 2011 оноос өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж,  260 гаруй мянган тонн нүүрс олборлосон гэх акт тогтоол гаргасан. Энэ актаар хэдий хэмжээний талбайд олборлолт хийж, ямар чанарын нүүрс олборлосон талаараа нарийвчилж, тогтоон цаашид гарсан алдааг залруулахаар хамтран ажиллаж байгаа болно. “Тавантолгой” ХК-ийн хувьд 2011 оноос хойш буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай тусгай зөвшөөрлийн талбайгаас ямар нэгэн байдлаар хил давж нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Үүнээс баримжаалан төсөөлбөл УИХ-ын гишүүн Л.Энхболд айхтар “шүгэл үлээгч”, нүгэл илчлэгч болох гээд “нүүрсний хулгайн” тухай сүржин үлгэр зохиосон бололтой.  Хохирогч гэгдсэн тал асуудлыг сүржигнэх шаардлагагүй, зөвлөлдөөд, хил хязгаар тодорхойгүй үед олборлогдсон хэмжээг тодорхой болгож байгаагаа мэдэгдсэн нь Л.Энхболдын эгдүү, дургүйг хөдөлгөсөн бололтой ахин мэдээлэл хийв. Энэ удаа түүнд мэдээллийн технологийн мэдлэг, сансрын зургийг тайлан унших чадвараа гайхуулах боломж тохиожээ.

Л.Энхболдын “Эрдэнэс Таван толгой” ХК-аас асуудлыг хохиролгүйгээр шийдсэн, шийдвэрлэсэн гэдэг мэдэгдэл гаргасан байсан. Тэгвэл энэ хоёр компани хамтарч хулгай хийжээ гээд шууд хэлчихье. Яагаад ийм мэдээлэл тарж, нийгэмд дуулиан дэгдээх хүртэл мэдэгдээгүй явсан юм бэ?” гэх асуулт нь өөртөө хариултаа агуулж байна. Дуулиан дэгдээх, шуугиулах, улс төржүүлэх ямар ч шаардлага байсангүй. Учраа ололцоод, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдэх талаар акт үйлдээд, тэрийг нь Мэргэжлийн хяналтын байгууллагууд батлагаажуулаад явж байж.

Ичсэн хүн

Сүржин мэдэгдэлдээ орооцолдсон Л.Энхболд ичиж, бантахдаа “Орон нутгийн удирдлагуудаас 2004, 2005 оны асуудал гэж яриад байгаа. “Эрдэнэс Таван толгой” ХК 2010 онд байгуулагдсан. Тиймээс 2010 оноос өмнө орон нутгийн “Таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хооронд ямар ч эрх зүйн харилцаа байх боломжгүй. Тэгэхээр өнөөдөр ямар учиртай, яагаад заавал Өмнөговьчуудыг өрөнд оруулах гээд байгаа юм, хэрэв “Эрдэнэс таван толгой”ХК байгуулагдахаас өмнө 268 мянган тонн нүүрсийг авсан бол энэ асуудал “Эрдэнэс таван толгой” ХК-д ямар хамаатай юм, тухайн үед байгуулагдаагүй компанидаа яагаад хоосон өр үүсгэж байгаа юм гээд маш олон асуудал үүсч байна” гэсэн нь ахиад л өөрийнхөө урьд хэлсэн үгийг үгүйсгэн ойлгоход бэрх болгож орхив.

Чухамдаа Л.Энхболд өөрөө л удаа дараа Тавантолгой ХК-ийг “хулгай хийсэн” хохирол барагдуул, Эрдэнэс ТТ хэмээх ард түмний өмчөөс авснаа буцаа гэж шаардаж байсан шүү дээ. Энэ хоёр компанийн хооронд эрх зүйн харилцаа байх ёстой гэж шаардаж байснаа асуудал тодорхой болоод ирэхээр “эрх зүйн харилцаа байх учиргүй” гэхийн утгыг ойлгох хүн одоогоор монголд алга байна.

Л.Энхболд гүүглийн сансрын зураг гэж зүйл үзүүлэн “268 мянган тонн нүүрс хэзээ алга болсныг тогтоосон” гэж ярьсан ч үзүүлсэн зураг дээр нь тогтоосон зүйл алга байна. Тэгээд ч Google earth хэмээх программын нарийвчлал нь геодези зураг зүйн нарийн хэмжилтийг заадаггүй, сонирхогчийн түвшний зүйл юм. Нарийн хэмжилтийг кадастрын зураг л тогтоодог. Тийм болохоор ичсэндээ хүн алахын үлгэрээр “мэдээллийн техник технологио мэдэхгүй хулгай хийсэн тэд тэнэг байна” хэмээн дөвчигнөхийн оронд кадастрын багаж, төхөөрөмжтэй мэргэжлийн хүмүүсийн зургийг баримталж сурах хэрэгтэй. Дэлхий дээрх бүх газрын алба Google earth бус мэргэжлийн төхөөрөмж ашиглаж зураглал хийж байгаа. Мэдээллийн технологийн өнгөц ойлголттой хүн нь Л.Энхболд өөрөө юм уу.

Далд санаархал

Л.Энхболдын ойлгомжгүй яриануудаас ойлгогдож байгаа хэдэн зүйл нь явж явж “нүүрсний хулгай” гэж шуугиулж байгаад орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ний удирдлагыг гартаа авах сонирхол л юм. Ийм учраас Л.Энхболд “Р.Сэддорж хариуцлага хүлээгээд Өмнөговь аймгийн “Таван толгой” ХК-иас зайлах ёстой, явдаг газар руугаа явах ёстой” гэж хэлсэн байх. Зайлуулаад дараа нь өөрийнх нь сонирхлоор хөдлөх хүн тавих ёстой болов уу.

Гэвч компанийн тухай хуулиар хувьцаат компанийн удирдлагыг хэн нэг улс төрч бус хувьцаа эзэмшигчдийг Төлөөлөн Удирдах Зөвлөл л чөлөөлөх, томилох ёстой.

Л.Энхболдын ээдэрч орооцолдсон элдэв үг дотор “1998 онд Тавантолгойн 49 хувь миний хувь байсан. Тэр хувьцаа бол миний зөвшөөрөлгүй хэн нэгний гарт очсон” гэсэн өгүүлбэр байгаа нь мань хүний далд сонирхлыг илчилж байж магад юм.  Энд ахиад л итгэхэд бэрх логик үүснэ. Монголын Хөрөнгийн биржийг ноцтой гэмт хэрэгт холбогдуулахаар утга гарч байна. Хувьцаа эзэмшигчийн нэр дээр байгаа хувьцааг эзэнд нь мэдэгдэлгүйгээр хэн нэгний гарт оруулах ямар ч боломж бирж дээр байхгүй. Зөвхөн хэлцэл, арилжаагаар дамжин хувьцааг шилжүүлдэг журамтай. Гэтэл 49 хувь эзэмшиж байгааг нотлох хувьцааг Л.Энхболдод мэдэгдэлгүйгээр хэн нэгэнд шилжүүлэх ямар арга нууц байв? Ийм луйвар явагдаж байхад мань хүн цайлган сэтгэлээр “надад нэг кг ч нүүрсний сонирхол байхгүй гэдгийг харуулахын тулд маргаан үүсгэхгүй” гээд суусан болж таарах гээд байгаа юм.

Одоо гаргаж байгаа араншин, сүржигнэл дөвчигнөлөөс дүгнэхэд хэрвээ Тавантолгой ХК-ийн 49 хувь Л.Энхболдын мэдэлд байсан бол Өмнөговьчуудыг байтугай нийт монголчуудыг амар тайван суулгахааргүй хүн юм. Эрхэм гишүүн Л.Энхболдын богинохон хугацаанд гаргасан араншин, тавьтиргүйтэл зэргийг ажиж байх нь ээ их шүлэгч Рэнчингийн Чойномын мөрүүд санаанд орно.

                         Эрийгээ үхсэний маргааш өөр хүнтэй банзалдсан

                       Эмийн шинжтэй манай төр…

                       Шүгэлдэх гээд чадахгүй байгаа

                       Шүдгүй чавганц шиг уухилах манай түшмэл

М.Болд

Эх сурвалж: BOLOD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57170
0 эможи

keyboard_arrow_up